Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зургаан дүүргийг хязгаарлалтын бүс болгон хуваасны нэг нь Баянгол дүүрэг юм. Бусад дүүрэгт сайжруулсан зуух худалдаалагдаж байгаа хэдий ч агаар шүүгч тараагаагүй аж. Энэ талаар нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга Ч.Батсайханаас тодрууллаа.
-Боловсруулсан түлш түлдэг бүс нутагт дахин агаар шүүгч өгөх шаардлагатай юм уу. Ямар учраас Баянгол дүүргийг сонгосон бэ?
-Бид агаарын бохирдлыг бууруулах зорилгоор янз бүрийн олон ажил хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь гэрийн зуухны янданд зориулагдсан шүүлтүүр юм.
Энэ хэр үр дүнтэй байж, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлж байгааг турших хэрэгтэй болсон. Түүхий нүүрс түлдэг гэр хорооллын бүсэд туршиж болох байсан. Гэхдээ бүрэн тооцоолж чадахгүй. Тиймээс хотын төвийн гэр хороолол буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороог сонгосон.
-Тус хорооны 1090 айлд үнэ төлбөргүй тараалаа. Үр дүнтэй байвал бусад дүүрэгт худалдаалах уу. Үнийн хувьд ямар байх бол?
-Шүүлтүүрийн нэг бүрийн үнэ нь 100 мянган төгрөг. Энэ удаад бид туршилтаар хэрэглэж байгаа тул үнэгүй тарааж байгаа. Тодорхой хугацаанд шүүлтүүрийн үр дүн ямар байхыг ажиглана. Үнэхээр үр дүнтэй байж чадвал бусад дүүрэгт ч нийлүүлэх боломжтой. Харин худалдаалах үнийг тухайн үед дахин ярилцана.
Ямартай ч агаарын бохирдлыг бууруулахад яндангийн шүүлтүүр хэмээх шинэ ойлголт гарч ирлээ. Үнэхээр зохион бүтээгчдийн хэлсэнчлэн үр дүнтэй байж, хөө, тортог, нарийн ширхэгт тоосонцоргүй байх эсэх нь удахгүй тодорхой болох нь.