Тиймээс Төв аймгийн Сэргэлэн суман дахь Салхит ууланд баригдах салхины цахилгаан станцид үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн эрчим хүчний систем хүлээн авах техникийн нөхцөлийг хангах үүднээс Налайхын дэд станцыг өргөтгөн сайжруулах ажлыг “Цэвэр агаар” төслийн хүрээнд хийх юм. Дээр нь Налайх дэд станцыг Диспетчерийн үндэсний төвтэй холбох 22 километрийн шилэн кабель суурилуулах, Диспетчерийн үндэсний төвд диспетчерүүдийн чадварыг сайжруулах сургалтын симулатор програм бүхий сургалтын танхим байгуулах зэрэг ажлыг мөн адил төслийн хүрээнд гүйцэтгэнэ.э. Мөн “Цэвэр агаар” төслийн зүгээс гүйцэтгэх хамгийн чухал ажил нь энэхүү салхины цахилгаан станцын нийлүүлэх цахилгааны үнэ болон энгийн цахилгаан хэрэглэх үнэ (дулааны цахилгаан станцын нийлүүлэх цахилгааны үнэ) хоорондын зөрүүг арилгаж, цахилгаан хэрэглэх тарифыг тогтвортой байлгахад нь Монголын Засгийн газарт татаас үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл Монголын мянганы сорилтын сан буюу Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр бидний хэрэглэх цахилгааны үнийн нэг хэсгийг улсад төлнө гэсэн үг. Салхит ууланд баригдах 31 том сэнс бүхий салхины цахилгаан станц энэ оны сүүлч гэхэд баригдаж дуусна. 
Сахилгаан цахилгаан станцыг төслийг “Клин Энержи” компани хэрэгжүүлж байна. Мөн “Клин Энержи” компани дэлхийд танигдсан томтоохон компаниудын нэг болох “Женерал электрик” компанитай цахилгаан станцийн турбинуудыг нийлүүлэх гэрээг байгуулжээ. Салхин турбинуудыг нийлүүлэхэд гарч байгаа гол асуудал нь тээвэрлэлт юм. Учир нь салхин турбинуудын овор хэмжээ их том. Нэг турбины доод талын тулгуурын өндөр нь 80 метр, дээд талын гол цөм хэсэг буюу генетатор нь 60 тонн жинтэй, сэнсний далбаануудын урт нь 40 орчим метр урт, 7-8 тонн жинтэй юм байна. Тиймээс “Клин Энержи” компани Улаанбаатараас Чойрын чиглэлийн засмал замаас салаалж төмөр замын түр гарам хүртэл 2,3 километр сайжруулсан шороон зам тавьсан байна. Харин Австралийн “Лейтон” компани турбинуудыг газар суурилуулах аж. Харин Европийн Сэргээн Босголтын банк, Нидерландын “Эф Эм Өү” байгууллагатай салхин станцын төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна.
Ч.Самбуу