Д.БАТ-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР, НИЙСЛЭЛ, ИРГЭД ХАМТДАА УТААТАЙ ТЭМЦЭЖ ЭХЭЛЛЭЭ


Харин энэ жилээс Ерөнхийлөгчийн дэргэдээс татан буугдаад Ерөнхий сайдын дэргэд шинэчлэгдэн байгуулагдсан. Өмнө нь утааг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа хийгдэж байгаа боловч хүчтэй байсангүй, гэхдээ юм хийгээгүй биш хийж байсан. Өнөөг хүртэл тухайн үндэсний хорооны бодлого шийдвэрээр 200-аад тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Мянганы сорилтын сангийн шугамаар айлын дээвэр, туургыг сольж өгч байсан, үүдний амбаар өгч байсан, сайжруулсан зуухыг тарааж байсан, одоо ч тарааж байгаа. Мөн цахилгааны хөнгөлөлтийг ч үзүүлж байв. Гэхдээ хийсэн ажлын үр дүн ард түмэнд харагдахгүй байгаад л шүүмжлэлийн гол бай болоод байсан юм.
 Энэ жилээс эхлээд Ерөнхий сайд хажуудаа үндэсний хороог байгуулсан. Түүнээс хойш Засгийн газрын тэргүүн өглөө бүр 09,00 цагаас утааныхныг дуудуулж, ямар асуудал байна, цаашдаа юу хийх ёстой вэ, хэн хэн ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ гээд  хурал хийдэг. Бид чинь утааныхан гэдэг хочтой болсон шүү дээ.   Сар гаран ярилцсаны эцэст ерөнхий чиг баримжаагаа ялгаж хардаг болсон. Өмнө нь утааг алга болгоё гэж ярьдаг хэдхэн хүн байсан. Харин одоо хүн бүр дор бүрнээ хариуцлагатай ажиллая гэж байгаа. Засгийн газар, нийслэл хот, байгууллага, аж ахуйн нэгж юу хийх вэ,  иргэд, сэтгүүлчид ямар хариуцлага хүлээж  яаж ажиллах талаар заасан байгаа юм. Ингээд утааны эсрэг дор бүрнээ хийх ажлаа хүлээгээд авчихсан байгаа. Утаа гамшгийн асуудалтай байгаа хэдий боловч  өнөөдрийг хүртэл утааг арилгах тал дээр төсөв мөнгийг тийм ч хангалттай төсөвлөж байгаагүй. Энэ жилээс эхлээд дорвитой ажил хийе, Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлье гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Үүнд нийслэлээс юу хийх талаар төлөвлөсөн.
-Нийслэлээс төлөвлөсөн ямар ажлууд байна?
-Сайжруулсан зуухыг дэлхийн банкны санхүүжилтээр тарааж байгаа. Гэр хороололд 189,000 өрх айл байгаа гэж тооцоолоход 170.000 хүрээд зогсож байна. Тэгэхээр Ерөнхий сайд 170,000-аас дээш гарсан зуухны хэрэглээг Засгийн газар даахгүй, Улаанбаатар өөрсдөө шийд гэсэн үүрэг өгсөн. Утаа бол Улаанбаатарын асуудал шүү, та нар яагаад ажил хийхгүй байна гэж шүүмжилдэг. Бид шүүмжлэлийг авч байна.  Тиймээс сайжруулсан зуухны үйлдвэрийг Улаанбаатарт байгуулахаар боллоо. Мөн Улаанбаатарт утаа гаргадаг яндан хэд байна гэсэн хяналт байхгүй байсан.  Одоо хяналтын тогтолцоог сайжруулахаар болсон. Зөв галлалтыг иргэддээ сургаж, хуучин дадал зуршлыг халуулахаар ажиллаж байна. Одооны энэ шинэ зуух эхлээд нүүрсээ тэгээд модоо цаасаа тавиад асаадаг. Зөв галласнаар эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалж, эдийн засгаа хэмнэнэ. Энэ гурван хөнөөлийг иргэддээ сайн зааж, хуучин дадал зуршлыг 360 градус эргүүлнэ. Үүнээс гадна агаарын чанарын бүсчлэлийг тогтооно. Түүхий нүүрсийг аль болох түлүүлэхгүй байх талаар чармайж байна. Энэ оноос сайжруулсан зуух, сайжруулсан түлш, зөв галлагаа гэсэн гурван зүйлийг хэвшүүлэхийг хичээнэ. Улаанбаатар хотын дүрэмд та энэ хотод амьдрах гэж байгаа бол сайжруулсан зуухыг хэрэглэ гэсэн журамтай.  Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын төв зам дагуу үйлчилгээ явуулдаг жижиг жижиг үйлчилгээний газрууд 4000 гаруй байна. Тэдний халаалтын хэрэглээ зууханд гал түлж, түүхий нүүрс хэрэглэж байна. Тиймээс тэдэнд зориулсан бас нэг журам гаргахаар болж байгаа. Түүхий нүүрс түлж утаа гаргалгүй газ юм уу, цахилгаанаар халаа гэсэн чиглэлийг өгч байна. Мөн гэр хорооллын барилгажилтыг эрчимжүүлж 20 газрыг дахин төлөвлөгөөнд оруулж баталсан. Энэ жилээс эхний газар чөлөөлсөн газрынхаа барилгажуулалтыг эрчимтэй хийж эхэлнэ. Хэсэгчилсэн дулааны сүлжээг бий болгоно гээд төлөвлөсөн ажил их бий. Энэ нь 500 айл гал түлж 500 яндангаас утаа гарах биш нэг яндантай 500 айл дулаанаа авах системийг бий болгохоор төлөвлөж ажиллаж байна. Агаарын бохирдлын тодорхой хувийг гаргаж байгаа автомашины яндангаас гарах хорт хийг хэр­хэн багасгах талаар то­дор­хой ажлууд шат дараатай хийгдэж байна. Үүнд, нийс­лэлд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн түлшний чанарыг сайжруулах хэрэгтэй. Түлшийг нь сайжуул­даг автохимийн бодисыг хэрэглэж занших талаар су­дал­гаа хийж байна. Мөн за­рим нэг техник, хуучирсан ма­шинуудыг насжилтаар нь анги­­лан хөдөлгөөнд оролцуу­лах, бүр зарим нэгийг нь хорих шаардлага бий.
-Зөв галлах аргыг иргэдэд төлөвшүүлнэ гэж байна. Ерөнхий сайд хүртэл галлах аргыг иргэдэд зааж өгснөөс үүдээд нэлээд шүүмжлэлд өртсөн. Үнэхээр хүмүүсийн гал түлэх хуучин арга халагдах болов уу?
-Сайжруулсан зуухнаас 15-ыг шалгаруулж, түүнээс дөрөв нь тэнцсэн. Эдгээр дөрвөн зуух нь дээрээсээ шаталттай нэг ижил технологитой. Бид шүдэнз зураад дээшээ харуулахаар удаан шатдаг, харин доошоо харуулвал хурдан шатаж дуусдаг шүү дээ. Энэ зуухны технологи яг л ийм технологитой. Тэгэхээр яах аргагүй иргэдийн дадал зуршлыг халах болж байгаа юм. Хуучин уламжлалт зуухнууд хоёр цаг тутам галлаж байгаа бол төслийн зуухтай айл найман цаг тутам галлана. Ингэснээр эдийн засагт ч тун хэмнэлт гарна. Хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд иргэд хөгжлийн хурдтай нийцэж л алхах ёстой. Иргэддээ ойлгуулах гэж зүтгээд байхад сэтгүүлчид их шүүмжлэх юм. Уг нь нийгэмд мэдээлэл түгээж байгаа сэтгүүлч та бүхэн зөв талаас нь зааж ойлгуулаад өгвөл зүгээр байх юм. Утааг бууруулах нь нэг хүний, нэг хотын хийдэг ажил биш. Хүн бүхэн гар бие оролцож хийх ёстой.
- Айлууд уламжлалт зуухаа бүрэн шаталттай зуухаар сольсноор агаарын бохирдол буурна гэж үү. Харин ч утаа ихсээд байх шиг харагдах юм?
- Одоо байгаа утаа 50 хувь буурсан ч  харагдаж байгаа мананцар хэвээрээ л байна. Утаа дотроо нэгдэлтэй. Утаанд агуулагдах химийн элементүүдийн агаарт хөөрч байгаа хорыг 100 хувь шаталттай зуух шүүж авдаг. Тухайлбал яндангаас гарсан хар хөө гэрийн гадуур нэвсийсэн байдаг даа. Тэр тоосонцоруудыг шүүгээд сайн шатааж чадах юм бол дээшээ дэгдэхгүй. Тэгэхээр утаа өөрөө өнгөгүй гарна. Хортой элементүүдийг багасгаж байгаа. Агаарын бохирдлыг энэ зуухны ачаар 30-40 хувь бууруулж чадна гэж үзэж байгаа. Энэ зуух маань удаан хугацаанд дулаанаа барина. Ариун цэврийн хувьд цэвэрхэн, өнгө үзэмжтэй. Хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй. Гэр хорооллын нэг айл жилд 10 тн нүүрс түлдэг байсан бол энэ зуухыг хэрэглэснээр 30 хувь хэмнэж, долоон тонн нүүрс хэрэглэдэг болох юм.
-Утааны хор багасч байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Утааны эх үүсвэр дээр очоод хэмжилт хийхээр багасч байгаа үр дүн харагдаж байна.  Утааны харагдах байдлыг хараад хүмүүс утаа багасч байгаа гэсэн нь хаана байна гэдэг. Утааны бууралтыг үндсэн элементүүдээр нь түшиглэж харуулдаг. Утааны улирал 10-аас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Ер нь утааг бууруулах тал дээр хүн бүр хүчин зүтгэх ёстой. Утааг хэн нэгэн харь гаригийн хүн авчраад тавьчхаагүй биз дээ. Бид өөрсдөө л утаа гаргаж байгаа юм чинь үүнийг бууруулах тал дээр хүн бүрийн зүтгэл, сэтгэл хэрэгтэй. Мөн утаанаас биеэ хамгаалдаг дадалд сурах хэрэгтэй байна. Идэр есийн хүйтэнд дан цамцтай гараад гүйвэл юу болох вэ гэдгийг хүн бүр мэднэ. Тэгээд зузаан хувцас өмсөнө. Үүний нэгэн адил утаа ирж байна гээд биеэ хамгаалах дадалд сурах ёстой. Тухайлбал дор бүрээ маск зүүх хэрэгтэй. Гэхдээ зүгээр бидний өдөр тутамдаа хэрэглэдэг маск тоос тоосонцорыг шүүдэггүй. Тэгэхээр тоос тоосонцор, агаарын бохирдлыг шүүдэг сайн чанарын маск хэрэглэж хэвших нь зөв. Иргэд эрүүл мэндийн талаасаа өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй юм. Утаа маш хэцүү байгааг мэднэ. Утаа гэдэг бол тоос тоосонцорын нэгдэл. Утаанаас гадна тоос тоосонцор байна. Бидний үсний ширхэгээс 100-1000 дахин жижиг тоосонцор ямар ч шүүлтгүйгээр бидний уушиг руу орж байна. Түүнийг бид юугаар ч хамгаалж чадахгүй, уушгиа хордуулж байна шүү дээ. Хэрвээ бид зуухаа зөв ашиглаж чадвал тэр тоос тоосонцор 90 хувь хүртэл багасах боломжтой.
-Сайн чанарын маск зүүх хэрэгтэй гэж байна. Ер нь саяхан бас цэвэр агаар сангийнхны хэргээс үүдээд утаагаар бизнес хийгчид олширчихсон юм биш үү гэсэн хардлага төрж байна. Нэг хэсэг гэрийн дээвэр, туурга өгөөд л байсан. Энэ утаагүй зуух ч бизнес биш үү?
-Иргэд бол хардах эрхтэй. Дээвэр, туурга, гонх зэрэг мянганы сорилтын санхүүжилтээр явагдсан. Ер нь төрийг ажил хийсэнгүй, мөнгө төгрөг идэж уусан гээд шүүмжлэл их явдаг. Хариуцлага алдсан хүмүүс бол бий. Харин төр иргэдээ аль болохоор л дэмжиж байна.  Иргэд маань тэр дэмжлэгийг зөв л хэрэглэвэл уг нь зүгээр юм. Тухайлбал таньд би цоо шинэ машин авч өгөөд үүнийг хэрэглэ гэвэл та бензин биш ус хийгээд байвал ажиллахгүй биз дээ. Эсвэл бинзен биш солярка хийгээд байвал машин эвдэрнэ шүү дээ. Үүнтэй нэгэн адил. Төслийн сайжруулсан зуух хэдэн жилдээ хэрэгтэй. Цаашид бид илүү сайн зуух хэрэглэнэ. Түлш нь өөрчлөгдөөд газ юм уу хийн зуухтай болно. Ер нь бүхэл бүтэн 1,2 сая хүний эрүүл мэнд, аюулгүй байдлаар бизнес хийж болохгүй.
-Төслийн зуух аваагүй, зарсан иргэдийг хотоос хөөж гаргана гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?
-Хариуцлага ярихаас өөр аргагүй. Төслийн зуухыг аль болох хотынхоо гал түлдэг айлуудад өгч байгаа. 415.000 төгрөгний зуухыг 35.000 төгрөгөөр 92 хувийн хөнгөлөлттэй өгч байна. Наймхан хувийн өртгөөр өгч байхад зарж худалдаалаад явж болохгүй шүү дээ. Ер нь анх авахад нь худалдан авах гэрээ байгуулдаг. Тус гэрээнд цааш нь дамлан зарж болохгүй. Өөр газар аваачиж болохгүй. Зөвхөн өөртөө л хэрэглэ гээд үүнийг зөвшөөрч байна уу гэсэн заалттай. Хүмүүс ч зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зураад авдаг. Хэрвээ зөвшөөрөхгүй бол агаарын тухай хуулийн ... заалтыг баримтлан буцааж 415,000 төгрөгийг төлнө шүү гэсэн байдаг. Саяхан аудитын газартай хамтраад шалгалт явуулахад 2000 гаруй айлаас 200 гаруй айл ийм зөрчил гаргасан байна. Харин утаагүй зуух аваагүй айлуудыг хотоос гаргана гэж яриагүй. Харин нийслэлээс хотод амьдрах гэж байгаа бол стандартын сайжруулсан зуух хэрэглэ гэсэн шаардлага тавьж байгаа. Иргэдээ жаахан хариуцлагажүүлэх хэрэгтэй. Харин хариуцлагаа сайн биелүүлвэл урамшуулна.
-Зар мэдээлэл дээр төслийн зуухыг зарна гэсэн зар их байдаг. Заруулахгүй байх дээр ямар хяналт тавьж байгаа юм бэ?
 -Тараагдаж байгаа зуух бүр өөрийн гэсэн кодтой. Регистрийн дугаараар нь шүүгээд хэн зуухаа зарсан бэ гэдэг нь мэдэгдэнэ. Захуудаар төслийн зуухыг заруулахгүй байх талаар мэдэгдэл хийсэн. Тэгэхээр зарын сонин, сайтуудыг ийм төрлийн зарыг битгий ав. Гэмт хэрэг хийж байгаа үйлдлийг өөгшүүлэн дэмжиж байгаагаас ялгаагүй гэж хэлмээр байна. Монгол Улсын нийслэлийн хүн амын эрүүл мэндийн төлөө л зүтгэж байгаа ажил шүү дээ. Бид иргэддээ гэрт нь хүргэж өгч, хэрхэн галлах талаар зөвлөмж, аргачлалыг нь өгч байна
-Таны хариуцсан нэг ажил бол хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж. Энэ тал дээр ямар ажил хийж байна? 
-Орчин үеийн хотыг өндөр байшинтай, шил толин дизайнтай гэхээсээ илүү хүрээлдэн буй орчинтойгоо хэрхэн нийцэн хөгжиж байна гэдэг нь том үзүүлэлт болчихсон. Тиймээс 2012 оны сонгуулиас хойш Улаанбаатар хотод экологи ногоон хөгжлийг хариуцсан орлогч даргын орон тоог гаргасан. Энэ бол маш том ажил. Өнгөрсөн жил 5-7 орчим тэрбум төгрөгийг шинээр ногоон байгууламж барих, сул шороон хөрсийг цементлэх ажилд зарцуулсан. Цементлэх ажил бол агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг. Энэ жил түүнээс дутахааргүй ажил хийнэ. Мөн нэлээд хэдэн бичил цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулахаар зүтгэж байна. 960 га газар хамардаг үндэсний цэцэрлэгт хүрээлэн байна шүү дээ.  Үүний тохижилтын ажлыг их хийж байгаа. Дугуйн зам, гүйлтийн зам, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай гээд тоочвол их. Энэ жил хаалга, хашааг нь хийнэ. Дэлхийд ийм том газар нутгийг хамарсан цэцэрлэгт хүрээлэн тун цөөхөн байдаг. Тэгэхээр Үндэсний цэ­цэрлэгт хүрээлэнгээ орчин үеийн шаард­лагад нийцсэн, залуу­сын амралт чөлөөт цагаа өнгөрөөх газрын нэг болгон хөгжүүлэх талаар ихээхэн анхаарлаа хандуулан ажил­лаж байна. Мөн гэр хорооллын айлуудын дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулна. арин гэр хороол­лын иргэд тэр бүр хашаа­наа­саа өөр амарч, салхилах бо­ломжоор тун бага байдаг. Тийм учраас шинээр байгуу­ла­хаар төлөвлөж байгаа цэ­цэр­лэгт хүрээлэнг гэр хороо­лол дунд байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ингэснээрээ гэр хороолол гэдэг нэг хэсэг хаягдсан газар байсан бүсийг ногоон байгууламжтай болго­но, цэцэрлэгт хүрээлэнг бий бол­госноор тэнд хүүхэд, хөг­шид амарч салхилах тав тух­тай бас нэг тохилог орчин бүрдэнэ. Гэхдээ энэ бүгд нь хашаа хам­гаалалттай, ногоон байгуу­лам­жийг үргэлж ар­чилж тордож байх ажлын байр ч бий болно гэсэн үг. Ингэснээр залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх нь өөр болно. Юун баар, цэнгээний газар биз дээ. Залуучуудын бодол санаа нь ч өөрчлөгдөнө.  Мөн нийтийн эзэмшлийн талбайн явган зорчдог хэсгийг сайжруулж байгаа.
- Удахгүй тавдугаар сараас эхлээд мод тарих аян эхэлдэг. Гэтэл жил бүр л мод тариад, зүлэгжүүлэлт хийгээд байх юм. Үр дүн нь төдийлөн сайн харагдахгүй юм?
-Өмнө нь бид маш олон мод тарьдаг байсан. Тарьсан өдрөө баахан шоудаад л явдаг байлаа. Харин тухайн модыг ургуулах, услах үйлчилгээний зардал нь суудаггүй байсан. Харин одоо тарих модны тоонд бус ургуулах, арчилгээ асаргааны зардалд нь тааруулж мод тарих бодлого барьж байгаа. Өнгөрсөн жилийн тарьсан модны 85 хувь нь ургаж, 15 хувь нь үхсэн.
-Тэгэхээр ургаад байгаа хэрэг үү?
-Тийм ээ. Харамсалтай нь сүйтгэх нь их юм. Зам засварын ажил хийгдэж байгаа нэрээр сүйтгэж байна. Бид чинь зам засварынхантайгаа дотроо дайтна шүү дээ. Мөн мод, зүлэг тариад ургадагүй газруудыг хатуу хучилттай болгоно. Ин­гэх­гүй бол нөгөө тарьсан мод нь ч ургадаггүй хавар, намрын цагт шороо хийссэн тийм газар болж хувирдаг. Энэ нь нэг талаас тэр орчин цэвэрхэн болно. Сая бид сул шороотой ийм газруудыг хайрган болон бетонон хучилттай болгосон нь үр дүнтэй ажил болсон.
-Далан давхрын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон гэж байсан. Тэр ажил юу болж байгаа бол?
-Далан давхрыг дурсгалын, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн болгоно. Тэнд хүмүүс орж залбирал үйлддэг сүм, дуган ч барихаар төлөвлөж байгаа. Харин тэнд байгаа оршуулгуудыг гэр бүлийнхнээс нь асууж байгаад чандарлана. Ер нь хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн болгоно.
-Тэнд байгаа булшнуудын ар гэрийнхнийг нь олох хэцүү биз. Олон жил болсон булш ч бий?
-Тэр ажлыг хийж байгаа. Үнэхээр заримынх нь ар гэрийнхэн нь олдохгүй байх хүндрэл гарч байгаа. Харин ар гэрийнхэн нь олдсон нь чандарлуулахыг зөвшөөрч байгаа. Энэ ажлыг иргэд таатайгаар хүлээж авч дэмжсэн.
                                                                                 Г.ХИШИГСҮРЭН
                                                                                 Улс төрийн тойм сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан