Сэргээгдэх эрчим хүч дэлхий дахины хөгжлийн тэргүүлэх шинэ чиглэл болж байна


-Эрчим хүчний эх үүсвэрийг уламжлалт ба сэргээгдэх эрчим хүч гэж хоёр ангилан авч үзэж болно. Уламжлалт эрчим хүчинд бид бүхний сайн мэддэг нүүрс, газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүч хамаардаг. Харин нар, салхи, ус, биомасс, геотермийн энерги болон далайн таталт түлхэлтийн хүч сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт орно. Уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний үндсэн ялгаа нь Уламжлалт эрчим хүчний эх үүсвэрүүд нь олон сая жилийн турш урт удаан хугацаанд үүсэж бий болсон бөгөөд нөөц нь хязгаартай тул хэрэглээ нэмэгдэх тусам түүний нөөц нь багасч ховордож байдаг.
 Харин сэргээгдэх эрчим хүчний нөөц байнга нөхөгдөн сэргээгдэж байдаг болохоор түүнийг хичнээн ч их хэрэглэлээ гээд нөөц нь багасна, дуусчих болов уу гэж санаа зовох юмгүй. Эрчим хүчний уламжлалт эх үүсвэрийн хувьд өнөө үед хэрэглээ их нэмэгдэж байгаатай холбогдон нөөц нь эрс багасч байна. Өөр нэг онцлог ялгаа нь уламжлалт эрчим хүчний нөөц харилцан адилгүй тархсан, дэлхий дээр хуруу дарам цөөхөн хэдхэн орон нүүрс, байгалийн хий болон ураны асар их нөөцтэй, гэтэл ихэнх орнуудад ийм нөөц маш бага. Үүнээс үүдэн дэлхийн зарим улс орнуудын эрчим хүчний хангамжид хүндрэл гарах, эрчим хүчний хангамж эдийн засаг нь бусад улс орноос хамааралтай байх эрсдэлтэй, аюултай байдал үүсэх явдал их байна.
Энэ нь заримдаа улс төр, эдийн засгийн хурцадмал байдал, дайн байлдааны шалтгаан болох ч тохиолдол байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хувьд дэлхийн бүх улс орон бүрт байдаг. Улс бүр сэргээгдэх эрчим хүчний ямар нэг нөөцтэй. Газар нутгийн байршил, байгаль цаг агаарын онцлогоос хамааран сэргээгдэх эрчим хүчний нөөц газар бүрт жигд биш ч гэсэн аль ч улсад ядаж өөрийгөө хангах хэмжээний нарны, усны эсвэл салхины эрчим хүчний хангалттай нөөцтэй.
Өөр нэг онцлох зүйл гэвэл дэлхий дээрх сэргээгдэх эрчим хүчний нийт нөөцийн бараг гуравны хоёр хувь нь эрчим хүчний хангамж муутай хөгжиж байгаа орнуудад байдаг. Энэ нь хөгжиж байгаа орнуудын хувьд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан эрчим хүчний хангамжаа сайжруулах замаар эрчимтэй хөгжих, сэргэн мандах маш том давуу тал.
 -Сэргээгдэх эрчим хүч гэдэгт нар, салхи, ус гэсэн төрлийг ойлгож байгаа. Ер нь хэр олон төрөл байдаг вэ ? Манай орны хувьд нар, салхи ихтэй байдаг нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж их байдгийг харуулдаг. Тэгэхээр бусад улстай харьцуулахад манайх сэргээгдэх эрчим хүчний нөөц хир ихтэй вэ?
 -Ер нь бол эх сурвалж нь нарнаас гаралтай, байнга нөхөгдөн сэргэж байдаг нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомасс, геотермийн энерги болон далайн таталт түлхэлтийн хүч гэсэн эрчим хүчний эх үүсвэрүүдийг сэргээгдэх эрчим хүчний төрөлд багтдаг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай орон нарны эрчим хүчний нөөц хамгийн ихтэй, дараа нь салхи, тэгээд усны эрчим хүч орно, мөн геотерми болон биомассын эрчим хүчийг ашиглах багагүй нөөц боломж манайд бий. Манай орны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн нөөцийг тогтоох талаар багагүй судалгаа хийгдсэн, ашиглаж болох хангалттай их нөөц байгааг тогтоосон байдаг. Манай орны сэргээгдэх эрчим хүчний нөөц хир их болохыг цахилгаан станцын суурилагдсан чадлаар илэрхийлбэл зөвхөн усны эрчим хүчийг ашиглан 6.2Гегаватт, салхины эрчим хүчийг ашиглан 4300Гегаватт, үүнээс зөвхөн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээрх салхины эрчим хүчний нөөцийг ашиглан 300Гегаватт чадал тус тус гаргах боломж бүхий салхины нөөцтэй. Манай улсын өмнөд, зүүн өмнөд хэсэгт манай орны нийт газар нутгийн 10 хувьтай тэнцэх тийм их талбай салхины нөөцийн хувьд салхин цахилгаан станц байгуулах нөхцлийг хангах нөөцтэй гэдгийг судалж тогтоосон байдаг.
Нарны эрчим хүчний нөөц үүнээс хэдэн зуу дахин илүү. Манай улс зөвхөн газар доороо асар их баялагтай бус түүнтэй зүйрлэшгүй их сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй. Харамсалтай нь бид энэ их нөөц баялагаа сайн ашиглахгүй байгаа. Сэргээгдэх эрчим хүчний энэ их нөөц баялагийг орчин үеийн өндөр технологи ашиглан эргэлтэд оруулснаар манай улс хурдан хөгжих, өндөр технологийн орон болох, асар их баялаг бүтээх боломж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийг ашиглах нь манайх шиг цөөхөн хүн амтай оронд маш чухал. Хүмүүс нь их орлоготой, чинээлэг, улс нь өндөр хөгжилтэй хүчирхэг орон болохын тулд оюун ухаан, өндөр технологид суурилсан эдийн засагтай болох нь чухал гэдгийг бүх хүмүүс сайн мэддэг. Сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх нь оюун ухаан, өндөр технологид суурилсан оюуны багтаамж ихтэй, цөөн хүн амын хүчээр асар их баялаг бүтээж болох эдийн засгийг бий болгох арга замын нэг. Үүнийг ХБНГУ, Дани, Исланд, Швед, Норвеги зэрэг улсын хөгжлийн загвар тодоос тод харуулж байна. Эдгээр орнуудын, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийн өлгий болсон ХБНГУ-ын хөгжлийн загвар үнэхээр гайхалтай. Энэхүү хөгжлийн загварыг эх орондоо яаж амжилттай хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулмаар байна. Өндөр технологийн салбарыг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, хөгжүүлж амжилтад хүрсэн, цөөхөн хүн амтай бусад орны туршлагаас бид суралцах, хуваалцах, боломжийнхоо хирээр авч хэрэглэх шаардлагатай байна. Норвеги, Израйл, Финлянд, Сингапур, Исланд зэрэг орнууд манайх шиг хэдхэн сая хүн амтай мөртлөө өндөр технологи, мэдлэгт суурилсан эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг амжилттай хөгжүүлж чадсан туршлага бэлээхэн байна.
 Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж үндэсний мэргэжилтнүүдийнхээ хүчийг төвлөрүүлэн, санал санаачилгыг нь төрөөс бодлогоор дэмжээд өгвөл тодорхой үр дүнд хүрэх бүрэн боломж бий. Би юу хэлэх гээд байна вэ?гэхээр бидэнд байгаа, өвөг дээдсээс заяасан юутай ч зүйрлэшгүй сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг үр ашигтай ашиглах боломжийг олгох өндөр технологийг эх орондоо оруулж ирэх ажлыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болговол их үр дүнд хүрэх боломж байна. Бидэнд азаар сэргээгдэх эрчим хүчний дуусашгүй их нөөц нь байна, түүнийг ашигт малтмал, газрын баялаг шиг ухаж аваад гадагш зөөчих боломжгүй, бид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах цар хэмжээгээ улам нэмэгдүүлэх тусам манай оронд өндөр технологи орж ирнэ, өндөр мэдлэг мэргэжил шаардах ажлын байрууд ихээр нэмэгдэнэ. Сэргээгдэх эрчим хүчний энэ асар их нөөцөө нэмүү өртөгтэй эрчим хүч болгон бусад оронд экспортлох боломжтой. Өмнөд хөрш, зүүн хойд Азийн орнууд Япон, Өмнөд Солонгос гээд эрчим хүч экспортлох асар их зах зээл байна. Бидэнд алдах зүйл байхгүй.
 Оюун ухаан, өндөр технологид суурилсан эдийн засагтай, хүмүүс нь өндөр орлоготой, чинээлэг, өндөр хөгжилтэй орон болох хөгжлийн нэг зам энэ биш гэж үү?. -Манайд ашиглаж болох хамгийн боломжтой, ашигтай сэргээгдэх эрчим хүч аль нь байдаг бол?
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай орон нар, салхи, усны эрчим хүчийг ашиглах боломж сайтай, ялангуяа өмнөд, зүүн өмнөд хэсэг, баруун өмнөд хэсэг нар салхины үнэхээр их нөөцтэй. Түүнийг ашиглах боломж нөхцөл ч хялбар, тохиромжтой. Газарзүйн байрлал нь тэгшхэн, элсэрхэг биш хатуу хөрстэй, хэт халуун биш хуурай, сэрүүн уур амьсгалтай зэрэг нь нар салхины эрчим хүчний технологи, тоног төхөөрөмжийг суурилуулахад болон тэдгээрийн хэвийн ажиллагаанд, үзүүлэлтэд маш эерэг нөлөөтэй. Тухайлбал нарны цахилгаан үүсгүүрийн гаргах цахилгааны хэмжээ нь гадаа орчин сэрүүн, хүйтэн байх тусам улам сайжирдаг сонин шинж чанартай. Өөрөөр хэлбэл, гадаа сэрүүн, хүйтэн байх тусам нарны цахилгаан станцын гаргах чадал улам нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр, өвөл хэдийгээр нарны тусгалын хүч сулардаг ч гадаа хүйтэн байдаг тул нарны станцын үйлдвэрлэх цахилгаан эрчим хүч харьцангуй их байна гэсэн үг. Харин зуны улиралд гадаа халуун байхад нарны зай их халснаас гаргах чадал нь буурдаг, гэхдээ зуны улиралд нарны тусгалын хүч сайн, нартай байх хугацаа урт болохоор нарны станцын гаргах чадал хангалттай сайн байдаг. Нөгөөтэйгүүр, манай орны хуурай сэрүүн уур амьсгал нь чийглэг халуун оронтой харьцуулахад нарны станцын эд анги зэврэх, элэгдэн хуучрахад маш бага нөлөөлдөг. Иймээс нарны станцын эд ангийн ашиглалтын хугацаа манай орны хувьд халуун чийглэг орныхоос харьцангуй урт байх сайн талтай. Энэ талаар хийсэн сонирхолтой судалгаанууд байдаг. Нарны зайн үзүүлэлт, түүний гаргах чадлын хэмжээ нарны тусгалын хүчнээс гадна агаарын тунгалагшилт, жилд нартаа байх өдрийн тоо, цаг агаарын нөхцөл, тоос шорооны нөлөө гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаарна. Өөр өөр газарт нэг жилийн турш яг адилхан хүчин чадалтай нарны зайнуудын үйлвэрлэсэн цахилгааны хэмжээг харьцуулаад үзэхэд нарны эковаторын халуун орнуудад тусгалын хүч их байтал манайхаас 10-15 хувь бага цахилгаан үйлдвэрлэсэн байдаг. Маш сонин үр дүн байгаа биз. Би 1999 оноос эхлэн, сүүлийн 10гаруй жил нарны эрчим хүчний нөөц ихтэй цөл газруудад их хүчин чадалтай нарны станц байгуулах боломжийг судалж байгаа олон улсын хамтарсан судалгаанд оролцон ажилласан. Энэ судалгааны үр дүн “Energy from desert” (”Цөлийн эрчим хүч”) нэртэйгээр 3 том ном болж 2003, 2007, 2009 онуудад хэвлэгдсэн.
Нарны эрчим хүчний нөөцөөрөө хамгийн их нь Африкийн Сахарын цөл боловч, Монголын говийн бүс нутаг газрын гадаргын тогтоц байрлал, элсэрхэг биш хатуу хөрстэй, хуурай, хэт халуун биш сэрүүн уур амьсгалтай зэрэг нөхцлүүдээр их чадлын нарны станц байгуулахад хамгийн тохиромжтой бүс нутаг болохыг энэ судалгаагаар тодорхойлсон юм. Говийн бүсийн зарим хэсэг нь БНХАУ-д Өвөрмонголын нутагт байдаг. БНХАУ-д 2Гегаваттын хүчин чадалтай дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг АНУ-ын “First Solar” компанитай хамтран Өвөр Монголын Ордост барьж байгаа. Цаашид ийм хэд хэдэн нарны цахилгаан станцууд барьснаар 2012 онд шинээр нэмэгдэх нарны станцын чадлыг 4-5 Гегаватт, 2020 он гэхэд 45 Гегаватт хүргэхээр төлөвлөж байна. Энэ бүхэн Монголын өмнөд, зүүн өмнөд хэсэгт Өвөрмонголын говийн нэгэн адил нар, салхины эрчим хүчний асар их нөөц байгааг давхар нотлохын зэрэгцээ нар, салхины эрчим хүчийг ашиглах нь эдийн засгийн хувьд ашигтай, ирээдүйтэй болоод байгааг харуулж байгаа бодит баримт. Манай орны хойд хэсгийн усны эрчим хүчний нөөцийг ашиглан хэд хэдэн томоохон УЦС байгуулах, өмнөд, зүүн өмнөд хэсэг, баруун өмнөд хэсэгт нар салхины асар их нөөцийг ашиглан хэдэн арваас зуун гегаваттын нар салхины томоохон станцууд барьж ашиглах бүрэн боломж бий. Үнэхээр их нөөц байгаа. Хэрэв манай улс сэргээгдэх эрчим хүчний энэ их нөөцөө ашиглан хэд хэдэн томоохон УЦС, Нар, Салхины томоохон станцууд барьж ашиглавал өөрийнхөө бүх хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангаад зогсохгүй цахилгаан дамжуулах шугам сүлжээгээ өргөтгөн шинэчилж Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан хангамжийн хэлхээнд орсноор тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахад сэргээгдэх эрчим хүчнийхээ нөөцийг ашиглан өөрийн хувь нэмэр оруулах ч боломж байгаа.
 Өөр нэг чухал хүчин зүйл бол нарны цахилгаан станц, салхин цахилгаан станцыг байгуулан ажиллуулахад ердийн уламжлалт дулааны цахилгаан станц шиг усан хөргөлт шаардагдахгүй тул усны нөөц багатай газар байгуулж болох илүү давуу талтай. Харин нарны дулааны цахилгаан станц байгуулах тохиолдолд турбины хөргөлтөнд ус хэрэгтэй боловч орчин үед хуурай хөргөлтийг ашиглах өндөр технологи бий болж байна.
 -Сэргээгдэх эрчим хүч хамгийн их хөгжсөн, хамгийн өндөр технологитой ямар орон байдаг юм бэ?
 -Сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтийн өргөн хэрэглээ болж эхэлж байна. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого шийдвэр гарган хэрэгжүүлээд ажиллаж байгаа орны тоо 100-аас хол давсан. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь зөв үү, үгүй юу?гэдэг тухай ярих биш хүн төрөлхтөн сэргээгдэх эрчим хүчний өргөн хэрэглээнд суурилсан тогтвортой эрчим хүчний хангамжид хэрхэн хурдан шилжих, энэ шилжилтийг хурдасгахын төлөө юу хийх ёстой вэ? гэсэн асуудал дээр дэлхийн улс орны анхаарлын төвд байна. Ямар орнууд сэргээгдэх эрчим хүчний технологиороо тэргүүлж байгаа вэ гэвэл энэ нь сэргээгдэх эрчим хүчний аль төрлөөр гэдгээс хамаарна. Нарны эрчим хүчний технологиор ХБНГУ, Япон тэргүүлдэг.
 Ер нь аж үйлдвэржсэн ихэнх орнууд нарны эрчим хүчний технологи,үйлдвэрлэлийн маш өндөр түвшинд хүрсэн. Салхины эрчим хүчээр Дани, ХБНГУ, Испани, БНХАУ тэргүүлж байнга. Геотермийн эрчим хүчийг ашиглах талаар Исланд улс тэргүүлдэг. Исланд улсыг геотермийн эрчим хүчний өндөр технологийн их дэлгүүр гэж нэрлэдэг юм байна билээ. Усны эрчим хүчийг ашиглах талаар Норвеги, Канад, БНХАУ, Япон, ОХУ, Энэтхэг гээд маш олон орон асар өндөр түвшинд хүрсэн байдаг. Биомассын хувьд Австри, Европын орнууд, Бразил их туршлагатай, өндөр технологитой. Манай урд хөрш БНХАУ сэргээгдэх эрчим хүчний бүх төрөл дээр, технологийн хөгжил, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд хол тэргүүлж байна үндсэндээ.
-Сэргээгдэх эрчим хүчний томоохон станц барих тухай ярихаар, харамсалтай нь олон хүмүүс манайд их үнэтэй, үр ашиггүй нар салхины станц барих цаг нь болоогүй, энэ бол одоохондоо өндөр хөгжсөн орнуудын л хийж хэрэгжүүлж чадах ажил гэх мэтээр үл ойшоох тохиолдол их байдаг?
 -Би үүнтэй огт санал нийлэхгүй байна. Олон улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ сүүлийн хэдхэн жилийн дотор асар их хурдацтай нэмэгдэж байгаа нь түүний ашигтай болохыг л харуулж байна. Тухайлбал, дэлхий даяар нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн жилийн өсөлт 2011 онд 139 хувь, салхины эрчим хүчний жилийн дундаж өсөлт 23.6 хувь байсан. Ийм өндөр хурдацтай үйлдвэрлэлийн өсөлт өөр аль ч салбарт ажиглагдахгүй байна.2010 оны эцсийн байдлаар нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 39.8 Гегаватт, салхины эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 196.6 Гегаватт хүрсэн. БНХАУ л гэхэд өнгөрсөн нэг жилийн дотор дангаараа 18.9 Гегаватт суурилагдсан хүчин чадал бүхий салхин станцууд байгуулан ашиглалтад оруулж дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн. Үүнээс бараг тэн хагасыг нь манай хилийн цаахан Өвөр Монголд байгуулсан байна.
 Манайхан Эрээнээс Бээжин явах замдаа зөндөө их салхин станцууд баригдсаныг харсан байх, Google-ээр ороод харахад ч харагдана. Тиймээс ч манай өмнөд хөрш дэлхийн хамгийн их салхин станц байгуулсан бүс нутгийн тоонд багтаад байна. Мөн нарны цахилгаан станцын үйлдвэрлэлээрээ ч БНХАУ дэлхийд тэргүүлж байна. Тэд нар, салхины станц ашигтай гэдгийг ойлгоод л асар их хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь ойлгомжтой. Гэтэл манай хилийн цаах нь байгаа тэр их нар, салхины нөөц манайд ч байгаа, нарийн судалгаа хийгээд үзэхээр бүр илүү ч нөөц боломж манайд байгаад байгаа юм.
 -Манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүч 2-3хан хувь эзэлдэг гэсэн. Энэ хэмжээг хэдий хэмжээ хүртэл нэмэгдүүлэх боломж байдаг вэ?
Уг нь Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт 2020 он гэхэд 20-25 хувь хүргэнэ гэсэн байдаг гэсэн? -Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн эзлэх хэмжээг 2010 он гэхэд 2-3 хувь, 2020 онд 20-25 хувь хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Манай улсын эрчим хүчний нийт суурьлагдсан хүчин чадалд одоогоор 828.3МВт орчим, жилдээ дунджаар 4,256.1 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэдэг. Дөргөн, Тайширын хоёр усан цахилгаан станц, сумуудад байгуулсан10 гаруй жижиг усан цахилгаан станц, түүнчлэн зарим сум багуудад суурилуулсан 20 гаруй нар салхины станцууд, дээрнь100,000 гаруй малчдад тараасан нарны цахилгаан үүсгүүрийн нийлбэр хүчин чадал, Чингис хаан нисэх онгоцны буудлын ойролцоо байгуулсан 427кВт-ын хүчин чадалтай нарны станц зэргийг оруулаад, өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нийлбэр чадал дөнгөж 30МВт орчим байгаа. Цөөхөн болохоор хуруу дараад тоолоход амархан байна.
Энэ нь ойролцоогоор эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 3.5 орчим хувь. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон гэхэд маш чамлалттай бага тоо. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзлэх хэмжээ цаашид эрс нэмэгдэх байх гэж найдаж байна. “Newcom” болон өөр 2-3 компани 50-100МВт-ын салхин парк говьд барихаар төлөвлөж байгаа, их чадлын нарны цахилгаан станц барих, нарны дулааны цахилгаан станц барих судалгаа хийх талаар яригдаж байгаа ч одоогоор тодорхой бодитой төсөл хэрэгжиж эхлээгүй л байна. Эдгээр санал, төлөвлөгөөг бодит ажил болгож чадвал бас нэлээд ахиц гарах байх.2020 он гэхэд эрчим хүчний нийт үйлдвэрлэл 2ГВт орчим хүрнэ гэж тооцож үзэхэд түүний 20-25 хувь буюу 400-500 МВт-ын хүчин чадлыг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэх шаардлагатай гэсэн үг. Энэ тийм их бүтэхгүй зорилт биш. Энэ дашрамд тэмдэглэхэд, өнөөдөр манай орны эрчим хүчний салбарын бодлого, бүтэц тогтолцоонд үнэлэлт дүгнэлт хийж, тогтвортой эрчим хүчний хөгжлийн бодлогыг асуудлыг эргэн харж, эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шинэчлэлийг хийж эхлэхэд хамгийн тохиромжтой үе. Тогтвортой эрчим хүчний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нь нүүрсээр ажилладаг олон ДЦС барихын оронд УЦС, нарны болон салхины томоохон цахилгаан станцууд барих нь сэргээгдэх эрчим хүчний технологийн өнөөгийн хөгжлийн түвшин, шаардагдах санхүүжилт талаас нь авч үзвэл харин ч үр ашигтай. Манай орон нүүрсээр баян, мөн түлш хямд, гэхдээ нүүрсийг зөвхөн ДЦС-ын түлш болгохоос гадна түүнээс илүү үр ашигтайгаар хэрэглэх маш олон боломж, арга зам, хэрэгцээ шаардлага байгаа. Харин нар, салхины эрчим хүчийг зөвхөн эрчим хүч үйлдвэрлэхэд л хэрэглэх боломжтой, өөрөөр хэрэглэх боломж байхгүй. Нарны, салхины эрчим хүч нөөцийн хувьд нүүрсээс хэдэн мянга дахин их, хэзээ ч дуусахгүй. Саудын Араб газрын тосны ямар их нөөцтэй билээ,“Монголын говийн бүс бол нар, салхины эрчим хүчний нөөцөөрөө Саудын Араб л гэсэн үг”.
Эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрсээ ашиглахыг урьдал болгох өрөөсгөл талтай. Нүүрсний үнийг хүчээр барьж дулааны цахилгаан станц хамгийн үр ашигтай юм шиг буруу ойлголт төрүүлж байхын оронд нүүрсээ сайтар боловсруулж өндөр үнээр дэлхийн зах зээлд зарах, түүнчлэн нүүрсийг шингэрүүлэн шатахуун бусад нэмүү өртөгтэй бүтээгдэхүүнүүд гарган ашиглах зэрэг зөндөө боломж байгааг бид бодолцох хэрэгтэй шүү дээ. Нүүрсээр ажилладаг олон дулааны цахилгаан станцууд барьснаар манай орон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах биш, харин ч нэмэгдүүлэгч орон болж цаашдаа хүлэмжийн хийн ялгарлын төлбөр улам нэмэгдэх тул их хэмжээний төлбөр төлөх үүрэг ч хүлээж болох бөгөөд энэ нь нэмэлт зардлын эх үүсвэр болно. Энэ бүхнийг сайтар тооцсоны үндсэн дээр манай орны тогтвортой эрчим хүчний хангамжийн бүтэц тогтолцоо ямар байхыг тодорхойлох шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний энэ их нөөцөө үр дүнтэй ашиглаж чадвал эрчим хүчний хэрэглээгээ хангаад зогсохгүй эрчим хүчээ бусад орнуудад экспортлож газрын доорх баялагаа ашиглахаас ч илүү хөгжих боломж бий. -Үүний тулд яах ёстой вэ? -Эрчим хүчний салбарынхаа өнөөгийн хөгжлийн бодлого, бүтэц тогтолцоогоо шинэчлэх шаардлагтай.
 Өнөөдөр манай орны ихэнх цахилгаан станц, эрчим хүчний ихэнх эх үүсвэрийн ашиглалтын хугацаа дуусах шатанд орж, манай улс дараагийн 40-50 жилд 2012-2050 он хүртэл манай улс ямар эх үүсвэртэй байх тухай асуудал тавигдаж байна. Эрчим хүчний дамжуулах, түгээх сүлжээний хувьд ч гэсэн адил, хуучирсан, ачааллаа дийлэхгүй байдалд хүрсэн байгаа, одоо тэдгээрийг шинэчлэх шаардлагатай болсон. Дэлхийн улс орнууд эрсдэл ихтэй цөмийн цахилгаан станц, утаа тортог ихтэй, хүлэмжийн хий их гаргадаг уламжлалт ДЦС-аас аль болох татгалзах бодлого баримталж байна. Энэ утгаар авч үзвэл, өнөөдөр манай орны эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шинэчлэл хийхэд хамгийн тохиромжтой цаг үе.
Дэлхийн хөгжлийн хандлага ч ийм байдалд, ийм цаг үеийн босгон дээр ирээд байна. Үүнийг анзаарахгүй, ойшоохгүй байж болохгүй. Үнэндээ бол манай орны эрчим хүчний хэрэглээ бусад улс орныхтоо харьцуулахад маш бага. Уул уурхай, үйлдвэржилт өндөр хурдацтай хөгжөөд 2020 он гэхэд хэрэглээ 2ГВт, 2030 гэхэд 5-10Гегаваттаас илүү нэмэгдэхгүй байх. Ийм хэмжээний эрчим хүчний хэрэглээг нар, салхи, усны эрчим хүчнийхээ байгаа нөөцийг ашиглан 100 хувь хангах, өөрөөр хэлбэл эрчим хүчний хэрэглээгээ бүрэн сэргээгдэх эрчим хүчээр хангасан орон болох бүрэн боломжтой. Техник технологийн хувьд ч тэр, хөрөнгө оруулалтын хувьд ч тэр үр ашигтай, хэрэгжих бүрэн үндэслэлтэй.
Хэрэв манай улс эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг шат дараатай амжилттай хэрэгжүүлбэл манай орны нэр хүнд ч асар их нэмэгдэнэ. Ардчилсан хувьсгалыг амжилттай хийсэн шигээ дэлхий дахинд үлгэр дууриал болно. Хөгжиж байгаа орон эрчим хүчний хэрэглээгээ хэрхэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжийг харуулсан үлгэр загвар болно. Үүнийг хийхийн тулд Засгийн газраас ирээдүйгээ харсан тогтвортой эрчим хүчний хөгжлийн зөв бодлого, зоримог шийдвэр гарган түүнийгээ амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй. Уул уурхайн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа томоохон ажлуудын үр дүнд эрчим хүчний салбараа шинэчлэх тогтвортой эрчим хүчний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн орчин, дэд бүтэц, эдийн засгийн үндэс суурь тавигдаж эхэлж байна. Сэргээгдэх эрчим хүч дэлхий дахины хөгжлийн тэргүүлэх шинэ чиглэл болж байна.
Аливаа бизнест хэн түрүүлж зөв шийдвэр гарган оролцон, тэр заримдаа эрсдэлтэй ч ихэнхдээ хождог бичигдээгүй хууль байдаг. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийг хийх талаар олон улсын түвшинд их анхаарч дэмжиж байгаа энэ цаг үед манай орон ирээдүйгээ харсан бодлогын зоримог шийдвэр, санаачилга түрүүлж гаргавал зорилтоо хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн байгууллага, бусад орнуудаас техник технологийн дэмжлэг авах боломж өнөөдөр их байна. Хугацаа алдмааргүй байна.Учирнь2015 оноос цааш сэргээгдэх эрчим хүч рүү шилжих энэ зам руу хүссэн хүсээгүй бүх улс орон орох тул тэр үед илүү дэмжлэг авах боломж улам хумигдана. Нөгөө талаар, өнөөдөр манай улсын өндөр хурдацтай хөгжлийн энэ шатанд уул уурхайгаас хуримтлагдаж байгаа санхүүгийн нөөц, хөрөнгийг ийм ирээдүйгээ чиглэсэн суурь дэд бүтцийн салбарт, эрчим хүчний салбартаа техникийн дорвитой шинэчлэл хийхэд зарцуулах нь хамгийн зөв оновчтой шийдэл байж болох юм.
 -Сэргээгдэх эрчим хүчний өртөг өндөр байдаг гэдэг. Бууруулах боломж бий юу?
 -Сэргээгдэх эрчим хүчний төрлүүдээс дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэж байгаа, үнийн хувьд хамгийн үр ашигтай нь УЦС. Салхин цахилгаан станц үнийн хувьд нүүрс, хийгээр ажилладаг цахилгаан станцтай өрсөлдөх түвшинд хүрээд байна. Өнөөдөр салхин станцын хөрөнгө оруулалтын 1 Гегаватт чадалд харгалзах нэгж зардал дундажаар1-1,2 сая доллар байгаа ба БНХАУ-д үүнээс ч бага 0,6-0,8 сая доллар болж байгаа. Нарны цахилгаан станцын үнэ одоогоор харьцангуй өндөр байгаа нь үнэн. Гэхдээ нарны цахилгаан станцын үнэ асар их хямдарч байна. Дөнгөж энэ сард гарсан хэвлэлийн мэдээнээс үзэхэд нарны цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 1Ватт чадалд харгалзах нэгж зардал 2011 оны 3-р улиралд 2,37 доллар байсан бол энэ сард 1,74-1,9 доллар хүртэл буурсан байна. Үнийн хувьд нүүрс, хийгээр ажилладаг цахилгаан станцтай өрсөлдөх түвшинд орж ирж байна гэсэн үг.
Нарны станц болон салхин цахилгаан станц нь шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт, хамгийн орчин үеийн өндөр технологи ашиглан хийгдсэн нарийн ажиллагаатай тул үнэ нь жилээс жилд эрс буурсаар байгаа. Эрчим хүчний үнэ тариф өндөртэй АНУ, Япон, Европын холбооны зарим орнуудад нарны эрчим хүчээр үйлдвэрлэх цахилгааны үнэ өнөөгийн ердийн сүлжээнээс авч буй цахилгааны үнээс ч хямд болж эхэлж байна, зарим тохиолдолд. Нарны зайны үнэ хэрхэн хурдан хямдарч байгааг харуулахын тулд бидний сайн мэдэх жишээн дээр тайлбарлъя. 1999 онд “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлэн 2000 оноос малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нарны үүсгүүр тарааж байхад 50Ваттын хүчин чадалтай иж бүрдэл нарны цахилгаан үүсгүүрийн үнэ 400,000 төгрөг орчим байсан бол өнөөдөр яг ийм хүчин чадалтай иж бүрдэл нарны цахилгаан үүсгүүрийг 200000 төгрөг хүрэхгүй үнээр авч байна. Ойрын 1-2 жилд энэ үнэ дахиад 2 дахин хямдарна. Айл бүр авах боломжтой болно. Энэ дашрамд хэлэхэд “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нарны цахилгаан үүсгүүр манай хөдөөгийн айл өрхийн ердийн хэрэглээ болж чадсан.
Гэхдээ малчдын хэрэглэж байгаа 50Ваттын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр нь зөөврийн жижиг телевизор ажиллуулах, нэг чийдэн асаах төдий хамгийн наад захын цахилгааны хэрэглээг хангаж байгаа. Хөдөөгийн иргэд нарны цахилгаан үүсгүүрийнхээ чадлыг нэмэгдүүлж хөргөгч, телевизор, компьютер, угаалгын машин гэх мэт айл өрхийн бусад ахуйн хэрэгцээгээ хангахыг хүсч байгаа. Энэ утгаараа, хөдөөгийн иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх үүднээс Засгийн газраас хэрэгжүүлсэн“100000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн дараагийн үе шатыг зах зээлийн нөхцөлийн дагуу, төрийн бодлогоор дэмжин үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй санагддаг. Хөргөгч, телевизор, компьютер, угаагч машин гэх мэт нэг айлын ердийн хэрэглээг хангахад 300-500 Ваттын хүчин чадалтай ком нарны цахилгаан үүсгүүр хангалттай бөгөөд үүнийг өнөөдөр 1.2-1.5 сая төгрөгөөр зах зээлийн үнээр авах боломжтой байгаа. Цаашид нарны үүсгүүрийн үнэ улам хямдарч, удахгүй 1-2 жилийн дараа 500Ваттын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг 600,000-900,000 төгрөгөөр авах боломжтой болно. Энэ үнэ үндсэндээ 1 мотоциклийн үнээс бага шүү дээ. Түүнчлэн хот суурин газарт нэг айлын цахилгааны бүрэн хэрэгцээг хангахад бусад орнуудад 4-5кВ-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг байр орон сууцныхаа дээвэр дээр, эсвэл хананд байрлуулан элбэг ашиглаж байна. Ийм 4-5кВ-ын хүчин чадалтай иж бүрэн нарны цахилгаан үүсгүүрийн үнэ өнөөдөр 10-12 сая төгрөгийн үнэтэй байна. 1-2 жилийн дараа энэ үнэ дахин 2 дахин хямдрах хандлагатай байна. Тиймээс 2014-2015 оноос цааш хот хөдөөгүй маш олон айл өрх нарны цахилгаан үүсгүүр хэрэглэж эхлэх байх. Дэлхий даяар ч хөгжлийн ийм чиг хандлага бий болж байна.
-Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад манай орны эрс тэс уур амьсгал сөрөг нөлөө үзүүлэх үү?
 -Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад манай орны эрс тэс уур амьсгал, үнэ зардал өндөр байгаа гэхээсээ илүү түүнийг хөхүүлэн дэмжин хөгжүүлэх санал санаачилга, бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа явдал маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Манай оронд сэргээгдэх эрчим хүчийг 2005-2020 хүртэл хөгжүүлэх хөгжлийн программ Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг УИХ баталсан.2006 онд уг хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний хууль ч бас УИХ-аас баталсан. Гэтэл энэхүү хөтөлбөр, хуулийн хэрэгжилт цаасан дээр, хэрэгжилт нь туйлын хангалтгүй байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад байгаль цаг уурын сөрөг нөлөө мэдээж бий, гэхдээ үүнийг шийдэж боломжтой, байгаль цаг уурын ямарч хатуу ширүүн нөхцөлд ашиглаж болох сэргээгдэх эрчим хүчний олон шинэ технологи гарсан, өргөн хэрэглэгдэж байгаа. УЦС-ын үр ашигтай ашиглалтад өвлийн эрс хүйтрэлт, хөлдөлт, мөн зуны улиралд хэт халж ган гачиг үүсэх зэрэг усны хуримтлалд эрс нөлөөлдөг тул УЦС-ын үр ашгийг бууруулдаг.
 Нар, салхины станцын хувьд цас орох, хүчтэй салхи элсээр шуурч шороон шуурга болох, өвөл эрс хүйтрэх зэрэг нь сөргөөр нөлөөлөх, зарим бэрхшээл гарах боловч эдгээр хүчин зүйлүүдийн нөлөөг урьдчилан тооцоолж, шаардлагатай хамгаалалт хэрэгслээр тоноглосон байдаг тул нэг их төвөгтэй байдал үүсэхгүй. Харин нэг анхаарах зүйл бол нарны станц, салхин станцын эрчим хүчний үйлдвэрлэл нь нар, салхины горимоос эрс хамаардаг, наргүй бол нарны станц цахилгаан үйлдвэрлэхгүй, салхигүй бол салхин станц цахилгаан үйлдвэрлэхгүй. Иймээс хэрэглэгчээ цахилгаанаар тасралтгүй хангахын тулд нар, салхины станцын үйлдвэрлэсэн цахилгаан дулааныг цэнэг хураагуур, эрчим хүч хуримтлуулагч ашиглах замаар шийдэж байна. Аль эсвэл нар, салхины станцыг төвийн сүлжээнд холбосноор төвийн сүлжээ нар салхины станцын тасалдалтай горимыг орлон хангах замаар шийддэг. Төвийн нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах нар салхины станцын тухайд, хэрэв тэдгээрийн хүчин чадал харьцангуй бага хэдэн зуугаас хэдэн мянган киловатт байхад нэг их хүндрэлтэй асуудал гарахгүй.
Харин нар, салхины станцын хүчин чадал эрс нэмэгдэн хэдэн 10МВт-аас хэдэн 100МВт болоход сүлжээний горим ачааллаас хамааран цахилгаан дамжуулах сүлжээний тогтворжилтонд нөлөөлөх талтай. Орчин үед сүлжээнд холбогдон ажиллаж байгаа нар, салхины станцын чадал хэдэн зуун Мегаватт хүрч байгаа тул тийм их чадалтай олон зуун нар салхины станцыг зэрэг холбоход үүсч болох хэлбэлзэл, нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах талаар олон шинэ технологи нэвтэрч байна. Үүний нэг хэлбэр нь ухаалаг сүлжээн дээр суурилсан олон төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн ажиллагааг үйлдвэрлэл болон хэрэглээ аль аль талд нь удирдан зохицуулж сүлжээний ачааллын баланслан тогтвортой байдлыг хангаж өгдөг эрчим хүчний хяналт удирдлагын ухаалаг систем юм. Утасгүй холбооны өндөр технологи ашигласан ийм интеллегент ухаалаг сүлжээний хяналт удирдлагын системийг өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй нэвтрүүлж эхэлж байна.
-Манай улсад сэргээгдэх эрчим хүч ахуйн хэрэглээнд голдуу ашиглаж байна үйлдвэрлэлд ашиглах боломж бий юу?
 -Өнөөдрийн байдлаар, манай оронд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ тун бага, түүний эзлэх хувь хэмжээ маш бага байгаа. Дөргөн, Тайширын УЦС-ыг эс тооцвол сэргээгдэх эрчим хүчийг гол төлөв зөвхөн ахуйн хэрэглээнд цахилгаан эрчим хүч гаргахад л ашиглаж байгаа. Гэхдээ маш бага хэмжээгээр. Бусад орнуудад, ялангуяа аж үйлдвэржсэн орнуудад хэдэн зуун Мегаваттын хүчин чадалтай нар, салхины станцууд, биомассаар ажилладаг дулааны станцуудыг олноор барьж байгуулан цахилгаан дулаан үйлдвэрлэхэд амжилттай ашиглаж байна. Үнэ нь хямдарч, улам үр ашигтай болж байгаа. Нарны коллектор ашиглан байр орон сууцны халаалт, мөн түүнчлэн нарны эрчим хүчийг ашиглан гарган авсан халуун ус, өндөр температуртай ажлын шингэн, халуун уураар хатаах, угаах, жигнэх, шарах зэрэг үйлдвэрлэлийн процесст өргөн ашиглагддаг дулааны хэрэглээг хангах талаар нэлээд амжилтад хүрч байна.
Сүүлийн жилүүдэд 60°С-аас 250°С хүртэл халаадаг нарны коллекторыг байр орон сууцны халаалтад өргөн ашиглаж эхэллээ. Мөн түүнчлэн 150-400°С халуун гаргадаг нарны вакуум коллектороор халуун ус, өндөр температуртай ажлын шингэн, халуун уур гарган авч түүнийг ялангуяа хөнгөн үйлдвэрлэлд хатаах, угаах, жигнэх, шарах зэрэг төрөл бүрийн процесст өргөн ашиглаж эхэллээ. Дэлхий даяар хэрэглэж байгаа эрчим хүчний нийт хэрэглээний 50 гаруй хувийг байр орон сууцны халаалт, сэрүүцүүлэг болон үйлдвэрлэлийн процессын халаалтанд ашигладаг.
Иймээс эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дээр дурьдсан халаалт сэрүүцүүлэг болон үйлдвэрлэлийн процесст сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Түүнээс гадна газрын гүнээс ус татах, газар тариаланд усжуулах, усыг цэвэрлэх, далайн усыг нэрж цэвэрлэх зэрэгт маш өргөн ашиглаж байна. Манай орны хувьд бүх төрлийн хүнсний үйлдвэр, ХАА газар тариалан болон арьс шир хөнгөн үйлдвэрлэл, түүнчлэн барилгын үйлдвэрлэлд ашиглаж байгаа цахилгаан дулаан, халуун уур усны хэрэгцээг хангахад нарны эрчим хүчийг өргөн ашиглаж болох үр ашигтай ашиглах боломж маш их байгаа. Үйлдвэрлэлийн процесст нарны эрчим хүчийг өргөн ашигласнаар цахилгаан дулааныг хэмнэх боломж нээгдэхийн зэрэгцээ, эрчим хүчний хангамжийн хувьд бие даасан найдвартай ажиллагаа хангагдана.
-Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн зүгээс гишүүн орнууддаа ямар дэмжлэг үзүүлдэг вэ? Манай орны хувьд ямар дэмжлэг авах илүү сонирхолтой бас боломжтой вэ? -Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (ОУСЭХА) нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудлыг хариуцдаг. Тус агентлаг нь 2009 онд ХБНГУ-ын Бонн хотод байгуулагдсан. Одоогоор дэлхийн 149 орон ОУСЭХА-ын гишүүнээр элсээд байгаа юм байна. ОУСЭХА-ын Нарийн бичгийн дарга нарийн газар нь Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод байрладаг, Өнгөрсөн оны 10-р сараас ОУСЭХА-ын Инноваци ба технологийн төв нь Бонн хотод нээгдэн ажиллаж байгаа. ОУСЭХА-ын нэн тэргүүний зорилт нь тогтвортой хөгжлийг хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг өргөжүүлэх, нэмэгдүүлэх явдлыг хөхүүлэн дэмжиж дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан, улс орон бүрийн эдийн засгийн чадавхи онцлогт нь тохирсон тогтвортой эрчим хүчний бүтэц, тогтолцоог буй болгох явдал юм.
 Үүний тулд, энэ талаар дэлхий дахинд хуримтлагдсан мэдлэг, мэдээллийг ялангуяа хөгжиж байгаа орнуудад дэлгэрүүлэх, тэдгээр орнуудад сэргээгдэх эрчим хүчнийхээ нөөцийг судалж тогтоон, түүнийгээ үр ашигтай ашиглах хөгжлийн бодлого боловсруулах, боловсон хүчнийхээ чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийг нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг зорьж байна. ОУСЭХА нь одоогоор сэргээгдэх эрчим хүчний аливаа томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийх юмуу шууд санхүүжүүлэх боломж ба тийм гэрээ хуулиар заасан үүрэггүй.
 Гэхдээ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Африкийн хөгжлийн банк, мөн Абу Даби хөгжлийн сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах, зах зээлийг нь хөгжүүлэх тал дээр төрөл бүрийн хэлбэрээр хамтран ажиллахаар яриа хэлэлцээр хийж байгаа. Миний ажиллаж байгаа Инноваци ба технологийн төв нь сэргээгдэх эрчим хүчний технологи хир сайжирч, үйлдвэрлэл, хэрэглээ, үнэ өртгийн хувьд хир зэрэг өрсөлдөхүйц түвшинд хүрч байгаа талаар судалгаа хийж, сэргээгдэх эрчим хүчний технологийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, сэргээгдэх эрчим хүчний статистик, нөөцийн судалгаа, үнийн талаар илтгэл, зөвлөмжүүдийг боловсруулан гаргаж байгаа бөгөөд тэдгээрийг бүх гишүүн орнуудад тараахаар төлөвлөж байна.
 Мөн Олон улсын цаг уурын байгууллага болон ХБНГУ-ын сансрын судалгааны төв, АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний үндэсний Лаборатори зэрэг зарим томоохон судалгааны төвүүдтэй хамтран ажиллаж, гишүүн орнууддаа улсын нар, салхины атласыг ойрын хугацаанд хийж гаргахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдан ажиллаж байгаа бөгөөд 2013 он гэхэд нар салхины нөөцийг нарийвчлан тогтоосон атласыг гаргах боломжтой болно гэж бодож байна. Түүнчлэн, Арабын Нэгдсэн Эмират Улсын Маздар хотын Шинжлэх ухаан технологийн их сургуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөгжиж байгаа орнуудаас жил бүр 20-оос доошгүй оюутан, магистр, докторантыг сургах тэтгэлэг ОУСЭХА-ын шугамаар жил бүр олгож байгаа. Тэтгэлэгт хамрагдан суралцах шаардлага хангасан оюутны бүх зардлыг ОУСЭХА гаргах юм. Үүнд манай залуучууд хамрагдан суралцах өргөн боломж нээлттэй байгаа.
 -Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.
 Ш.Эрдэнэчимэг
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан