ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай
2013 оны 09 сарын 17 өдөр                                              дугаар А/880                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.2, дүгээр заалтыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгахыг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” /Ч.Бямбажав/ “Халаалтын зуух ашиглалт зохицуулалтын газар” /З.Занданпүрэв/, “Ус сувгийн удирдах газар” /С.Үнэн/, болон бусад инженерийн хангамжийн байгууллагуудад үүрэг болгосугай.
 
2. Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, автозамыг хальтиргаа гулгаагүй байлгахад шаардагдах, элс, давс, тусгай бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөхийг дүүргийн Засаг дарга нар, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл /С.Энхсайхан/-д тус тус үүрэг болгосугай.
 
3.Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн халаалтгүй  аж ахуйн нэгжүүдийн барилга обьектуудын халаалтын системд шатдаг шингэрүүлсэн хийн түлш, сэргээгдэх эрчим хүч,  эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэрэг халаалтын хэрэгсэл ашигласан тохиолдолд өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог журамд шилжих ажлыг 2013 оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 4.Хөнгөлөлттэй үнээр авсан эрчим хүчний хэмнэлттэй зуухыг бүртгэгдсэн байршил дээрээ ашиглаагүй иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж зуухны үнийг үндсэн өртгөөр төлүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
 5.Дотоод орчны агаарын бохирдлыг багасгах зорилгоор орчин үеийн шилдэг бүтээгдэхүүний нэг болох “ионжуулагч гэрэл ”-ийг  түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч эхний ээлжинд цэцэрлэгийн бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарч ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-г, шаардагдах хөрөнгийг 2014 оны  хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /С.Баярбаатар/-т  даалгасугай.
 
6.Нийслэлийн малтай иргэдийн хадлан тэжээлийг бэлтгүүлэх, иргэд оршин суугчдын хүнсний хэрэглээний мах, хүнсний ногоог нөөцлөх ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.
 
7. Нийслэлийн улсын байцаагч нарын ажлын байрны тодорхойлолтонд агаарын бохирдлыг бууруулах талаар  хяналт тавих ажлыг нэмж тусгах, агаарын бохирдлыг бууруулах талаар гарсан шийдвэрийн биелэлтийг Улаанбаатар хотын хэмжээнд шалгаж   үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар 2013 оны 11 сард багтаан хэлэлцүүлэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /С.Ням-Очир/-т даалгасугай.
 
8. Нийслэлийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нь иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын хүчин зүтгэлээр хийгдэх ажил тул нийслэлчүүдэд хандан өвлийн улирал эхлэхээс өмнө дор бүрнээ өөрсдөөсөө шалтгаалсан өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгосугай.
  
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                 Н.БАТАА 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан