-Агаарын бохирдол буурахгүй байгаа нь хангалттай мөнгө байдаггүйгээс үүдэлтэй гэх яриа байдаг. Энэ жил төрөөс хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Төсөвлөж байгаа мөнгө хүрэлцэж байгаа гэж хэлэхэд хэцүү. Дэлхийн банкны судалгаагаар Улаанбаатарт амьдарч байгаа иргэд агаарын бохирдлоос үүдэн нэг жилд 430 сая ам.долларыг эрүүл мэнддээ зарцуулж байна гэсэн судалгаа гаргасан. Харин төрөөс 30 тэрбум төгрөг энэ чиглэлээр төсөвлөдөг. Тэгэхээр төсөвлөж байгаа мөнгө хаанаа ч хүрэхгүй нь мэдээж. Энэ жил төрөөс агаарын бохирдлыг бууруулахад 31 тэрбум төгрөг төсөвлөсөн.
-Агаарыг бохирдлын эсрэг төр юу ч хийхгүй байна гэсэн яриа иргэдийн дунд байдаг. Энэ талаар таны бодол?
-Төр юу ч хийхгүй байгаа юм биш. Тодорхой хэмжээгээр олон ажил хийгдэж байна. Харин иргэд өөрсдөө санаачлагатай, идэвхитэй байх хэрэгтэй. Иргэдэд төрөөс олон төрлийн дэмжлэг үзүүлж байна шүү дээ. Цахилгааны үнийн 50 хувийн хөнгөлөлт, дулаалга, зуух, түлш, орлогын албан татвараас нь чөлөөлөх гээд олон хөнгөлөлт үзүүлээд байхад юу ч хийхгүй байна гээд суух зөв үү.
-Зуух, түлшний асуудал дээр иргэд нэлээн хэл ам гаргадаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Яагаад хэл ам гаргаад байгааг нь ойлгохгүй байна. Баруун европын орнуудад хэрэглэгддэг өндөр технологиор хийсэн зуухыг иргэдэд 25 мянган төгрөгөөр тарааж байгаа. Уг нь үндсэн үнэ нь 450 мянган төгрөг. Тэгэхээр 95 хувийн хөнгөлөлт үзүүлж байна гэсэн үг шүү дээ. Бас хүн хэрэглэхэд тийм хэцүү хүнд юм байхгүй. Ийм хөнгөлөлт үзүүлээд байхад аваад тавьчих сэтгэл гаргахгүй байна гэдэг чинь утгагүй. Дээр нь зуухыг гэрт нь аваачиж, суулгаж, зааварчилгааг нь сайн өгөөд байхад хайнга хандаад байгаа хүмүүс агаарын бохирдол гэж яриад яах юм бэ. Зуух түлш хоёр хамтдаа л хэрэглэгдэх ёстой. Гэтэл иргэд зориулалтын бус зууханд нүүрс түлж, буруу ашигласнаас хэл ам гарч байгаа байх. Дээр нь бүсчилсэн газруудад түлшийг хороонд нь аваачиж буулгаад өгч байхад гэрт оруулаад өгчихгүй гэж ярьж суугаа хүмүүс байна шүү дээ. Бид 2013 оны эхний улирал гэхэд нийт гэр хорооллын өрхүүдийг зуухаар хангаж дуусна.
-Утаагүй түлш нийлүүлдэг байгууллагууд ажилдаа хайнга хандаж байна гэсэн яриа байгаа. Тэдгээр байгууллагуудад хариуцлага тооцож байгаа юу?
-Тиймээ. Үртэсний түлш нийлүүлж байгаа газар бол хэвийн байгаа. Харин хагас коксон түлш нийлүүлдэг зарим газар ажилдаа хайнга хандаж байгаагаас бид шүүхэд өгчихөөд байна.
-Агаарын бохирдлын тодорхой хувийг машины утаа эзэлж байгаа. Холбогдох байгууллагуудтай хамтраад энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авах уу?
-Ер нь нийт агаарын бохирдлын 60 хувийг гэр хороолол, 20 хувийг машин, үлдсэнийг нь цахилгаан станцууд гаргаж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад машинаас үүдэлтэй агаарын бохирдол өндөр байдаг. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг шийдэж болно. Тэгэхээр дараагийн асуудал нь машины утаа болж байгаа юм. Энэ тал дээр төрөөс тодорхой бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Бидний зүгээс төрийн үйлчилгээнд явж байгаа машинуудад шүүлтүүр тавьж, хийн түлшний холимог болгосон. Энэ жил ч мөн нэмж хийнэ.
-Нийслэлийн зарим дүүрэгт хийсэн хязгаарлалтын бүсийг энэ жил өөрчлөх үү?
-Энэ жил хязгаарлалтын бүсийг шинээр тогтооно. Урьд нь тогтоосон хязгаарлалтын бүсэд агаарын бохирдол 40 хувиар буурсан.
-Танай сан дээр агаарын бохирдлоос үүдэн иргэдийн эрүүл мэнд хохирч байгаа талаар хийсэн судалгаа байдаг уу. Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах уу?
-Агаарын бохирдлоос болж иргэдийн эрүүл мэнд хохирч байгааг хүн бүр мэддэг. Яагаад 10 жирэмсэн эмэгтэйн 2-3 нь дутуу төрж, ураг нь амьгүй болж, гажигтай хүүхэд төрөөд байна вэ. Энэ тоо улам нэмэгдээд байгаа нь агаарын бохирдолтой шууд холбоотой. Манай сан дээр тоо баримтууд байгаа. Бид энэ жил Эрүүл мэндийн яамтай хамтраад томоохон хэмжээний судалгаа хийх бодолтой байна.
-Зарим төрийн бус байгууллага иргэдийн эрүүл мэндийн хохирлын нөхөн төлбөрийг төрөөс нэхнэ гээд байгаа. Энэ тал дээр таны бодол?
-Ер нь энэ тийм ч зөв алхам гэж хэлэхгүй. Төр тодорхой хэмжээгээр ажлаа хийгээд явж байна. Агаарын бохирдол гэдэгт хэн нэгнийг буруутгаад яах ч юм билээ. Аль болох л эв зүйтэй байж гарах гарцаа зөв олох нь чухал. Ер нь агаарын бохирдлоос бүрэн салах ганц арга бол орон сууцжуулах. Цахилгаан станц шинээр барих, орон сууцжуулах асуудал шийдэгдэх юм бол агаарын бохирдлоос бид салж чадна. Тиймээс бид нэгдэж хүн бүр идэвхитэй байх нь чухал.
Э.Майцэцэг