Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр                                    Улаанбаатар хот
Дугаар 02
 АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
 1.Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай:
1/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмж, Монгол Улсын Их Хурлын агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны 01 дүгээр, 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хуралд 2018 оны 02 дугаар сарын 01-ний дотор танилцуулах;
2/нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах асуудлыг тухайлан хариуцах төрийн захиргааны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагатай тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх, агаар орчныг бохирдуулж байгаа асуудалд хариуцлагын тогтолцоог цогц тодорхой тусгасан шинэ хуулийн төсөл, холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслийг 2017 оны намрын чуулганы хугацаанд боловсруулж, өргөн мэдүүлэх;
3/Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлэх, аян өрнүүлэх, дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, төрийн зарим байгууллага болон төрийн өмчит их, дээд сургуулийг хотоос гаргах, тэдгээрийг холбосон хурдны зам, метро байгуулах урьдчилсан тооцоо судалгаа хийж, нийслэл хотын зарим чиг үүргийг аймгийн зэрэглэлтэй болон дагуул хот руу шилжүүлэх зэрэг асуудлыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан судалж, холбогдох шийдвэрийг гаргах;
4/төсвийн байгууллагын халаалтын нам даралтын зууханд улсын төсвийн хөрөнгөөр, хувийн аж ахуйн нэгж, байгууллагад урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр технологийн шинэчлэл хийх ажлыг 2018 оноос эхлүүлэх, тэдгээрийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системд холбох, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж Улаанбаатар хотод байгаа түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудыг 2019 оноос хаах, чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн оновчтой бодлогоор дэмжих, зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5/гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбох, аймгийн төвүүд болон Улаанбаатар хотод баригдаж бэлэн болсон, зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцны тооцоолол судалгааг нарийвчлан гаргаж, тэдгээрт гэр хорооллын иргэдийг оруулах талаар арилжааны банкууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран судалж, 2018 оны эхний хагас жилд багтаан холбогдох шийдвэрийг гаргах;
6/агаарын бохирдлыг бууруулах, агаарын бохирдлоос иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, олон улсын дэвшилтэт техник технологийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагаас гаргасан аливаа санал санаачилга, үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжиж, татварын болон санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, хотын ногоон байгууламжийг өргөтгөх, хог хаягдлын менежментийг сайжруулах;
7/агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж, хэрэгжүүлэх.
2.Тогтоолын биелэлтийн явцыг тухайн жилийн улирал тутам Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд, тогтоолын хэрэгжилтийн талаар 2018 оны дөрөвдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо /Л.Элдэв-Очир/, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Ё.Баатарбилэг/-нд үүрэг болгосугай.
 
 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан