“ӨЛЗИЙ” ЗУУХ ӨЛЗИЙГӨӨ ӨГСӨН ГАЛ ГОЛОМТ МИНЬ БОЛСОН


Дээр нь хийж байгаа модоо хэтэрхий нарийн жиргэх хэрэггүй. Дунд зэрэг цуулаад голд нь нарийн жиргэснээ хий. Яг дээд нүхнийхээ харалдаа асаад захруугаа мод нь асаагүй байдаг, тэр үед нь тагаа жаахан сөхөж байгаад шатаагүй модоо голлуулаад өгөхөөр сайн шатна. Нүүрсийг бол өвлийн их хүйтэнд доторлогоотой нь чацуулж дүүргэ. Том ширхэгтэй нүүрсээ доор нь хийнэ. Завсар зайг нь жижиг ширхэгтэй нүүрсээр дүүргэж өгөх хэрэгтэй. Зай завсар үлдээж болохгүй. Хамаагүй том том нүүрс хийвэл гал нь доошоо ороод дээрээс шатах бус доороос шатах болчихдог юм шүү. Үүний тулд нүүрсээ хоёр саванд том жижигээр нь ялгаж бэлдсэн байх хэрэгтэй. Эхний үед гурван сонингоор асаадаг байсан. Одоо барилыг нь авчихаад нэг сонингоор гурван удаа гал ноцоодог болсон.
(Манай том хүүгийн байшинд “Хас” зуух бий. Энэ тухай дараа тусад нь бичнэ. Зарчим нь яг “Өлзий” зуух. Барьсан байшин нь зуухандаа томдсон бололтой, олон асуудал үүссэн...) Үнс гаргах шинээр галлах чинь бас хариуцлагатай. Нэг удаа хамаг юмыг нь хаачихаад байхад шатааж алчих гээд болдоггүй, хаалгаа ойнгойлголоо. Өвгөн байхгүй байж таарахгүй юу. Орой болж байсан байх, өвгөн маань овоо эрт ирлээ. Яачихсан юм бэ, мэдэхгүй шатааж алах нь ээ. Өвгөн үнсний савны хаалганы түгжээг эргүүлж үзэж байснаа, буруу тийш нь эргүүлж түгжээд зай гаргачихсан байна гээд, нар буруу эргэж чангардаг юм гэж байсан шүү. Бас түгжээ нь суларчихсан байна гээд салгаж авч байгаад шайба нэмсэн гэж ярьж байсан. Дараа нь ахиад удирдагдахгүй халдаг болсон чинь, тэр удаа манай хүргэн галласан юм билээ.
Орой орж ирсэн чинь нэг хашаанд байдаг хүргэн маань ээжээ гал түлчихсэн гэхээр нь овоодоо гэж бодоод гэртээ орсон чинь, шатааж алах нь ээ, гадуур хувцасаа тайлаад болохгүй болхоор нь ноосон өмд, цамцаа хүртэл тайлаад, хаалгаа онгойлгоод, санамсаргүй баганаасаа барьтал халцгай гээд гараа түлэх шахлаа. Тооно, багана улайсаад будаг нь үнэртэж байна. Баганан дээр хэрэггүй болсон термометртэй асаагуур тогтоочихсон байдгыг харсан чинь 56 хэм зааж байсан. Дээд нүхээр өгдөг агаарыг (хоёрдагч агаар гэдэг юм гэсэн) хаасан байна, арын доод нүхээр өгдөг (ул ширмэн доороос өгдөг агаарыг анхдагч агаар гэдэг юм гэнэлээ) агаарыг хаасан байна. Үнсний савны хаалга л дутуу байна даа гэж бодоод харсан чинь тийм байна. Түлхээд хаах гэсэн чинь хаагддаггүй. Үнсний шургуулга нь тээгэлчихээд хаагдахгүй юм. Үгүй ямар нүгэлтэй эд вэ? гээд шургуулгыг нь сугалаад харсан чинь ар талд нь овоорсон үнс, том шлакыг авалгүй, шургуулгатай үнсийг нь гаргаж асгачихаад, буцааж шургуулаад хаалга нь хаагдахгүй болхоор нь тэр чигт нь хаячихгүй юу. Яг энэ үед үнсний хутгуур хэрэг болдог юм, шургуулгыг нь аваад доод зайны ард овоорсон, үнс, шлакыг сайн цэвэрлэж бай. Ер нь үнсний шургуулгыг дүүрээд халихаас нь өмнө залхууралгүй, үнсийг нь гаргаж байгаач гэж би хүүхдүүддээ хэлээд л байгаа. Өчигдөрхөндөө, манай охин дуртай, дургүй, гуйлгаж байж гал түлж өгсөн болоод унтсан чинь байдаггүй ээ. Асдаггүй. Үзэг балны гэр, фломастер шатаж болох бүхнийг хийгээд байхгүй. Гараад харахаар яндангаас зүгээр л бүтэн тэр чигтээ л утаа баагаад байх. За аав чинь ирж л учрыг нь олох юм байлгүй гээд хэвтэж байтал өвгөн ч ирлээ. Нилээн ууртай ирсэн юмаа. Ээ чааваас, үнсээ гаргаагүй галладаг эм хүн байдаг юм байх даа, үнс нь тулчихсан л байна гээд хоёр дахиж үнс гаргаад, хэн гал түлсэн юм бэ, ул ширмэн дээр нь цог үлдсэн л юм байна, доороосоо асах гээд утаа баагаад байхад дээрээс нь асаана гэж битгий горьдоо, үлдэгдэл цогыг нь өөр саванд авч байгаад дээрээс нь хийчихвэл бүр сайн байдаг байхгүй юу, мал аж ахуйнуудаа нэгэнт доороос асах гээд утаа баагаад байгаа юмыг ингээд орхихоос өөр ямарч арга байхгүй шөнөдөө асна, унт гэж байна. Яг хэлснээр нь шөнөдөө асаад дулаахан хоносон, ингэж цогон дээрээс нь нүүрсээ хийгээд байвал, утааг багасгах гэдгийг үл ойшоосон хэрэг болно!
Манай таван ханатай гэр дээвэр, туурга хоёулаа давхар, хаяагаа сайн манасан болхоор нүүрс бага орноо. Үүдний шал хэтэрхий урт гадагшаа гарсан байх чинь бас дэмий юм билээ. Босгоноос нааш хоёр давхар эсгий дэвссэн. Тэр урт гарсан шалыг энэ зун тайраад богиносгоод өгөөч гэж би хэлээд л байгаа юм. Зуны борооны ус бас орж ирээд байдаг юм шүү дээ. Одооны залуучууд хайнга улсдаа. Дээд таг чинь жижиг мээм шиг юмтай тэр нь хоногондоо орох ёстой юм шүүдээ. Хоногыг нь зөрүүлээд тавьчихвал бас дэндүү халаад байдаг юм.
Гал чинь нүүрсний үерүүгээ ороод цэнхэр дөл гараад эхэлсэн бол хоёрдагч агаарын тагыг (Ашиглалтын заавар дээр дусал хэлбэрийн таг гэсэн байдаг) хаагаад орхи. Тэгээд галын их багыг хойтох нүхийг (анхдагч агаар) ихэсгэж, багасгаад хэт халах шинжтэй бол бүр хаачихсан ч болно, унтрана гэж байхгүй. Манайх өглөө галлаад өвлийн их хүйтэнд ч орой болтол санаа зовох юмгүй өдрийг авдаг. Галгүй өнжсөн юм уу, шөнөдөө галгүй хоноод өглөө галлахад аажим хална гэдгийг тооцоолох хэрэгтэй. Шинээр галлахаас залхуураад эсвэл хурдан халаах  гэж цогон дээрээс нь нүүрс хийвэл өнөө утааг багасгах гэдэг чинь худлаа болно!!! Дээрээс галлана гэдэг чинь хийн генераторын зарчмаар нүүрсийг шатааж байгаа, түүхий нүүрсийг хагас хийжүүлж шатааж байгаа юм билээ. Би чинь насаараа химийн лаборант хийсэн болохоор шаталтын процесс энэ тэрийг жаахан гадарлана шүү. Илүү үг хэлхэд ханан пийшинд ийм зуух тохиромжгүй, тэсрэлт гараад байдаг нь үүнтэй л холбоотой байх. Бүх агаарыг хааж байгаад, за сэрүүн болж байна шүү, хойтох нүхийг нь онгойлго гээд дээд нүхийг завсар гаргаад харж байхад бараг хар юм харагдаж байснаа энд тэнд улайгаад эхэлж байна. Тэгж тэгж байгаад анхны цэнхэр дөл үүсэхтэй зэрэг пүн гээд тэсэрдэг юм, бүр дээд тагаа хөөртөл шиднэ шүү. Манай бага хүүгийнд бас“Хас” зуух өгсөн. Ханан пийшинд тэсрэлт гардаг гэхээр нь тавиулаагүй, хуучинаа тушаачихсан болхоор захаас энгийн пийшин аваад тавьсан. Дээд ширмэн тагаа хөөрөөд буутал тэсэрч байгаа юм чинь тэр муу шар шавраар барьсан ханан пийшинг зад татахгүй яахав. Тэр турк Улсад нь ханан пийшинд ийм зуухыг холбодог юмуу үгүй юм уу ёстой бүү мэд, дарга сайд нар Турк яваад л байдаг мэдээд ирж болдоггүй юм байхдаа. Ханан пийшинд холбож болно л гэх юм болохгүй л гэх юм ёстой бүү мэд. Манай өвгөн болохгүй гэж байна лээ. Манай өвгөн үхэр шиг зөрүүд болохоос биш гарын дүйтэй, техникийн сэтгэлгээтэй  хүн л дээ. Муу эр эхнэрээ магтдаг гэхчээр муу эмгэн өвгөнөө магтдаг юм байна даа. Шалаа хөрөөдөөд, доош нь нүх ухаад, тойруулж цемент цутгаад “Өлзий” зуухыг чинь нүхэн дотроо тавилаа. Үнсний амыг нээх, шургуулгаа сугалхын тулд урд нь нилээн зай гаргаад тэрэн дээр нь нингэн төмөр тавьсан, бас бариултай, авч тавихад эвтэйхэн. Эхлээд энэ нүхрүү чинь хог ороод байх юм гэж би жаахан өөлж байсан чинь, тооно улайсхаа болиод, гэр бүр дулаан болоод, өнөө өндөр зуух чинь намхан харагддаг, орж ирсэн хүн танай зуух яасан намхан юм бэ? Бусад айлынх өндөр байдаг биш билүү гээд байна лээ. Эрчим хүчний хэмнэлттэй зуух сурталчилж байгаа, компетер (компьютер) тавьчихсан сууж байдаг охид, хөвүүд шалан дээрээ тоосго тавиад бүр өндөр болгочихсон нь нүүр төөнөөд байхаас биш, бөөр хүйт оргиод доогуур бол хүйтэн л байна лээ дээ. Доош нь нүх ухаад суулгаад сурталчлаач гэсэн чинь энэ эмгэн бидэнд заах нь уу гэсэн шиг ёстой гэлмэггүй (тоох шинжгүй) хүүхдүүд бололтой билээ. За за хүнд хэрэг болох болтугай, баахан л юм бурчихлаа. Ер нь хүн хэлэхээс наашгүй гэхчээр амьдралын туршилгаа та нартай хуваалцъя л гэсэн юм. Баруун хашаанд байдаг дүүгийн маань эхнэр, манай бэр Туяа одоо болтол, зуухаа галлаж мэддэггүй, хамаг юм нь онгорхой, цогон дээрээс нь нүүрс хийхгүй бол гэр халдаггүй юмаа, өдөрт гурав галлах юм, ёстой нүүрсний мангас юмаа гэж байна лээ. Дээд ширмэн дээр асгарсан нүүрсний нунтагаа ч шүүрдчихгүй угаар үнэртээд, миний толгой бол өвдөх юм билээ, тэд нар тоож байгаа ч юм алга. Яндангий нь сугалаад хүхээг нь хаяа үзэж, халбагаар үнсийг нь авч байхгүй бол таталт мууддаг бололтой юм билээ. Сураагүй л байхгүй юу. Би зөндөө хэлсэн хүний үг авахгүй юм чинь яах юм бэ. Цогон дээрээс нь нүүрс хийдэг айлыг мэдхэд ядах юмгүй, өдөржин утаа баагаад л байдаг юм. Номоор нь галлаж байгаа айл бол андашгүй эхлээд жаахан утаа гарч байгаад, дараа нь зэрэглээ шиг л юм сүүмэлзээд байхаас утаа гардаггүй юм байхгүй юу. “Өлзий” зуух манайд л лав өлзийгөө өгсөн шүү, за байз энэ зуухыг авсан өдөр чинь манай бага охин төрөөд (2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 10 минутад) одоо энэ сөөсгөр шүү дээ Т.Сод-Эрдэнэ гэдэг охин байгаа. Бас нэг чухал юм хэлэхээ мартах шахлаа байна. Анх заавар өгч байсан “Сэлэнгэконстракшн”-ны багачуул  яндангийн залгаасыг доош нь харуулж хий, энэ хоёр жижиг нүх чинь дээд тал нь гэсэн үг гэлээ. Муухай үнэртэй шингэн юм гоожоод толгой өвдөөд хэцүү байлаа. Өвгөн залгаасыг нь дээш нь харуулаад хийвэл энэ муухай үнэртэй юм яндан дотуураа гоождог болох ёстой, хүхээндээ амсах болов уу яах бол  гэж гэж, хүхээний амсарыг ширүүн зүлгүүрээр жаахан зүлгэж байгаад хийсэн чинь орж л байна билээ. Доор нь хоёр жижигхэн нүх гардаг юм, тэрийг нь бүдүүн хөнгөн цагаан шургуулаад тавлачихсан. Одоо ч “Дөл” зуух бид хоёр найз болсон, тооноор гарсан хоёр залгаас л цоорчихоод жилд нэг солиулах юмдаа, өвгөн сайн төмрөөр өөрөө яндан хийнэ л гэх юм хэзээ хийх юм бүү мэд. Бодох гэж гурван сар, хийх гэж гурван жил ч болж мэдэх л хүндээ. Одоо энэ гурван ой өнгөрч байгаа охиныг төрж байхаддаа, тоононы раам хийнэ гээд мод харуулдаж байсан, өнгөрсөн намар раам хийж, шиллэж, замаскдаж, будаад дуусгасан хүн шүү дээ. Зориг сайдын ажлын албанаас ярьж байна гээд нэг охин утасддаг, манайхыг зуухаа сайн ашигладаг туршлагаа бичиж өг гэж байсан, мянга дахь худалдан авагч болсон, “20 мянгын” Зориг гээд муу хэлээд байдаг, яагаав Эрчим хүчний сайд байсан залуу чинь гарын үсэгтэй дарцагаа хүртэл өгсөн юм шүү дээ, көөркийс одоо хаана явдаг юм бол сураггүй л байх юм. Сайн л яваа бол яахав, миний хүүхдээс ялгаа юу байхав, тосоор гоожтоно.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн, өндөр настан Лувсангийн Наранцэцэг
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан