Ч.БАТСАЙХАН: АГААРЫН БОХИРДОЛ СТАНДАРТААС 2-7 ДАХИН ИХ БАЙНА


-Утаа өнгөрсөн оныхоос хэр нэмэгдсэн бэ?
-Өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. Нэгдүгээр сард утаа ихэсдэг. Ирэх сард хэр их болохыг хэлж мэдэхгүй.
-Агаарын бохирдлын эсрэг авч буй арга хэмжээ үр дүнгүй, утаа улам ихэссээр байна гэх шүүмжлэл бий. Өнгөрсөн жилүүдэд 100 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохир-долтой тэмцэхэд зарцуулсан гэх юм. 
-Утаа нийгэм, эдийн засгийн олон асуудалтай холбоотой. Хүн амын шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, үйлдвэржилтийн бодлого, ядуурал, ажилгүйдлээ шийдээгүй,  хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Ингэхээр хот экологийн хувьд ачааллаа дийлэхгүй байгаа юм. Ганц агаар биш, ус, хөрс ч хамаатай. Утаанд хүхрийн болон азотын давхар исэл, угаарын хий, нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор агуулагддаг. Эдгээрээс хүрээлэн буй орчин, эрүүл мэндэд хамгийн хортой нь нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор, хүхэр. Бид тэр хортой хэсгийг нь бууруулахаар ажиллаж ирсэн, үр дүн ч гарсан гэж дүгнэж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх ёстой. Бодлого тогтвортой байх ёстой. Гэтэл манайд дөрөв дөрвөн жилээр өөрчлөгдөж буй юм. Нэг Засгийн газар нэг далайлтаар шийдэх асуудал биш. Япон улс агаарын бохирдлоосоо салахад 10-20 жил зарцуулжээ. Тус улсын томоохон хотууд нь 1970 оны үед манай өнөөгийн түвшинд байсан. Тэд бодлогоор бага багаар арга хэмжээ авсаар иржээ. Ер нь агаарын бохирдол эцсийн дүндээ дулаан хангамжтай холбоотой асуудал юм. ДЦС V-ыг барьж байж л айлуудад нүүрс түлэхээ боль гэдэг шаардлага тавина. Өөрөөр хэлбэл, эх үүсвэртэй болгочихоод шаардлага тавихгүй бол хуулиар далайлгаж, хүч хэрэглээд нэмэргүй. 
Өнгөрсөн хугацаанд нийт 93 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг зөвхөн сайжруулсан зуух авахад зарцуулсан юм биш. Хамгийн их нүүрс түлээд их бохирдол гаргадаг нам даралтын зуухнуудыг шинэчлэх, авто машинаас үүдэлтэй агаарын бохирдлын эсрэг зарцуулсан. IV ДЦС-ыг шинэчлэх, гэр хорооллын дулаан хангамжийг сайжруулах гээд дэд бүтэцтэй холбоотой аж-луудад ихэнхийг нь шингээсэн байдаг.
-“Арга хэмжээ аваад нэмэр алга. Гэр хорооллоо орон сууцжуулахаас өөр арга зам үлдсэнгүй” гэж ярих болжээ. Энэ чиглэлээр нэлээд ажиллаж буй ч эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор орон сууцжуулах ажил төдийлөн урагшлахгүй байна. 
-Орон сууцжуулах ёстой гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ үүнд асар их хэмжээний хөрөнгө, хугацаа шаардлагатай. 100 тэрбум төгрөгөөр 1160 айлыг орон сууцанд оруулах боломжтой. Тэгвэл гэр хорооллын 192.000 айлаас жилд 12.000-ыг нь орон сууцанд оруулна гэвэл 16 жил шаардагдана. Гэтэл гэр хорооллынхны хэд нь орон сууцанд орох чадалтай юм. Ажил хийж буй хүмүүс хүртэл байр авч чадахгүй байна. Тэгвэл ажилгүй, орлогогүй хүмүүс яаж авах вэ. Нүүрсээ ч авч чадахгүй, элсэн чихэр, будаагаа граммаар нь авч байна. Ийм нөхцөлд өчнөөн барилга бариад гэр хорооллынхныг оруулна гэдэг нь хөрсөнд буух бодлого мөн үү. Нэг гарц мөн боловч дунд юм уу, урт хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Агаарын бохирдол бууруулахыг хүмүүс их амархан гэж ойлгодог. Хотоо ногооруулъя гэж бид хэчнээн жил ярьж байна. Гэтэл утаа бууруулах ажлын нэгхэн хэсэг нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Үүн дээр замаа шинэчлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, бохир их ялгаруулдаг үйлдвэрүүдийг хотоос гаргах зэрэг багтана. Эх үүсвэр тус бүрт оновчтой арга хэмжээ авах ёстой. 
-Орон сууцжуулах хүртэл ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Гэр хорооллоос гарч буй утааны агууламж дахь нарийн ширхэгт тоосонцрын 80 хувийг сайжруулсан зуух бууруулж байгаа. Сайжруулсан зуухтай болчихсон юм чинь түлшийг нь өгч яагаад болохгүй гэж. Бид япончуудтай хамтраад авто зам дагуу орчны агаарын чанарын хэмжилт хийж байна. Энэ тал дээр тодорхой шийдлүүд гаргаж, Засгийн газарт өргөн барина. Мэдээллийн сан бүрдэж байна. Эхний ээлжинд Захирагчийн ажлын албанд асуудлыг дуулгасны ачаар өдгөө зам усалдаг, цэвэрлэдэг болж, шороо тоос нь харьцангуй багассан. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг олон улсад хоёр аргаар зохицуулж байна. Эхнийх нь түлшнийхээ чанарыг сайжруулдаг. Манайд ийм арга хэмжээ авах хэцүү. Хоёр дахь арга зам нь төрөөс автомашинд шүүлтүүр тавихыг шаарддаг. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг 100 хувь гэж үзвэл 70 гаруй хувийг нийтийн тээврийн 1200 хэрэгслийн ялгаруулж буй утаа бүрдүүлж байна. Тэдгээр автобусанд шүүлтүүр тавихад 6.6 тэрбум төгрөг хэрэгтэй. Гурван жилийн дотор энэ ажлыг хэрэгжүүлчихвэл байдал арай өөрчлөгдөнө. Энэ мэтээр арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн жил хийсэн ажлын үр дүн гарч, зарим нь нам даралтын зуух ашиглахаа болиод төвлөрсөн дулаанд холбогдсон. 
-Энэ жил сайжруулсан түлшинд татаас олгохгүй гэж зарласан. Бас хөнгөлөлттэй үнээр зуух тараахаа ч больсон. Энэ мэтээр урьд нь хэрэгжүүлж байсан арга хэмжээ тасалдах боллоо. Үр урхаг нь хэрхэн мэдэгдэх бол?  
-Гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангах ажил удаашрах нь. Сайжруулсан зуухаар хангах ажил үндсэндээ зогсчихоод буй. Цахилгааны үнийн хөнгөлөлт ч тэр. 2011 онд Ерөнхийлөгчийн зарилгаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль гаргасан. Хуулийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Энэ хороонд бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга багтдаг. Агаарын бохирдол гэдэг нь ганц яам эсвэл хотын захиргаа дангаараа хийх ажил биш учраас ийм бүтэцтэй байгаа юм. Ингээд энэ ажлыг бодлогын түвшинд нэлээд зангидаж байсан ч өнгөрсөн жилээс бүтэц зохион байгуулалтыг танаж, уналтад орууллаа. Тус хороо одоо хоёрхон хүнтэй. Үндэсний хороо энэ жил хоёрхон удаа хуралдсан, хуралдаад аймаг, нийслэл өөрсдөө ажлаа хий гэсэн чиглэл өгөөд орхисон. Мөн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байсан хөрөнгө оруулалт тасралтгүй багасчээ. Эхлээд 34 тэрбум төгрөг байснаа 30, 24, 10 тэрбум болсон. Энэ жил таван тэрбум төгрөг зарцуулах боллоо. Ирэх жил мөнгө төсөвлөхгүй юм байлгүй. 
-Таван тэрбум төгрөгөөр ямар ажил хэрэгжүүлэх вэ?
-Агаарын бохирдлыг бууруулахад энэ жил анхандаа огт мөнгө төсөвлөөгүй байснаа арай гэж таван тэрбум болгосон. Уг нь энэ их мөнгө. Гэхдээ агаарын бохирдлын эсрэг ажилд бол тийм ч их биш. Бүгдийг нь Улаанбаатарт биш, орон нутагт бас өгнө гэсэн. Энэ жил бид БОНХАЖЯ-нд гурван санал явуулсан. Эхнийх нь гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах. 2014-2015 онд 16 дэд станцын ачааллыг хөнгөлж, 28.000 өрхийн цахилгаан хангамжийг найдвартай болгож, айлуудад нүүрсээр биш, цахилгаанаар гэрээ халаах боломж олгосон. Энэ жил бид найман дэд станцын ачааллыг хөнгөлье, үүнд гурван тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Одоогоор уг шийдлийн талаар ярихгүй байгаа учраас энэ жилдээ хэрэгжүүлэхгүй байх. Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд хамгийн их өртдөг учраас дараагийн нэг санал нь төрийн өмчийн цэцэрлэгийн уурын зуухыг дэвшилт технологид шилжүүлэх байв. Эхний ээлжинд ТЭЗҮ-ийг нь гаргаж, зураг төслийг нь боловсруулсан долоон цэцэрлэгийн зуухыг шинэчлэхэд 700 сая төгрөг хэрэгтэй. Энэ талаар бас л ярихгүй байна. Гурав дахь санал нь сайжруулсан түлшний үйлдвэрүүдийг дэмжих. 30.000-40.000 тонн түлш авч, Баянгол дүүргийн гэр хорооллыг хангах санал тавьсан. Үүнд татаас өгөхөд 2.3 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл арванхоёрдугаар сар дундаа орж, айлууд нүүрсээ авчихсан байхад энэ асуудал шийдэгдээгүй л байна. Одоо шийдэгдчихлээ гэхэд 100 сая төгрөгөөс дээш санхүүжилттэй ажил учраас тендер зарлаж гүйцэтгүүлнэ. Тендер нь нэг сарын хугацаатай. Дараа нь дүгнэхийн тулд дахиад нэг сар болно. Ингээд өвөл дуусчихна. Гэхдээ энэ өвөл амжихгүй ч ирэх жил энэ мөнгө хэрэгтэй. Зун нь аж ахуйн нэгжүүдээ шалгаруулаад, ирэх жилийн аравдугаар сард түлшээ борлуулж болно шүү дээ.
-“Манайд үйлдвэрлэж буй түлшнүүд чанар муутай. Авах гэхээр үйлдвэрлэсэн түлш байдаггүй” гэж шүүмжлэх нь бий. 
-Түүхий болон буцалсан ус хоёр огт өөр биз дээ. Зуух, түлш гэр хорооллын хоёр гар. Өдгөө нэг гарыг нь бий болгосон ч ганц гараар юу ч хийж чадах вэ. Өглөө, оройд утаа их гараад байгаа нь нүүрс түлснээс шалтгаалж байна. Сайжруулсан түлшний үнийн зөрүүг төр өгөх ёстой. Иргэд үр ашгийг нь мэдэж байж л дараа нь тэр түлш арай үнэтэй байсан ч авдаг болно. Үйлдвэрүүдийг дэмжихгүй бол иргэд авахгүй, хямдыг нь бодож нүүрс л авна. Ингэхээр үйлдвэрүүд дампуурна. Өдгөө түлшний үйлдвэр  цөөнгүй бий болсон. 2000 оны эхээр шахмал түлш гэдэг ус нь гоожсон “юм” хийдэг байсан. Одоо бол маш өөр түвшинд гарсан. Улаанбаатар хотод жилд 600.000-700.000 тонн сайжруулсан түлш хэрэгтэй. Үүний 100.000 тонныг хангах үйлдвэр өдгөө бий болчихсон. Гэтэл төрийн дэмжлэг байхгүй болохоор тэд хаалгаа барьчихаад байна. Нийслэлийн Агаарын чанарын алба чанартай түлш нийлүүлэхэд анхаарах ёстой. Чанаргүйг нийлүүлсэн бол чанартай болгох үүргийг бид төрийн өмнө хүлээж буй. Түүнийхээ төлөө бид шалгаж байна. Агаарын чанарын тухай хуулиар жил бүр агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох ёстой. Үүний дагуу 2015-2016 оны халаалтын улиралд үйлдвэрүүдийн нийлүүлэх боломжтой түлшний хэмжээ, үнийн саналыг 2-3 удаа явуулсны эцэст одоо л шийдэгдэж магадгүй болж ирлээ. Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох саналаа өнгөрсөн долоо хоногт яаманд хүргүүлсэн. Бүсээ өнгөрсөн жилийнхтэй бараг адилаар тогтоосон. Уг нь Чингэлтэй дүүрэг хүргэж тэлэх бодолтой байсан ч нэлээд хугацаа алдчихлаа. 
-Агаарын бохирдлын 80 орчим хувийг нь гэр хорооллын, 10 хувь нь автомашины утаа эзэлдэг. Үлдсэн нь томоохон станцууд болон бусад эх үүсвэрийнх. Энэ жил бохирдуулагчийн тоо цөөрч байгаа юу?
-Буураагүй, бас нэг их өсөөгүй. Гэхдээ нам даралтын зуухны тоо олшрох хандлагатай байна. Зарим газар төвлөрсөн дулаанд холбогдож чадахгүй болохоор халаалтын зуух тавьж байна. Өнгөрсөн онд 100 кВт-аас дээш хүчин чадалтай 328 зуух байсныг бид шалгаж, аттестатчилж эхэлсэн. Сүхбаатар, Баянзүрхээс бусад төвийн дөрвөн дүүрэгт мэргэжлийн хяналтын байгууллага, Халаалтын зуухны удирдах зохицуулах газар, манайх хамтран шалгаад арга хэмжээ авч байна. Өнгөрсөн жил Баянгол дүүрэгт дөрөв байсан бол энэ жил ес болчихсон байна. Зайсанд гэхэд шалгаад өнгөрсний дараа 70 кВт-ын гурван зуух тавьчихсан байна. Төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй болохоор өвөлжихийн тулд ингэж байна. Хүний эрх учраас үүнийг буруутгах үндэсгүй. Агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын утаа эзэлдэг гэдэг. Гэтэл гэр хорооллын 20 хувь нь нам даралтын усан халаалтын зуухтай байгаа юм. Тэдгээрийг гэр хороололд оруулаад тооцдог.
-Энэ жил ямар ажил хэрэгжүүлэх вэ. Ер нь цаашид ямар бодлого баривал үр дүнд хүрнэ гэж харж байгаа вэ?
-Энэ жил төсөв бага, эдийн засгийн хүндрэлтэй байгаа нь үнэн. Мөнгөтэй ч, мөнгөгүй ч амьдардагтай адил бид зүгээр суухгүй. Хоёр суурин харуул шинээр нэмж байна. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын чанарын сүлжээ өмнөх үеүдээс 50 хувиар нэмэгдэнэ. Дараа нь түлшний татаасны санхүүжилт шийдэгдвэл “Агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журам”-ыг сурталчилна. Томоохон цахилгаан станцуудын хувьд IV ДЦС шинэчлэгдсэн, ДЦС III-ыг тэр зарчмаар нь шинэчилж буй. Дулааны цахилгаан станцууд хэр их бохирдол гаргаж буйг хянадаг системийг ЖАИКА-гийн дэмжлэгээр нэвтрүүлж байгаа. Эхний ээлжинд ДЦС IV-д хэрэгжүүлнэ. Ингэснээр нэг ч гэсэн томоохон эх үүсвэрт тавих хяналт сайжирна. Ер нь төрөөс хяналтаа сайн тавиад, бохирдуулж буй шалтгааныг нь мэдэх хэрэгтэй. Эмнэлгийн хэлээр бол оношилсны дараа арга хэмжээ авна гэсэн үг. Иргэд нэг үеэ бодвол агаарын бохирдол гэж юу болохыг мэддэг, түүнээс хэрхэн хамгаалахаа ч ойлгодог болсон. Ирэх жил хийхээр төлөвлөж буй томоохон ажлын нэг нь ерөнхий боловсролын сургуулиудад агаарын бохирдол ямар түвшинд хүрэхээр аюултай байдаг, яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ гэдгийг хүүхдүүдэд заахаар төлөвлөж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах нь ганцхан төрийн хийх ажил биш. Төрийн бус байгууллага, иргэд тал талаасаа зүтгэж байж цаана нь гарах ёстой.
Сэтгүүлч Ч.Мөнхзл
Өнөөдөр сонин. 2015 оны 12 дугаар сарын 15
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан