Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн энэ сарын 23-ны өдөр “Сая уушги-сая мод” мод тарих уриалгын удирдамжийг баталсан юм.
Энэхүү удирдамжийн хүрээнд хоёр үе шаттай мод тарих аяныг хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шат дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 01-ний өдөр хүртэл хоёрдугаар үе шат нь есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл Агаарын бохирдлыг бууруулдаг хамгийн сайн цэвэрлэх байгууламж бол ой мод гэж хэлж болно.
- Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг
- Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг
- Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.
- Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал: нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.
- Мод нь хөрс хамгаалдаг гэх мэт маш их ач холбогдолтой