“Гор газ” компани Баянгол дүүргийн 1600 орчим айлд хийн плитка нийлүүлэх юм. Нээлтийн үеэр АББҮХ-ны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт “Нүүрс, цахилгаан аль алинаас нь хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлттэй энэ бүтээгдэхүүнийг үйлдвэржсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах ажилдаа хөшүүрэг болгосон олон жишээ бий.
Тиймээс бид эдийн засгийн хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулах боломжтой энэ бүтээгдэхүүнийг өөрийн орондоо нэвтрүүлж эхэлж байгаа” гэж ярилаа.
    Манай орны хувьд хийн буюу газан плиткийг нийтийн хоолны газруудад түлхүү ашигладаг боловч, айл өрхийн хэрэглээнд төдийлөн сайн нэвтрээгүй байгаа юм. Иймд дэвшилтэт энэ төрлийн хэрэглээг өргөжүүлж, дадлагажуулахын тулд энэ онд эхний ээлжинд 5000 өрхөд хийн плитка нийлүүлэхээр болсонтой холбоотойгоор энэ удаа Баянгол дүүргийн иргэдэд хийн плитка нийлүүлэх ажил эхэлж байна. Өмнө нь Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн иргэдэд хийн плитка нийлүүлэх ажлыг хэрэгжүүлсэн. Ирэх жилүүдэд ч мөн энэ ажлыг далайцтай үргэлжлүүлэх юм.


Бэлтгэсэн: Н.Насанжаргал
2014-11-10