Дулаалга аяны нээлт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав төвд зохион байгуулагдлаа


Дэлхийн Банкны Улаанбаатар Цэвэр агаар төсөл Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран “Дулаалга аян”-ыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж, нээлтийн үйл ажиллагаа, иргэдэд зориулсан үзүүлэх сургалтыг 2017 оны 5-р сарын 29-нд Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний үндсэн төвд 11:00 цагт зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Дулаалга аяны зохион байгуулалт, үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ байшин сууцаа хэрхэн дулаалах мэргэжлийн зөвлөмжийг танилцуулах үзүүлэх сургалтыг Барилгын Эрчим Хүч хэмнэлтийн төв зохион байгууллаа. Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор “Дулаалга аян”-ыг санаачлан хэрэгжүүлж, нийслэлийн 200 өрхөд дулаалгатай болон дулаалгагүй үеийн дулаан алдалтын байдал, түлшний хэрэглээ, галлагааны тоо давтамжийг харьцуулан тогтоох туршилтын ажлыг эхлүүлэх юм.  “Дулаалга” аян нь байшингаа дулаалах замаар түлшний хэрэглээгээ багасгаж, агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг уриалан дуудах, бодит туршлага, мэргэжлийн зөвлөмжийг энгийн ойлгомжтой хэлбэрээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэх юм.
Аяныг хэрэгжүүлэх үе шат:
Дулаан алдалтын хэмжилт 1:Аянд хамрагдах өрх бүрийн байшинд мэргэжлийн баг зориулалтын багаж, төхөөрөмжөөр хэмжилт хийж агаар сэлгэлт, битүүмжлэл, сийгэлттэй хэсгийн байршлыг тогтооно. Дулаалга хийхээс өмнөх үеийн түлшний хэрэглээ, галлагааны давтамж зэрэг тухайн айлын хэрэглээ, зан үйлтэй холбоотой нэмэлт мэдээллийг цуглуулж мэдээллийн сан бүрдүүлнэ.
Зөвлөмж, тооцоо:Хэмжилтийн үр дүнд үндэслэн тухайн байшингийн хийц, насжилт, дулаан алдаж буй хэсгийн онцлогоос хамааран битүүмжлэлийг хэрхэн сайжруулах мэргэжлийн зөвлөмж, саналыг боловсруулна. Аянд хамрагдаж буй өрх бүрт тусгай мэдээллийн сан үүсгэн, хөтлөлт хийнэ.
Сонголт:Мэргэжлийн багийн зөвлөмжийн дагуу хэрэглэгч буюу тухайн өрх дулаалгын материалаас сонголт хийж холбогдох гэрээг байгуулна.
Дулаалга:Тухайн өрх нь өөрсдийн хөдөлмөр оролцоо, хөрөнгө оруулалт, төслийн татаасанд тулгуурлан мэргэжлийн зөвлөмжийн дагуу байшингаа дулаална.
Дулаан алдалтын хэмжилт 2:Дулаалга хийсний дараа дулаан алдалтын хэмжилтийг дахин хийж дулаалгаас өмнөх болон дараах байдлыг харьцуулан дүн шинжилгээ хийнэ.
Туршлага, сургамж:Аянд хамрагдсан айл өрхүүд дулаалгын үр нөлөө, өөрчлөлт, сэтгэл ханамж зэрэг өөрсдийн бодит туршлага, сургамжаа нийслэлийн нийт иргэд, олон нийтэд танилцуулах, мэдээлэл, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулна.


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан