Сэргээгдэх эрчим хүчний хууль


ХОЁРДУГААР БҮЛЭГ
                  СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
5.1.Улсын Их Хурал сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж улсын төсвийн хөрөнгөөр баригдсан бие даасан үүсгүүрийг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
5.2.Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, бие даасан үүсгүүрээр хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангах, сумдын жагсаалтыг батална.
5.3.Эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
5.3.1.Сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
5.3.2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг боловсруулах;
5.3.3.Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техинк хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээний стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах;
5.3.4.Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;
5.3.5.Сэргээгдэх эрчим хүчний хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулж, батлах.
5.4.Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;
5.4.1.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг байршуулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгууллатын төлөвлөгөөнд тусгах;
5.4.2.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байршуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх;
5.4.3.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэргээгдэх эрчим хүч ашиглахын ач холбогдлыг сурталчлах;
5.4.4.Орон нутгийн өмчийн бие даасан үүсгүүрийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх;
5.5.Эрчим хүчний зохицуулах газар дараахи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;
5.5.1Дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийн тооцоог хянаж, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу тарифыг батлах;
.5.5.2Дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн дамжуулагчтай байгуулах гэрээний загварыг батлах, уг гэрээний хэргэжилтэд хяналт тавих.

                                                   ГУРАВДУГААР БҮЛЭГ

                                                 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

6 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих
6.1.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авна.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байж болно.
7 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
7.1.Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 13.1.-д заасан цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авна.
7.2.Дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгч нь дараахь эрх, үүрэгтэй:
7.2.1.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрт хамгийн ойр орших дамжуулах сүлжээний холбох цэгт цахилгаан эрчим хүч нийлүүлэх;
7.2.2.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс дамжуулах сүлжээний холбох цэг хүртэлх цахилгаан дамжуулах зардлыг хариуцах;
7.2.3.Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тавьсан шаардлагыг биелүүлэх.
7.3.Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нь дараахь эрх, үүрэгтэй;
7.3.1.Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд баталгаат тоолуураар нийлүүлэх;
7.3.2.Тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчдэд худалдсан цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг Сэргээгдэх эрчим хүчний сангаас нөхөн авах;
7.4.Энэ хуулийн 7.3.2. дахь заалт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр эрчим хүч үйлдвэрлэгчид хамаарахгүй.
7.5.Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нь эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.
8 дугаар зүйл. Дамжуулагчийн үүрэг
8.1.Дамжуулагч нь дараахь үүрэгтэй:
8.1.1.үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу эрчим хүчний зохицуулах газраас баталсан тарифаар худалдан авах;
8.1.2.Үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг эрчим хүчний дамжуулах сүлжээний хуваарилах байгууламжид техникийн шаардлагын дагуу холбох, өргөтгөл хийх, түүний зардлыг хариуцах.
9 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авах
9.1.Сонирхогч хуулийн этгээд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих, буюу үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг эрчим хүчний зохицуулах газар, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргана.
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан хүсэлтэд Эрчим хүчний тухай хуулийн 21.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг хавсаргана;
9.2.1.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг байршуулах зориулалтаар олгосон газрыг эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
9.2.2.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрт ашиглагдаж хугацаа нь дууссан зай хураагуурыг дахин боловсруулах, устгах төлөвлөгөө;
9.2.3.Усны эрчмийг ашиглах барилга байгууламж барих газрын хөрс, ургамал, геологи, гидрогеологийн нөхцөл, газар зүйн байрлал, газрын гадаргуу, уур амьсгал, агаарын даралт, салхины горим болон ус зүйн судалгааны материал;
9.2.4.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж нь олон улсын болон үндэсний стандартыг хангаж байгаа тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт;
9.3.Тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэгтэй холбогдсон харилцааг Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу зохицуулна.
10 дугаар зүйл. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ
10.1.Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай үйлдвэрлэгч, дамжуулагчийн хоорондын гэрээг эрчим хүчний зохицуулах газраас баталсан загварын дагуу байгуулна.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан гэрээнд үйлдвэрлэн нийлүүлэх цахилгааны чадал, чанарын үзүүлэлт, хэмжээ, тариф, хугацаа, цахилгааны тоолуур, хэмжих хэрэгслийн байршил, түүний төрөл загвар, нарийвчлал, итгэлцүүрийн хэмжээ, дугаар, цахилгааны төлбөр, тооцооны нөхцөл, гэрээг цуцлах үндэслэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгана.
                                             ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

                                                   Үнэ, тариф

11 дүгээр зүйл. Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тариф
11.1.Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг эрчим хүчний зохицуулах газар дараахь хязгаарын хүрээнд тогтооно:
11.1.1.Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам. доллар;
11.1.2.5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам. доллар;
11.1.3.Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам доллар
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг эрчим хүч үйлдвэрлэн дамжуулах сүлжээнд нийлүүлдэг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн худалдах эрчим хүчний үнэд шингээн зохицуулна.
11.3.Бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл дараахь хязгаарын хүрээнд тогтооно;
11.3.1.Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.10-.0.15 ам доллар;
11.3.2.500 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-.0.10 ам доллар;
11.3.3.501-2000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.05-0.06 ам.доллар;
11.3.4.2001-5000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.05 ам.доллар;
11.3.5.Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.2-0.3 ам. доллар;
11.4.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг тогтоохдоо дор дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ;
11.4.1.Тухайн бүс нутгийн газар зүйн байрлал, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал;
11.4.2.Үнэ, тариф нь хэрэглэгчдийн худалдан авах чадавхид нийцсэн байх.
11.5.Газрын гүний дулааны эрчим, биомасс болон энэ хуулийн 11.1, 11.3-т зааснаас бусад сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийг уг үнэ, тарифын нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзан эрчим хүчний зохицуулах газар тогтооно.
12 дугаар зүйл. Үнэ тарифын үйлчлэх хугацаа
12.1.
12.1. Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10-аас доошгүй жилийн хугацаанд тогтвортой мөрдөнө.
                                              ТАВДУГААР БҮЛЭГ

                                 СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САН

13 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүчний сан
13.1.Сэргээгдэх эрчим хүчний сан байгуулах, уг сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, , зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
                                           ЗУРГАДУГААР БҮЛЭГ

                                                 БУСАД ЗҮЙЛ

14 дүгээр зүйл. Маргаан шийдвэрлэх
14.1.Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Эрчим хүчний тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15.1.Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрчим хүчний хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
15.1.1.Энэ хуулийн 8.1.2-т заасныг зөрчсөн дамжуулагчийг 250.000 хүртэл төгрөгөөр торгох;
15.1.2.Энэ хуулийн 7.3.2-т заасныг зөрчиж үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан, саатуулсан албан тушаалтныг 50000 хүртэл төгрөгөөр торгох.

                      МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан