АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргын

2016 оны дугаар сарын....ны өдрийн......тушаалын хавсралт.

 

  АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1   Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь албаны үйл ажиллагааг жигд хангах, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Газрын дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг Монгол улсын Үндсэн хууль,Төрийн албаны тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хуультэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актууд, эрх бүхий дээд байгууллагаас гаргасан шийдвэр болон энэхүү дотоод журмын дагуу зохицуулна.

1.3 Журмыг байгууллагын захиргаа, ажилтан нэгэн адил биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелэлтэд Захиргааны хэлтэс хяналт тавьж, түүний үр дүнг газрын даргад танилцуулна.

1.4 Төрийн захиргааны албан хаагчид Газрын даргаар батлуулсан ажлын байрны /албан тушаалын/ тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр, Төрийн үйлчилгээний болон орон тооны бус гэрээт албан хаагчид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана.

1.5 Газрын дарга орон нутаг болон гадаадруу томилолтоор ажиллах, урт хугацааны сургалт, дамжаанд явах, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай хугацаанд албан үүргийг дэд дарга орлон гүйцэтгэнэ.

1.6  Газрын өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар зөвлөх эрх бүхий “Орон тооны бус зөвлөл”-ийг Газрын даргын дэргэд ажиллуулна.

1.7  Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Газрын даргын тушаалаар батална.

1.8 Газрын даргын дэргэдэх зөвлөл нь дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргах эрх эдэлнэ. Үүнд:

       1.8.1   Монгол улсын хууль, тогтоол ЗГ-ын тогтоол шийдвэр, НИТХ-ын шийдвэр ННЭЗ зорилт, НЗД-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт, албаны даргын тушаал шийдвэр болон албаны үйл ажиллагаатай холбоотой төлөвлөлтийн бичиг баримтууд

       1.8.2   хөрөнгийн хувиарлалт, зарцуулалт

       1.8.3   дотоод журмын хэрэгжилт

       1.8.4   ажилтнуудын нийгмийн асуудлууд

       1.8.5 ажилтнуудын үйл ажиллагаа, үр дүн, сахилага, хариуцлага, шагнал урамшуулал

       1.8.6  бусад ажлууд

       1.9   Газар нь ажилтнуудын ажил төрлийн шуурхай зөвөлгөөнийг 14 хоног тутам тогтмол хийж ажилаа 14 хоногоор төлөвлөж биелэлтийг гарган ажиллана.

Хоёр. Албан тушаалд томилох, шилжүүлэх, чөлөөлөх

2.1 Шаардлагатай ажлын байр /албан тушаал/ дээр ажилтныг судлан сонгож авахдаа Төрийн албаны тухай хуулийн 10, 16, 17-р зүйлүүдийн 1 дэх  хэсэгт заасныг үндэслэл болгон төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний хүсэлтийг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжигдсэн тохиолдолд албаны даргын тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 18-р зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор баталсан журам, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/291 дүгээр захирамжаар баталсан журам зэргийг үндэслэн 1 жил хүртэл хугацаагаар түр томилж туршилтын хугацаагаар авч ажиллуулна.

2.2 Төрийн захиргааны албан тушаалд орохыг хүссэн иргэн холбогдох материалыг бүрдүүлнэ. Үүнд:

2.3.1 иргэний ажилд орохыг хүссэн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет /маягт-1/, цээж зураг 4 хувь.

2.3.2 боловсрол, мэргэжил эзэмшсэн тухай гэрчилгээ, диплом зэрэг бичиг баримтын нотариатаар батлуулсан хуулбар.

2.3.3 хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнө мөрдөж байсан/, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх

2.3.4   төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай баримт материал

2.3.5   холбогдох бусад баримтууд

2.4 Төрийн үйлчилгээний албан тушаалд орохыг хүссэн иргэн дотоод журмын  2.3 дахь заалтын 2.3.4-д заасан баримт бичгээс бусдыг бүрдүүлнэ.

2.5  Ажилтанд ажилд томилсон тухай тушаал, дотоод журам ажлын байрны тодорхойлолт болон бусад холбогдох заавар журмыг танилцуулж ажлын үнэмлэх олгоно.

2.6   Ажилтан бүр батлагдсан ажлын байр ( албан тушаал) –ын тодорхойлолтын дагуу ажиллана.

2.7   Төрийн захиргааны албан хаагчыг “Төрийн албаны тухай” хуульд заасан үндэслэл, журмын дагуу албаны даргын тушаал гаргаж түр болон бүрэн мөсөн чөлөөлнө.

2.8   Төрийн үйлчилгээний ажилтаныг албаны болон тухайн ажилтны санаачлагаар ажлаас чөлөөлөх, гэрээ цуцлах асуудлыг “Хөдөлмөрийн тухай” хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

2.9.   Ажлаас чөлөөлөгдөх болон халагдсан ажилтнуудтай ажил, амралтын болон эд хөрөнгө, ажлын байрны үнэмлэхийг хураан авч, холбогдох тооцоо хийсний дараа хөдөлмөрийн харилцаатай холбоотой бичиг баримтад бичлэг хийж хүлээлгэн өгнө.

Гурав. Газрын даргын эрх, үүрэг

3.1 Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, гол зорилтыг үндэслэн албан хаагчтай байгуулах үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний үндэслэлийг оновчтой гаргах;

3.2 Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажиллах нөхцөлөөр /албан өрөө, телефон утас, интернет, компьютер, принтер, хувилагч/ албан үүргээ хангах арга хэмжээ авах;

3.3 Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүйн нөхцөлийг хангах, ажилтнуудыг жил тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулах, соёл, урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын зэрэг арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байх;

3.4 Холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудлаар хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх,  арга хэмжээ авах, албан хаагчдаас сургалтад хамрагдах, мэргэжил дээшлүүлэх болон ахуй амьдралын талаар тавьсан эрэлт хүсэлтэд анхааралтай хандаж, шаардлагатай тохиолдолд материалын болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлж байх;

3.5 Ажилтнуудын цалин хөлсийг хууль тогтоомжид заасны дагуу тогтоох, ээлжийн амралтыг батлагдсан хуваарийн дагуу эдлүүлэх;

3.6 Ажилтантай байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлт, ажлын үр дүнтэй нь холбон албан тушаал дэвшүүлэх, зэрэг дэв олгуулах, ахиулах, нэмэгдэл олгох асуудлыг “Төрийн албаны тухай хууль”,  “Хөдөлмөрийн тухай хууль”-д заасны дагуу шийдвэрлэж байх;

3.7 Хөдөлмөрийн сахилгыг чанд сахиулж, жигд ачаалалтай ажиллуулан, ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч байх;

3.8 Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх;

3.9 Дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон асуудлыг даргыг дэргэдэх Орон тооны бус зөвлөл-тэй хэлэлцэн шаардлагатай арга хэмжээ авч байх;

3.10 Ажилтны санал, хүсэлт, өргөдөл, гомдол, маргааныг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх.

Дөрөв. Ажилтны эрх, үүрэг:

 4.1 Монгол Улсын хууль тогтоомж, төр, засгийн шийдвэр болон холбогдох бусад эрхийн актыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг хийхгүй байх;

4.2 Дотоод журмыг чанд сахиж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах;

4.3 Удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр, үүрэг, даалгаврыг биелүүлэх;

4.4 Газрын дарга, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, эрхэлсэн ажилдаа хариуцлага, санаачилгатай хандах;

4.5   Мэргэжил, мэдлэг, мэргэшил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх;

4.6 Албан хэрэг, бичиг баримтын нууц хадгалалт, хамгаалалтыг зохих хууль тогтоомжид заасны дагуу сахиж ажиллах;

4.7  Хариуцсан эд хогшил, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хайр гамтай эдэлж хэрэглэн, ашиглалт хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллан, өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх;

4.8  Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин болон үр дүнгийн гэрээний үнэлгээ, албан тушаал, цалин хөлс, зэрэг дэвийг өсгөж бууруулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудлаар Газрын даргад санал, хүсэлт, гомдол гарган шийдвэрлүүлэх.

Тав. Үйл ажиллагаа, зохион байгуулалт

5.1 Газар нь үйл ажиллагааны болон жилийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээтэй ажиллана.

5.2 Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, хамт олонд тайлагнах асуудлыг Газрын дэд дарга хариуцан гүйцэтгэнэ. Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дараах асуудалтай уялдуулан зохицуулна.

5.3 Үр дүнгийн гэрээний биелэлт үр дүнг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэж үнэлгээ өгнө.

5.4 Жилийн ажлын үр дүнг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 07 дугаар тогтоолын 3.7 ийн 22 дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

5.5 Үр дүнгийн гэрээг жилийн хугацаатай байгуулж дүгнэх бөгөөд үр дүнгийн гэрээнд тусгагаагүй ажил гүйцэтгүүлэхийг хориглоно.

5.7 Үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхдээ сахилга, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг харгалзан үзнэ.

Зургаа.  Ажил, амралтын цагийн горим, чөлөө олгох

6.1  Хөдөлмөрийн хуульд заасан ажлын цагийг баримтлах бөгөөд үдийн завсарлага 12 цаг 30 минутаас эхэлж, 13 цаг 30 минутад дуусна.

6.2 Ажлын цаг ашиглалтын байдалд бүртгэлээр хяналт тавих асуудлыг хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан хариуцна.

6.3 Ажилтан гадуур албан ажлаар явахдаа Албаны дарга болон дэд дарга, харъяалах хэлтсийн даргаасаа зөвшөөрөл авч “Гадуур ажилласан тухай бүртгэлийн дэвтэр”-т бичилт хийж явах бөгөөд явсан ажлын гүйцэтгэлийг удирдлагад эргэж заавал танилцуулах;

6.4 Өвчний улмаас гэрээр болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тохиолдолд байгууллагын удирдлагад заавал мэдэгдэх бөгөөд эмчлүүлсэн тухай албан ёсны акт  /лист/, өвчтнийг  сахиж асарсан тохиолдолд эмнэлгийн магадлагаа холбогдох баримт бичгийг өөрийн биеэр авч ирж тооцоо хийнэ.

6.5 Газрын даргын шийдвэрээр цалинтай болон цалингүй чөлөө олгож болох бөгөөд чөлөөний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн ажилласан сарын цалингаас хасч тооцон холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцно.

6.5.1 Хүнд өвчний улмаас өөр улс, аймаг, хотод очиж өвчнөө оношлуулах, эмчлүүлэх болон төрсөн эцэг, эх, хүүхэд, ах, эгч, дүү, эхнэр, нөхөр, хадам эцэг, эх, хууль ёсоор асрамжинд нь байдаг хүмүүсээ хүндээр өвчилсөн үед нь асрах, эмчилгээнд авч явах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдвол эмнэлэгийн тодорхойлолтыг үндэслэн ажлын 22 өдөр хүртэл хугацааны чөлөөг цалинтай олгож болно.

6.5.2 Байгалийн гэнэтийн аюул, гамшгийн улмаас ажилдаа ирж чадаагүй хугацаанд цалинтай чөлөө олгоно.

6.5.3 Өвлийн хүнс, түлш бэлтгэх, нүүдэл хийхэд зориулан жилд нэг удаа 3 өдрөөс илүүгүй хугацааны цалинтай чөлөө олгож болно.

6.5.4 Ажилтан мэдлэг мэдлэг боловсрол, чадвараа дээшлүүлэх зорилгоор их, дээд сургууль, коллежид эчнээгээр суралцсан, мэргэжлийн шалгаруулалтад оролцсон түүнчлэн тогтоосон журмын дагуу болон дээд байгууллагын шийдвэрээр курс, дамжаанд суралцсан хугацааг ажилласнаар тооцож энэ хугацааны цалинг олгож болно.

6.5.5 Ажилтан эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, 8 хүртэлх насны, шаардлагатай бол 16 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт үзүүлэх тохиолдолд зохих магадлагааг үндэслэн ажилласнаар тооцно.

6.6 Ажилтаны амрах тухай санал, байгууллагын ажлын онцлог нөхцөл зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг албаны даргын тушаалаар батлан мөрдүүлнэ.

6.7 Ажлын оргил ачааллын үед болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд илүү цагаар ажиллана.

Долоо. Албан томилолт

7.1 Хоёр ба түүнээс дээш хоногийн хугацаагаар Улаанбаатар хотоос гадагш ажиллах ажилтанд албан томилолт олгоно.

7.2 Ажилтан томилолтоор ажиллах тухай удирдамжаа боловсруулж  даргаар батлуулна.

7.3 Томилолтын хугацааг сунгах асуудлыг даргын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.

7.4 Ажилтан томилолтоор ажилласан хугацааны тайланг бичиж байгууллагын удирдлагад танилцуулан, дүгнүүлсний эцэст томилолтын зардлыг олгоно.

7.5 Гадаад оронд болох хурал зөвлөгөөн уулзалт семинар, үзэсгэлэн яармагт оролцох, гэрээ хэлэлцээр хийх, туршлага судлах зэрэгт гадаад албан томилолтын зам хоног, зочид буудлын нийт хэмжээг Монгол Улсын Сангийн Сайдын 2006 оны 05 дүгээр сарын 17-ны өдрийн 124-р тушаалыг үндэслэн олгоно.

Найм. Цалин хөлс, олговор, тэтгэвэр тэтгэмж

8.1 Төрийн захиргааны болон Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, нэмэгдлийг Засгийн Газрын тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээ жишгийг үндэслэн даргын тушаалаар батлан сар бүрийн 5, 20-ны дотор багтаан олгоно.

8.2 Батлагдсан төсөвтөө багтаан даргын тушаалаар цалингийн урамшуулал олгоно.

8.3 Төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хууль-ийн 30 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дүгээр зүйлд заасан тусламж болон хоол, унааны зардлын хөнгөлөлт үзүүлнэ.

8.4 Албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4.3-т заасны дагуу тусламжийг доорх хэлбэрээр олгоно. Үүнд:

8.4.1 эхнэр нөхөр, хүүхэд ам бүлийн гишүүд, төрсөн болон хадам эцэг, эх, хүүхэд нас нөгчсөн тохиолдолд тухайн ажилтанд 100,0 мянган төгрөг

8.4.2 ажилтан нас нөгчсөн тохиолдолд 400,0 мянган төгрөгний тэтгэмж олгох ба машин унааны болон бусад туслалцаа үзүүлэх бөгөөд 1 сараас дээш хугацаатай өвчтэй байгаад эмчилгээ хийлгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

8.4.3 хөдөө орон нутагт байгаа төрөл төрөгсдөд нь хүнд гачигдал зовлон тохиолдсон шалтгаанаар чөлөө авахыг хүссэн ажилтанд 15 хүртэл өдрийн чөлөө өгч, цалингийн тэтгэмж олгоно.

8.4.4 ажилтын ажил мэргэжлийн өвчин, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрлөх чадвараа түр хугацаагаар алдаж тахир дутуугийн группэд орсон, гэр бүлийн  гишүүн хүндээр өвдсөн, 1 сар, түүнээс дээш хугацаагаар асарч сувилсан тохиолдолд байгууллагаас 100,0 мянган төгрөгний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

Ес. Шагнал урамшуулал

9.1 Шагнал, урамшуулал олгохдоо Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол, “Төрийн албан хаагчид шагнал урамшуулал олгох журам”-ыг баримтлана.

9.1.1 Албанд үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг дараах хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:   

9.1.2  Жилийн зорилт болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн шинийг санаачилсан бүтээл гаргасан сахилга хариуцлагын зөрчилгүй ажилласан байгууллагын оны ажилтаныг шалгаруулан цом мөнгөн шагналаар урамшуулна.

9.1.3 Жилийн ажлын үр дүн, гэрээний биелэлтийг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн шалгарсан ажилтнуудыг даргын тушаалаар шагнах асуудлыг шийдвэрлэнэ.

9.1.4 Олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд шагналд тодорхойлно.

Арав. Хориглох зүйлс

10.1 Төрийн захиргааны албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлийн 1.12-д заасан үйл ажиллагаа явуулах.

10.2  Албаны өрөөндөө болон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэх

10.3   Албан тушаалаа амин хувийн зорилгодоо ашиглах

10.4  Нийслэлийн Хангарьд ордон болон ажлын байр, нийтийн бие засах газар тамхи татах.

10.5  Ажлын бус цагаар ажлын байранд өөр хүн дагуулж ирэх, хувийн ажлыг албаны телефон утас, компютер, интернет, скайнер, принтер ашиглан гүйцэтгэх, бусдын ажлыг үймүүлж, сэлгүүцэх зэргээр хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулах

Арван нэг. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

11.1 Алба нь ажилтнуудын сахилга, хариуцлагын байдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу байнга хяналт тавьж ажиллана.

11.2 Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, зөрчил гаргасан албан хаагчид “Төрийн албаны тухай” хууль болон “Хөдөлмөрийн тухай” хуульд заасн үндэслэл журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Арван хоёр. Албан хаагчдийн нийгмийн асуудал

12.1 Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтнуудыг ахмадуудын бүртгэлд авч үнэмлэх олгож, дурсгалын зүйл гардуулан байнгын холбоотой байж  жил бүр хүлээн авч, санал хүсэлтийг сонсож, тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг зохион байгуулна.

12.2 Албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, өрөө тасалгааг тохижуулах, тавилга хэрэгслэлийг шинэчлэх, тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана.

12.3 Албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн ажил зохион байгуулж тэдний мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд бүх шатны туслалцаа үзүүлнэ.

12.4 Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулах, ойрын хэрэгцээний эмийн зүйлээр хангах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн албан хаагчдыг бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор нийтийн биеийн тамираар хичээллүүлэх нөцлийг бүрдүүлнэ.

12.5 Нийтээр тэмдэглэдэг баяр ёслол болон албан хаагчдын чөлөөт цаг амралтыг зөв зохистой өнгөрүүлэх талаар тухай бүр анхаарч зохион байгуулж ажиллах.

12.6 Баяр ёслолд бэлэг, дурсгалын зүйлс худалдан авах зардлыг албаны даргын завшөөрснөөр төсвийн болон нөөцийн сангаас гарган зарцуулна.

12.7  Албан хаагчид нийгмийн даатгалын тэтгэмжээс гадна Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоолд зааснаар тусламж, тэтгэлэг олгоно.

12.8 Байгууллагын албан хаагчдаас шинээр гэр бүл бологсдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн мөнгийг олгох буюу тийм хэмжээний бэлэг дурсгалын зүйлс өгөх.

12.9  Гэр хороололд амьдардаг албан хаагчдад жил бүрийн түлшний  мөнгийг /түлш хэлбэрээр/ баталгаажуулан гаргаж өгөх.

12.10  Магадлан итгэмжлэл бүхий эмнэлэгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх очих тээврийн зардлыг мөрдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож  2  жилд нэг удаа олгох.

Арван гурав. Бусад

13.1 Журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

           

 

 

 

  

  

 

 

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 4

Өчигдөр 24

7 хоногт 4

Сард 791

Бүгд 52430