Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөгөөр 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр батлуулсан 2021/03 тоот “Автотээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ, ялгарах хаягдал утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжиж, үнэлгээ, дүгнэлт өгөх хяналт, хэмжилтийн ажлыг Нийслэлийн Агаарын Бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, БГД-ийн ЗДТГазар, Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран 2021 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 31-ний хооронд “Утаатай нэг тээврийн хэрэгсэл 1000 хүнийг хордуулна” уриатайгаар эхлүүлээд байна.
Уг ажлын зорилго нь:
Цар тахлын улмаас нийт хүн амын амьсгалын зам дагасан өвчлөлийн хэмжээ нэмэгдсэн, галлагааны улирал эхлэж байгаатай холбогдуулан автозамын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг, тээврийн хэрэгслээс үүдэлтэй нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), нүүрсустөрөгч, тортогжилтын бохирдлын эх үүсвэрт нэрвэгдэх байдлыг судлаж, энэхүү сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой.
Энэхүү хэмжилт, судалгаа нөлөөллийн ажлыг 2 үе шаттай хэрэгжүүлнэ. Үүнд:
1-р шатанд Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бохирдлын хэмжээ, авто замын дагуу агаарын чанарын байдал, дуу чимээний төвшинг хэмжиж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх,
2-р шатанд Сургуулийн хүүхэд зөөж байгаа нийтийн тээврийн автобусны утааны төвшингийн байдлыг тодорхойлж, утаа ихтэй тээврийн хэрэгсэл явуулсан аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэх, сургуулийн хүүхдүүдийг эрүүл орчинд тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэх байдлаар ажиллана.
2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Буянт-Ухаагийн тойрог замын хэсэг дээр автотээврийн утаанаас ялгарах борирдол хэмжих хэмжилтийн ажлыг хийсэн. Хэмжилтэд 26 тээврийн хэрэгсэл хамруулснаас 17 дизель машины 16 нь тортогжилтын байдал тэнцээгүй их хэмжээний хар утаа хаяж хөдөлгөөнд оролцож байсан, 8 бензин тээврийн хэрэгслийн 1 тээврийн хэрэгсэл хорт утааны хэмжээ стандартаас өндөр гарсан байна.
2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Зуслангийн зам дээр автотээврийн утаанаас ялгарах бохирдлыг хэмжих хэмжилтийн ажлын хийсэн. Хэмжилтэнд 28 тээврийн хэрэгсэл хамруулсан дүнгээр 21 дизель машины 19 нь тортогжилтын байдал тэнцээгүй их хэмжээний хар утаа хаяж хөдөлгөөнд оролцож байсан. 7 бензин тээврийн хэрэгслийн хорт утаа стандарт хэвийн гарсан.
АТҮТ-ийн инженерүүд тухайн тээврийн хэрэгсэлд зөвлөгөө өгч, техникийн үзлэгт дахин орох, автомашинд засвар үйлчилгээ хийлгэх заавар өгч ажиллалаа. Бусад дуу чимээ болон орчны хэмжилтийн дүн боловсруулагдаж байна.