Түүхий нүүрсний хэрэглээ 16 хувиар буурсан


-Агаарын чанарыг сайжруулах зорилгоор гэр хороололд хязгаарлалтын бүсийг өнгөрсөн жилээс эхлэн тогтоосон. Энэ жилийн хувьд хязгаарлалтын бүс нэмэгдэж байгаа. Хязгаарлалтын бүсэд орон тооны бус байцаагч нарыг ажиллуулсан. Энэ хэр үр дүнд хүрсэн бэ?
-Ер нь бол хяналтгүй байвал ямар ч ажил урагшлахгүй шүү дээ. Аливаа ажлыг хяналттай байж сая үр дүн нь гардаг. Эхний ээлжинд бид агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн хороодод 2012 онд нийт 654 хэсгийн ахлагчийг орон тооны бус байцаагч болгон халаалтын найман сарын туршид сар бүр 50,0 мянган төгрөгөөр цалинжуулахаар 261,6 сая төгрөгийг тусгуулсан. Өнөөдрийн байдлаар 6 дүүрэгт тус бүр хоёр хүнийг агаарын бохирдлыг бууруулах гэрээт ажилтанаар томилон 379,0 мянган төгрөгөөр цалинжуулахаар болоод байна. Хэсгийн ахлагчид “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хяналт тавьж ажиллах орон тооны бус байцаагчийн ажиллах” журмын дагуу ажиллана.
-Гэрээт ажилтны цалингийн асуудлыг хаанаас шийдэж байгаа вэ?
- БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-гаас 56,8 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр болсон.
-2010 оноос эхэлсэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх” төсөл бидэнд ямар үр дүн авчрав аа?
-Япон улсын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх” төслийг Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд зуухны хорт утаа ялгаруулалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг шинэчлэн мөрдүүллээ. Улмаар зуухны бүртгэл хяналтын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Төслийн хүрээнд агаар бохирдуулагч суурин эх үүсвэрт хэмжилт хийх хэмжилтийн тоног төхөөрөмжийг манайд нийлүүлсэн байгаа.
-Францаас агаарын бохирдлыг хэмжих тоног төхөөрөмж оруулж ирж байсан санагдах юм. Ер нь гадны төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Агаарын чанарын алба тоног төхөөрөмжийн хувьд хангалттай болсон гэж үзэж болох уу?
-Тийм ээ. 2010 онд Засгийн газар хооронд хамтарч ажиллах гэрээг байгуулан агаарын бохирдлыг тооцоолдог зургаан автомат машиныг оруулж ирсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 15 автомат машин байгаа. Ер нь бол тоног төхөөрөмжийн хувьд нэлээн чадавхижсан.
Өмнө нь зөвхөн хоногийн агууламжийг тогтоодог байсан бол тоног төхөөрөмжийн дэвшлээр долоон үзүүлэлтээр гаргадаг болсон. Дээр нь шинжилгээний хариу дүн 15 минут тутамд гарч байна.
-Дээрх тоног төхөөрөмж хэчнээн төрлийн бодисыг тодорхойлдог вэ. Нийслэл дэх тоосонцорын хэмжээ нэмэгдсэн гэх юм. Энэ үнэн үү?
-Нийтдээ найман төрлийн бодисыг тодорхойлдог. Хүний эрүүл мэндэд хамгийн их хортой тоосонцор, хүхэр, азотын давхар исэл хэмжээнээс хэд дахин ихэссэн. Дөрвөн улиралд азотын давхар исэл автомашинаас үүсч байна. Зуны улиралд гэр хорооллын агаарын бохирдол буурдаг байхад өвөлд хүхэрлэг хийн хэмжээ 200-300 дахин ихэсдэг байх жишээтэй. Хүхэрлэг хий маань өнөөх түүхий нүүрснээс гарна шүү дээ. Ямар ч улиралд аюултай зүйл бол тоосонцор юм.
Гэр хороолол болон зам дагуух тоосонцорын 40-50 хувиар хэмжээ нэмэгдсэн. Энэ нь зам засварын ажлаас гадна манай замын арчилгаатай холбоотой. Нэг ёсондоо замыг тоосжилтоос хамгаалахын тулд усалгаа цэвэрлэгээ хэрэгтэй. Тэр нь манайд байхгүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл замыг цэцэг шиг л арчлах ёстой байхгүй юу.
-Өнгөрсөн жил шахмал түлш үйлдвэрлэдэг 10 компанитай гэрээтэй ажилласан юм билээ. Энэ жилийн хувьд хэчнээн компани шахмал түлш нийлүүлэх вэ?
- Өнгөрсөн жилийн хувьд шахмал түлш үйлдвэрлэгч “Шарын гол”, “Нако”, “Тара”, “Хүслэн-өлзий”, “Хайрхан буянт”, “Монголын тосгоны хөгжлийн санаачлага” сан, “Өлзийт төв”, “Голден блеиз”, “ТЭНОТЭ”, “Үртсэн шахмал түлш” НӨҮГ- уудтай түлш нийлүүлэх гэрээг байгуулан ажилласан. Дээрх компаниуд гэрээний дагуу 7609 тонн боловсруулсан түлш нийлүүлсэн байгаа. Үндсэндээ эдгээр компаниудын гэрээний биелэлт 38 хувьтай гарсан. Харин хагас коксон түлшний үйлдвэрүүдийн гэрээний биелэлт 10,21 хувьтай гарсан байх жишээтэй.
Энэ жилийн хувьд эхний ээлжинд үртсэн шахмал түлшний “Хайрхан буянт”, “Тара”, “МННБД”, “Голден блейз”, “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” НӨҮГ, “Дулаан-Агаар”, “Тэнотэ” “Ворм-Энержи” ХХК зэрэг үйлдвэрээс гадна хагас коксон шахмал түлшний үйлдвэр “Шарын гол энерго” ХХК-тай гэрээ байгуулаад байна.
-Түлшээ бэлтгэх цаг эхэллээ. Ингэхэд нийслэлийн хэмжээнд шахмал түлшний нөөц хэр байна?
-Түлшийг “Билэг”, “Бөөний худалдаа” компаниудын нийт 1100 м2 агуулахыг түрээслэн түлшээ нөөцөлсөн. Одоогоор дээрх агуулахад 1000 гаруй тонн үртсэн шахмал түлш бий.
-Иргэд хаанаас түлшээ авах боломжтой вэ?
-Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсийн 9 хороонд түлш борлуулах газруудыг судлан үзэж хороо тус бүрт гурав, гурван борлуулалтын цэг байгуулсан.
-Экологид ээлтэй, шатахууны чанар сайжруулагч, утаа бууруулагч био түлш болон бусад дэвшилтэт технологийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар юу хийгдэв ээ?
-2011 онд “Био этанол” болон “Био дизель” түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Эн Би Эф”, “Оргил Ойл” компаниудтай хамтарч ажилласан. 850 автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг бууруулах дэвшилтэт төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, суурилуулах тендер зарлаж 350 автомашинд утааны шүүлтүүр тавьсан.
Ер нь дэлхийн хөгжилтэй орнуудын туршлагаас харж байхад автомашины утааг бууруулахад маш олон арга байдаг. Тухайлбал автомашины яндан, банкинд шүүлтүүр суурилуулдаг байх жишээтэй. Бидний гол зорилго бол хөгжилтэй орнуудын жишээнээс аль давуу талтайг нь сонгох юм. Тиймээс нэлээн судалгаан дээр тулгуурлан ажлаа зохион байгуулж байна.
-Утааг бууруулахад Мянганы Сорилтын сантай хамтран “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажил хэр явж байна вэ?
-Мянганы Сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн гол зорилго бол гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй сууц, зуух, гэрийн дулаалга, гонх худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Уг төслийн хүрээнд дөрвөн дүүргийн 21 хорооны 23 мянган өрхөд зуух, 1000 өрхөд гэрийн дулаалга, 100 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй сууц, 500 өрхөд гонх хөнгөлөлтэй үнээр нийлүүлэхээр хамтран ажиллаж байна.
Түүнчлэн “Цэвэр агаар” төслийн санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн ШУТИС-ын Дулаан, үйлдвэрийн экологийн хүрээлэн, Баянзүрх дүүргийн 102-р сургууль, ИЗИС-ийн дотуур байр, Хуулийн сургууль, Аялал жуулчлалын сургууль, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн халаалтын зуухнуудыг иж бүрэн шинэчлэх тендерт “Хүрд” компани шалгаран ажиллаж байна.
-Гэр хороололд амьдарч байгаа иргэд шахмал түлшнээс илүүтэйгээр түүхий нүүрсээ худалдан авч байгаа дүр зураг харагдаж байна. Ер нь түүхий нүүрсний хэрэглээ буурч байгаа юм уу?
-Ямар ч ажлыг нэг амьсгаагаар хийчихдэггүй. Тиймээс бодлогоор түүхий нүүрс түлүүлэхгүй болгох арга хэмжээг нийслэлээс авч хэрэгжүүлж байна. 2011-2012 онд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн 11 145 өрхийг түүхий нүүрс түлүүлэхгүй байх, 70 мянган өрхөд түлшний хэмнэлттэй бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх, 774 өрхөд цахилгаан болон хийн халаагуур хэрэгжүүлэх, нам даралтын 39 зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох ажлыг эхлүүлэн хийж байна. Дээрх ажлыг хийснээр түүхий нүүрсний хэрэглээг 27 хувиар бууруулах тооцоо гарсан. Өнгөрсөн оны байдлаар түүхий нүүрсний хэрэглээг 16 хувиар бууруулсан гэсэн судалгаа гараад байна.
Тухайлбал түүхий нүүрсийг хязгаарлаж боловсруулсан түлш тарааж буй бүсэд ойр Баруун 4 зам орчимд 2011 онд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 0.4 хувь, өвлийн сарын дундаж агууламж (10-12 дугаар сарын дундаж агууламж)-аар тооцож үзэхэд 3.7 хувиар тус тус буурсан байх жишээтэй.

-Гэр хорооллын айл өрхийг цахилгаан эх үүсвэрээр халаах асуудал утааг бууруулахад дэм болно. Гэр хроооллыг цахилгаан эх үүсвэрээр халаахад ямар компаниудтай хамтарч байгаа вэ?
-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн 393 өрхийг шинэ технологийн шал, хананы, эрчим хүчний хэмнэлттэй халаалтаар халаахаар тендер зарлан шалгаруулалтыг хийсэн байгаа. Тухайлбал шалны хулдаасан халаалтыг “Минжзанд” ХХК, эрчим хүчний хэмнэлттэй халаалтыг “Бумбод” ХХК, шалны усан халаалтын гүйцэтгэгчээр “Тот ком сервис” компани тус тус гэрээ байгуулаад байна.
Мөн 2250 өрхийг дулаан баригч, утаа шүүгчээр хангахаар тендер зарласан бөгөөд дулаан баригчийг нийлүүлэх гүйцэтгэгчээр “Гүүдшейрэнг” ХХК, утаа шүүгчийг нийлүүлэх гүйцэтгэгчээр “Зиг Заг трейд” ХХК шалгарч тус тус гэрээгээ хийгээд байна.

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох уу?
-Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 2 -ны өдрийн 309 дүгээр тогтоолоор “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох” журам, “Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох” журмууд гарсан.
Дээрх журмуудын хүрээнд 6 дүүргийн хэмжээнд 26508 өрх цахилгааны үнийн хөнгөлөлтөнд хамрагдсан.
Б.Ариунзаяа
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан