"АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ"-2014 оны 12 дугаар сарын 05-наас мөрдөж эхэллээ.

              БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД,
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх/


2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр              Дугаар А-263/А-616                    Улаанбаатар хот 

Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААЖ, ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тус журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Нийслэлийн экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ нарт тус тус үүрэг болгосугай.

           Байгаль орчин,                                                         Нийслэлийн Засаг дарга бөгөөд
  ногоон хөгжлийн сайд              С.ОЮУН              Улаанбаатар хотын захирагч               Э.БАТ-ҮҮЛ

 

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан
2014 оны 07 сарын 17-ны өдрийн А-263/А-616 дугаар тушаал, захирамжийн хавсралт

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД
МӨРДӨХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээг тогтооход энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журмыг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.
1.3. Агаарын чанарыг сайжруулах бүсэд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэх ба Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд дараах төрлийн бүтээгдэхүүн хамаарна. Үүнд:
- Монгол Улсын болон олон улсын стандарт, норм шаардлагад нийцсэн сайжруулсан зуух /MNS EN 13240:2011, “Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5457-2005/, сайжруулсан түлш /MNS 5679:2011/ болон сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, газрын гүний дулаан), био түлш (ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан шингэн), цахилгаан, бүх төрлийн хийн халаагуур зэрэг багтана.
Хоёр. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм
2.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаас дараах дэглэмийг мөрдөнө:
2.1.1.Стандартын шаардлага хангасан дэвшилтэд техник технологи бүхий бүтээгдэхүүн хэрэглэх;
2.1.2.Дулаан алдагдлыг багасгах зориулалттай стандартад нийцсэн нэмэлт дулаалга хэрэглэх;
2.1.3.Халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж суурьлуулах;
2.1.4.Сайжруулсан зуухнаас бусад зуухыг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэхгүй байх;
2.1.5.Сайжруулсан түлшнээс бусад зориулалтын бус түлш хэрэглэхгүй байх;
2.1.6.Агаарын чанарын стандартыг хангаагүй техник, технологи, тоног төхөөрөмж ашиглахгүй байх;
2.1.7.Агаарын чанарын мэргэжлийн алба болон орон нутаг дахь салбарын дүгнэлтгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг агаарын бохирдлын эх үүсвэр ашиглахгүй байх;
Гурав. Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1. Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийг гаргаж, мэдээллийн санг хөтлөх;
3.2. Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа айл өрхөд жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд шөнийн хэрэглээний цахилгаан, эрчим хүчний үнийг Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасны дагуу 50 хувиар бууруулах;
3.3. Албан татвар төлөгч иргэн өөрийн хэрэгцээнд зориулан стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авсан нь баримтаар нотлогдож байгаа бол нотлогдсон төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлогыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.15-д заасны дагуу татвараас чөлөөлөх;
3.4. Аж ахуйн нэгж, байгууллага Засгийн газраас тогтоосон жагсаалтад заасан стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авсан бол тухайн бүтээгдэхүүний үнийн дүнтэй тэнцэх орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.4-д заасны дагуу татвараас чөлөөлөх;
3.5. Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн аливаа хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;
3.6. Агаарын бохирдлын эх үүсвэр, сөрөг үр дагавар, агаарын бохирдлыг бууруулах техник, технологи, бүтээгдэхүүний ач холбогдол, ахуйн хэрэглээнд шатдаг хий ашиглах, аюулгүй ажиллагааны талаар сургалт, сурталчилгаа явуулах;
Дөрөв. Оролцогч талуудын эрх, үүрэг
4.1. Төрийн байгууллагын эрх, үүрэг:
4.1.1. Нийслэлийн Засаг дарга энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулна.
4.1.2. Дүүрэг, хорооны Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар агаарын чанарын сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
4.1.3. Дүүрэг, хорооны Засаг дарга агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийг гаргаж, бүртгэлийн мэдээллээ жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн агаарын чанарын албанд хүргүүлнэ.
4.1.4. Нийслэлийн агаарын чанарын алба агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн санг хөтлөн явуулна.
4.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх,үүрэг:
4.2.1. Энэ журмын 2.1-т заасан дэглэмийг мөрдөх;
4.2.2. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа сургалт, сурталчилгаанд оролцох;
4.2.3. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаар харъяалах дүүрэг, хорооны Засаг даргад мэдээлэх;
4.2.4. Хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх.
Тав .Хариуцлага
5.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд "Агаарын тухай" хуулийн 31.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 35

Өчигдөр 61

7 хоногт 189

Сард 976

Бүгд 52615