Бид нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа утааг хараад сууж болохгүй


Өнгөрсөн жилээс энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзээд Ерөнхийлөгч 2011 оны хоёрдугаар сард Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулсан. Энэ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд Үндэсний хороог байгуулан ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл манай улсын хүн амын дийлэнх нь амьдарч байгаа нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учирч байгаа нь шинжлэх ухааны болон олон улсын байгууллагуудын судалгаагаар нотлогдсон энэ нөхцөлд Ерөнхийлөгч оролцож, хянаж ажиллахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэж үзэж болно. Энэ үүргийг миний ахалж байгаа Үндэсний хороо гүйцэтгэж байгаа юм.
-Үндэсний хороо байгуулагдсанаар тодорхой ямар ажлууд хийсэн бэ?
-Өнгөрсөн хугацаанд бид төвийн 6 дүүрэгт Засаг даргаар ахлуулсан Үндэсний хорооны салбар хороог байгуулан дүүрэг, хороо, хэсэг гээд төрийн захиргааны бүх шатны байгууллагуудыг агаарын бохирдлыг бууруулах ажилд оролцуулсан бүтцийг бий болгон ажиллаж байна.
Гол бохирдуулагч гэр хороололд “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг тогтоож, тэдгээр айл өрхүүдэд боловсруулсан түлш, цахилгаан халаагуур болон сайжруулсан зуух зэрэг бүтээгдэхүүнүүдийг татаастай үнээр худалдан борлууллаа.
Мөн хязгаарлалтын бүсэд нийтээр дагаж мөрдөх журам зэрэг холбогдох журмууд болон зуух, түлш, хийн халаагуур зэрэг бүтээгдэхүүнүүдийн стандартуудыг боловсруулж батлах, иргэн, аж ахуй нэгжүүдийг урамшуулах тогтолцоог бий болгох, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрүүдийг шийдвэрлэх, агаарын чанарын мэдээг олон нийтэд мэдээлэх, төрийн байгууллагууд болон төсөл хөтөлбөрүүдийг уялдуулан зохицуулах зэрэг олон ажлуудыг энэ хугацаанд хэрэгжүүллээ.
-Нийт хичнээн айл өрх хамрагдсан бэ?
-Хязгаарлалтын бүсийн 90 мянган айл өрхийн 7500 нь боловсруулсан түлшээр, 70 мянга нь Монголын Мянганы сорилтын сангийн шугамаар худалдан борлуулсан эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг худалдан авсан байна. Тодорхой ажил хэрэгжүүлсэн Баянгол дүүрэг, КТМС-ын орчим, Чингэлтэй дүүрэгт агаарын бохирдол буурсан гэдгийг мэргэжлийн албаныхан ч тогтоосон. Мөн иргэд ч ам сайтай байгаа.
-Сүүлийн үед бүх зүйлийг үнэгүй шахуу олгож иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг нэмэгдүүлж байна гэж зарим хүмүүс шүүмжлэх боллоо. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд олгосон урамшууллууд тэдгээрийн үр дүн ямар байна вэ?
-Иргэдэд худалдан борлуулсан эрчим хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг Монголын Мянганы сорилтын сан болон “Цэвэр агаарын сан”-гаас 80-90 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл, сайжруулсан зуухыг жижгийг нь 24300 төгрөгөөр, томыг 50000 төгрөгөөр худалдлаа..
Мөн боловсруулсан түлшинд хүртэл татаас олгосон шүү дээ. Дээр нь нэмээд иргэдийг худалдан авсан бүтээгдэхүүний дүнд ноогдох хүн амын орлогын татвараас чөлөөлж, цахилгааны хөнгөлөлт, урамшуулал олгож байна. Одоогийн байдлаар 24 мянган өрх хөнгөлөлтөнд хамрагдсан дүн гарсан байна. Эдгээр урамшууллууд нь дээр дурьдсан эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг борлуулах, хотын утааг тодорхой хувиар богино хугацаанд бууруулах хүчин зүйл, гол хөшүүрэг болсон гэж үзэж байгаа.
-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлүүлж байгаа вэ?
-Өнгөсөн онд нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах зорилгоор улсын төсвийн тодотголд 34.0 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулахаар батлуулж чадсан нь Үндэсний хорооноос хийсэн томоохон ажлуудын нэг.
Энэ хөрөнгөөр гэр хорооллын айл өрхүүдэд ус халаалтын зуух нийлүүлэх, зарим уурын зуухнуудыг төвлөрсөн халаалтын шугамд холбох, цахилгаан станцаас гарах үнс, утааг бууруулах технологи нэвтрүүлэх, авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг шалгах оношлогооны төв барих гэх мэт бүтээн байгуулалтын ажлуудыг хийх ёстой байлаа.
Харамсалтай нь өнөөдрийн байдлаар бараг 50 хувь нь огт хэрэгжсэнгүй. “Төрийн болон орон нутгын өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу тендер зарлан хэрэгжих ёстой ажлуудыг Засгийн газрын харъяа зарим яамдууд, НЗДТГ хангалтгүй зохион байгууллаа.
Цаашид бид ажил алдагдуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцдог жишиг рүү явахгүй бол болохгүй.
Энэ жил шинээр баригдах хорооллуудын эрчим хүчний хангамжийг бий болгох, цахилгаан дулааны дэд станцуудыг барих голлосон 65 орчим тэрбум төгрөгийн ажил төсөвт суусан одоо тендер зарлах шатандаа явж байна.
Мөн “Цэвэр агаар сан”-гаас энэ чиглэлээр нилээд ажлуудыг санхүүжүүлэхээр төлөвлөж 30 орчим тэрбум төгрөг төлөвлөсөн.
-Утааны асуудлыг төрийн байгууллагууд ч, иргэд ч өвөл ярьчихаад зун нь мартчихдаг байдал өмнө нь байсан. Үндэсний хороо байгуулдсанаар энэ байдал өөрчлөгдөх үү?
-Ерөнхийлөгч “Утаатай өвөл биш зун тэмцэе” гэж хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Үндэсний хороо жилийн дөрвөн улирлын алинд ч ажил цалгардуулахгүйгээр төлөвлөгөөний дагуу тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллана. Бидний төлөвлөсөн ажлуудын дийлэнх нь хавар, зун, намар хийгдээд оны өмнө дууссан байх ёстой.

-Сүүлийн үед зарим аймгийн төвүүдэд агаарын бохирдлын хэмжээ ихэсч байна гэж яригдах боллоо. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Сүүлийн жилүүдэд зарим аймгийн төв, хотуудад агаарын бохирдлын хэмжээ жилээс жилд тасралтгүй өсч байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр агаарын бохирдлын хэмжээ харилцан адилгүй түвшинд байна.
Агаарын бохирдлын хэмжээ Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймгуудад харьцангуй их байна. Иймээс Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа ажлуудыг эдгээр аймгуудад хэрэгжүүлэх боломжийг судлан, төлөвлөгөө боловсруулан Үндэсний хороогоор хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд орон нутгийн хөрөнгөнд тулгуурласан болон хөрөнгө оруулалт шаардахгүй ажлуудаас эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Зарим хүмүүс орон сууцжуулахаас нааш утаа бүрэн арилахгүй гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна бэ?
-Орон сууцжуулах ажил утааг арилгах шалгарсан арга нь үнэн. Гэхдээ энэ ажлыг хэрэгжүүлэхэд дэд бүтцийг бий болгох, газар чөлөөлөхөд барьж байгуулахад дор хаяж 5-10 жил шаардлагатай биздээ. Зуух, түлш солих ажил бол бидний ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил гэж ойлгож болно. Орон сууцжуулах ажил хэрэгжиж дуусахыг хүлээгээд бид нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа утааг хараад сууж болохгүй. Ойрын хугацааны ажлыг энэ жил дуусгахаар шахаж ажиллана.
Ер нь бүх бүтээн байгуулалтын ажил агаарын бохирдлыг бууруулахад томоохон байр эзэлж байдаг. Иймээс дулаан, цахилгааны эх үүсвэрүүдийг барих, шугам сүлжээг өргөтгөх, дэд бүтцийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, замын гүүрэн гарц, тойрог хурдны замуудыг байгуулах, метро барих, хотыг задлах, оюутны хотхон байгуулах зэрэг “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох хууль эрх зүйн шинэчлэл хийхэд УИХ, ЗГ, Нийслэл гээд бүх төрийн байгууллагууд шат шатандаа анхааран ажиллах хэрэгтэй байна.
-ТЭЦ-5-ыг барьж байгуулах талаар олон жил ярилаа. Үнэхээр ирээдүйд баригдах орон сууц, барилга байгууламжийг шинэ эх үүсвэргүйгээр бүтэхгүй гэж ярьцгааж байгаа..
-Шинээр баригдах барилгуудын дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүч болон өөр эх үүсвэрийг ашигласан бие даасан бохирдолгүй эко технологийн халаалтын системүүдээр шийдвэрлэх бололцоо байгаа. Иргэдээс болон судалгааны байгууллагуудаас энэ талаар олон санал, санаачлага ирж байна. Үүнийг хариуцсан яам, газрууд судалгаа, дүгнэлт гаргаж шийдвэрлэх цаг нь болсон. Олон жилийн турш яригдсан ТЭЦ-5-ын ажлыг хүлээвэл ажил урагшлахгүй гэдэг нь тодорхой боллоо.
Ер нь төвлөрсөн халаалтын системд найдвар тавих нь хоцрогдсон арга бөгөөд зөвхөн ОХУ, манай улс хоёр хэрэглэгдэж байна гэхэд хилсдэхгүй.
Н.Доржготов
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан