Хойч үеийнхэн дэлхий дээр амар тайван амьдрах баталгаа нь сэргээгдэх эрчим хүч


Дэлхий нийтэд тулгараад байгаа томоохон асуудал болох цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд 2020 оноос эхлэн жил бүр 100 тэрбум ам. долларын санхүүжилт хэрэгтэй болж байна. Энэ хөрөнгийг босгох үүргийг НҮБ-ын Байгаль орчны ассамблэй хүлээдэг. Бид хүрэн замаар буюу нүүрсэн дээр тулгуурлан хөгжиж байгаа орнуудад ногоон технологиор хөгжихөд нь дэм үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах зорилгоор энэ хөрөнгийг ашиглах юм. Ногоон хөгжлийн 50 хувь нь эрчим хүчнээс шууд хамааралтай. Учир нь нүүрс гэх мэт шатах малтмал шатааснаар хүлэмжийн хий үүсч байна.
Энэ хүрээнд Ногоон уур амьсгалын санг НҮБ-ын гишүүн орнууд хамтран 2013 оны арванхоёрдугаар сард байгууллаа. Нарийн бичгийн газар нь Солонгост байрладаг. Энэ санд одоогоор 10 тэрбум ам.доллар төвлөрөөд байна. Бид эхний ээлжинд хэрэгжүүлэхээр нийт 17 зорилт дэвшүүлсэн. Үүний нэг нь эрчим хүчтэй холбоотой.  Эрчим хүчний хувьд тогтвортой, найдвартай, хүртээмжтэй байхад голлон анхаарч байна.
Энэ санг уур амьсгалын өөрчлөлт болон ногоон технологийг дэмжих банк гэж ойлгож болно. Одоо бол манай дэлхий үнэхээр дулаарч байна уу үгүй юу гэдэг эргэлзээ хэдийнэ арилсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол болохгүй боллоо. Иймд маш олон оронд нүүрсний уурхайнууд, нүүрсээр эрчим хүч гарган авдаг цахилгаан станцуудад олгодог татаасыг зогсоож байна. Оронд нь сэргээгдэх эрчим хүчийг түлхүү дэмжих боллоо.

Эрчим хүчний ашигт малтмалд хамгийн их татаас олгодог 10 улсДээрх зургаас харахад Иран улс л гэхэд ДНБ-ийнхээ 15 хувийг эрчим хүчний ашигт малтмалд татаасанд олгодог юм байна. Мөн дийлэнх улсууд газрын тос, байгалийн хийн салбартаа багагүй мөнгө зарцуулдаг байна.
Сүүлийн жилүүдэд нарын эрчим хүч үйлдвэрлэх өртөг хурдтай буурч байгаа нь сайн мэдээ юм. Нэг мегаватт/цагийн эрчим хүчийг нарнаас гарган авах зардал нь 1990 оноос хойш 10 дахин буурчээ.
Дэлхийн 144 орон сэргээгдэх эрчим хүчний салбараа ойрын жилүүдэд хэрхэн хөгжүүлэхээ төр засгийнхаа бодлогод албан ёсоор тусгаж, баталгаажуулсан байдаг нь том алхам юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа уур амьсгалын хүрээнд ямар ажлууд хийхээ маш тодорхой амлалаа. Энэ яагаад чухал вэ гэхээр АНУ, ОХУ, БНХАУ саяхныг хүртэл Киотогийн гэрээнд нэгдэх хүсэлгүй байв. Харин одоо хандлага нь өөрчлөгдөж байна. Нүүрс хүчлийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг орнуудын төрийн тэргүүнүүд гар бариад, амласан болохоор ойрын жилүүдэд хүлэмжийн хийн эсрэг тэмцэл шинэ шатанд гарах нь хэмээн мэргэжилтнүүд найдлага тээх боллоо.
Европийн холбоо ч өнгөрсөн намар сэргээгдэх эрчим хүчний хэмжээгээ нэмж, 2020 он гэхэд одоогийн үйлдвэрлэлээ 20 хувиар өсгөх болсон.
Манай улсын хувьд дэлхийн дунджаас 3 дахин их дулаарчихлаа. Бид цөлжилт, бэлчээрийн талхлалттай хэдийнэ нүүр тулсан. Сэгээгдэх эрчим хүчний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар шинэчлэн батлахад би дэмжлэг үзүүлнэ.
Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас санаачлан сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг Монголд борлуулвал ашгийн татвараас чөлөөлсөн. Энэ мэтээр хүрэн нүүрстэй өрсөлдөх сэргээгдэх эрчим хүчний суурийг бүрдүүлж эхэлж байна. Мөн БОНХЯ-ныхан ногоон барилга буюу эхний ээлжинд ногоон сургууль, цэцэрлэг байгуулах загвар зургийг боловсруулж байна. Энэ нь уурын зуухгүйгээр халаалтаа шийдвэрлэх сургууль, цэцэрлэг байх юм.
Ямартаа ч энэ салбарын хөгжил урагшлах ёстой. Яагаад гэвэл бидний дараа дараагийн үеийнхэн дэлхий дээр амар тайван амьдрах баталгаа нь сэргээгдэх эрчим хүчний салбар болохоор байна.
Эх сурвалж: www.gogo.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан