Г.БАТТҮВШИН: УТААГҮЙ ЗУУХЫГ ЦААШ ДАМЛАН ЗАРЖ БАЙГАА ИРГЭДТЭЙ ТЭМЦЭНЭ


-Тухайлбал, яг ямар ямар төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн бэ?
-Улаанбаатар хотод 189 мянган гэр хорооллын айл өрхүүд байгаагаас бид бүхэн одоогийн байдлаар 130 мянган айл өрхийг сайжруулсан зуухаар хангаад байна. Өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн гэр хорооллын нийт есөн хорооны 12 мянган айлд боловсруулсан түлш нийлүүлсэн. Мянганы сорилтын сангийн шугамаар 21 мянган дулаан бүрээс, 100 орчим эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлээд байна. Дээрээс нь нэмээд айл өрхүүд болон аж ахуй нэгжүүдэд яндангийн шүүлтүүр болон дулаан баригч гэх мэтчлэнгийн зүйлүүдийг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр олгосон.
-Сүүлийн үед зарим айл өрхүүд хөнгөлөлттэй үнээр худалдаж авсан утаагүй зуухаа цааш дамлаж зарсан тохиодол гарах болсон. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Тэр үнэн. Сүүлийн жилүүдэд иргэд төрөөс хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулсан бүтээгдэхүүнүүдийг ашиглахгүй, бусдад бэлэглэх, зарж үрэх  гэх мэт ёс суртхуунгүй, хууль зөрчсөн үйлдлүүдийг ихээр гаргах болсон. Зуухан дээр жишээ татаад ярихад л бид бүхэн үйлдвэрийн үнээс нь 90 хувийн хөнгөлөлттэйгээр иргэдэд санал болгон олгож байхад иргэд хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа цааш нь дамлан зарсан тохиолдол цөөнгүй гарсан. Тэгэхээр нэгэнт ард иргэдэд тодорхой хэмжээний хөнгөлөлт олгож байгаа тул эргээд тэр хүмүүсээс хариуцлага нэхэх ёстой. Үүний тулд журам боловсруулж байна.

-Та сая журам боловсруулж байгаа гэлээ. Энэ ямар учиртай журам бэ?
-Хөнгөлөлттэй үнээр олгож байгаа зуухыг цааш нь дамлан зарж байгаа хууль зөрчигчидтэй бид бүхэн иргэд, олон нийт, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагуудын оролцоотойгоор хамтдаа тэмцэе, шахалт үзүүлэе гэдэг зорилтыг дэвшүүлээд байгаа. Энэхүү журмын гол санаа нь юу вэ гэхээр хэн нэгэн хүн нам даралтын болон эрчим хүчний хэмнэлттэй зуухыг зарсан айл юмуу эсхүл утаа их хаяж байгаа авто машины зургийг нь утсаараа авч баримтжуулаад үүрэн телепоны аль нэг оператрт илгээх юм. Үүний дараа үүрэн телепоны операторууд холбогдох төрийн байгууллагууд руу яаралтай мэдээллийг дамжуулна. Мэдээлэл авсан төрийн байгууллагууд иргэний өгсөн мэдээллийн дагуу тэр доор нь очиж шуурхай арга хэмжээг авна.  Үүнээс гадна бидэнд тэр тухай мэдээлэл өгсөн иргэнийг тодорхой хэмжээгээр урамшуулна. Харин иргэнийг урамшуулах мөнгөө торгуулын мөнгөнөөс нөхөж авдаг системийг цаашид боловсруулах юм.
-Тус журам цаг хугацааны хувьд хэдийгээр мөрдөгдөж эхлэх вэ?
- Нийслэлийн агаарын чанарын алба, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Дэлхийн банкны Цэвэр агаар төсөл зэрэг байгууллагууд хамтран тусм журам дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Энэ халаалтын улиралдаа багтаж уг журам батлагдчихвал бид бүхэн хэрэгжүүлж эхлэх боломжоор хангагдах юм. Аль болох журмыг хурдан батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Нийслэлийн агаарыг бохирдуулж байгаа хүчин зүйлсийн нилээдгүй хувийг автомашин эзэлдэг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна.
-Улаанбаатар хотын агаарын бохирдлын хорь орчим хувийг зөвхөн автомашин эзлэж байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлаад 2012 оны улсын төсөвт хөрөнгийг нь суулгаад автомашины үзлэг оношилгооны утаа хаялтыг хянаж, шалгадаг шугамыг нэвтрүүлсэн. Цаашид  нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа авто машинуудыг жилдээ хоёр удаа дээрх оношилгоонд оруулна. Энэ үндсэн дээр зам тээврийн яамтай хамтраад их хэмжээгээр утаа хаядаг машинуудыг төв зам дагуу зорчуулахгүй байх арга хэмжээг авах юм.
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн цагаас буюу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэл хотын агаарын бохирдол хичнээн хувиар буурсан бэ? Энэ талаар тодорхой тоо баримт байна уу?
-Нийслэлийн агаарын бохирдлыг Улаанбаатар хотод байрлах 14 суурин харуулаар өдөр тутам хэмжиж ажилладаг. Тэдгээр суурин харуулуудын дүнгээс ажиглах юм бол өнгөрсөн жилийн тухайд нийслэлийн агаарын бохирдол 18 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр маш олон сайжруулсан утаагүй зуух тарааж, нам даралтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбосон. Мөн үүний зэрэгцээ автозамуудын зорчих хэсгийг сайжруулсан гэх мэт маш олон ажлууд нийлбэр цогц болж байж дээрх үр дүнд хүрсэн.
Р.Оргил        Times.mn
Мэдээний линк: http://review.time.mn/content/37994.shtml
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан