Нийслэлийн Засаг даргын "Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай" А/382дугаар дугаар захирамжийн хүрээнд, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөгийн баталсан удирдамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулагдаж байна.

     Сургалтад Нийслэлийн 6 дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын 4500 гаруй албан хаагч нар хамрагдаж, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Таван толгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг мэдээлэл зөвлөгөө өгч оролцоно.

    Тус сургалт 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд дүүрэг тус бүрт цахимаар зохион байгуулагдах бөгөөд одоогоор Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргүүдийн хороо хэсгийн ахлагч, гэрээт ажилтнууд сургалтад хамрагдаад байна.

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу өрх бүрт биечлэн орж хяналт тавьж ажиллах зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулж байна.

     Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: 2020-2021 оны өвлийн улиралд гаргасан алдаа дутагдлаа засаж, 2021-2022 оны халаалтын улиралд сайжруулсан түлшний хүртээмжийг сайжруулах, борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх, түлшний нөөц бий болгох, стандартын зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, гэр байшингаа дулаалах, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг иргэд олон нийтэд хүргэж хэрэгжүүлэн ажиллана гэж онцлон хэлсэн юм.