Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд Шинжлэх ухааны академийн эрдэмтэд болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, албаны хүмүүс оролцов. Хурлыг үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт нар үг хэлсэн юм.
“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэв эрдэм шинжилгээний хурал “Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх”, “Шинэ технологи, дэвшилтэт арга”, “Нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд болсон бөгөөд эрдэмтэд өөрсдийн бэлтгэсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүлсэн. Илтгэлүүдийн дараа 50 минутын хугацаанд хуралд оролцогчид асуулт асууж, тавьсан илтгэлийг нь хэлэлцэж, санаа оноогоо уралдуулсан юм.
Хурлын хүрээнд эрдэмтдийн хөндөж тавьсан 10 илтгэлийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос захиалсан гэдгийг зохион байгуулагчид хэлсэн. Мөн хурлыг зохион байгуулагчдын төлөөлөл болсон ШУА-ийн ТТС-ын эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор профессор Г.Пүрэвдорж “Энэ хурлыг бид зохион бүтээгч нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд, шийдвэр гаргадаг хүмүүс ажлынхаа зүг чигийг шинжлэх ухааны үндэстэй гаргахад хэрэг болох болов уу гэж бодож зохион байгуулж байгаа юм. Энгийн үгээр хэлэхэд шүү дээ.
Хурлын дараа аль технологийг нь сонгоод, ямар чиглэл барьж ажиллавал илүү тохиромжтой вэ гэдгийг хуралд оролцсон хүмүүс хамтран хэлэлцээд, уриалга юм уу, зөвлөмж гаргая гэж ярилцсан. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин гуай бол зөвлөмж гаргая, энэ хурлыг жил бүр уламжлал болгон хийдэг болъё гэсэн санал тавьсан. Энэ дэмжигдэх байх” хэмээн ярьсан юм. Эрдэм шинжилгээний хурлын нээлт өчигдөр өглөө 09:00 цагаас эхэлсэн. Харин 09:15 цагаас эхлэн “Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх” гэсэн сэдвийн хүрээнд дөрвөн илтгэл тавигдсан юм.
Хамгийн эхэнд “Барилгын дулааны алдагдалд хийсэн шинжилгээ, агаарын бохирдлыг бууруулах боломж” сэдвээр ШУА-ийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан илтгэл тавьсан. Түүний дараа “Гэрийн болон усан халаалтын зуухнуудын туршилтын дүн, зуухны үр ашгийг дээшлүүлэх арга зам” сэдвээр ШУТС-ийн профессор, доктор Ж.Цэен-Ойдов илтгэл тавьсан юм. Мөн ШУА-ийн ТТС-ын ЭНБ-ийн дарга, доктор, дэд профессор Г.Пүрэвдорж “Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаах боломж, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн дараа ШУА-ийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан, ШУА-ийн ТТС-ын ЭНБ-ийн дарга, доктор, дэд профессор Г.Пүрэвдорж нартай тавьсан илтгэлийнх нь дагуу цөөн хором ярилцлаа.
С.Баяннасан: Орон сууцны дулаан алдалтыг бууруулснаар агаарын бохирдлыг арилгах боломж байна
/ШУА-ийн хэлтсийн дарга, доктор/
-Та “Барилгын дулааны алдагдалд хийсэн шинжилгээ, агаарын бохирдлыг бууруулах боломж” гэсэн сэдэвтэй илтгэл тавилаа. Манай улсад барилгын дулаан алдалт ямар хэмжээнд байгаа юм. Яаж бууруулах ёстой юм бэ?
-“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн болон ШУТИС-ийн эрдэмтэд, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн инженерүүдтэй хамтарч, нийслэлийн барилга, орон сууцнуудын дулааны алдагдал ямар байгаа талаар илтгэл бэлтгэж оролцож байгаа юм. Улаанбаатар хотод байгаа нийт орон сууцны 70 орчим хувийг эзэлдэг 1970-1990 оны хооронд баригдсан угсармал барилгыг дулаалах шаардлагатай байна гэдгийг энэ илтгэлээрээ онцолсон.
Өмнө нь ч гэсэн эрдэмтэд судалгаа хийгээд, үр дүнг нь танилцуулж байсан шүү дээ. Бидний хийсэн судалгаагаар, орон сууцны барилгын нэгж ашигтай талбайг халаахад шаардлагатай дулааны энергийн хэмжээ 350 КВт/цаг байгаа. Үүнийг бид нэгж ашигтай талбайдаа 100 КВт/цаг дулаан шаардагддаг байхаар болгож дулаалъя гэж санал оруулж байгаа. Бид Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 426 дулаалснаар жилд 750 сая орчим сая КВт/цаг дулааны эрчим хүчийг хэмнэх боломж бүрдэж байна.
Энэ хэмнэсэн дулаанаараа бид нэгж ашигтай талбайд шаардагдах дулаан нь 100 КВт/цаг байхаар дулаалсан барилгын 7.5 сая ам.метр талбайг халаачихна гэсэн үг шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарт байгаа 426 угсармал барилгын нийт талбай нь гурав орчим сая. Тэгэхээр бид 10.5 сая ам.метр талбай халааж болох дулаанаар 3.0 орчим сая ам.метр талбай халааж байна гэсэн үг. Хэрвээ бид 7.5 сая ам.метр талбай халааж чадах дулаанаа хэмнэж чадвал тийм хэмжээний талбайтай барилга баръя гэсэн санал оруулж байгаа юм. Нэг өрхийн орон сууцны талбайг дунджаар 75 ам.метр гэж тооцвол 100 мянган айлыг орон сууцаар хангах боломж байна гэсэн үг.
Хэрвээ манай улсын дулааны магистрал шугам дийлнэ гэвэл орон сууц дулаалах ажлыг эхлүүлээд, хэмнэсэн дулаанаараа 100 мянган айлын барилгыг халаана. Ингэхээр гэр хороололд амьдарч байгаа 190 гаруй мянган өрхийн талыг нь орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах боломж бүрдэнэ. Харин үлдсэн гэр хорооллын айлуудын байшинг маш сайн дулаалаад өгчихвөл агаарын бохирдлыг бууруулах боломжтой болно гэж бид үзэж байгаа юм.
-Угсармал барилга хаагуураа дулаан их алддаг юм бол. Яаж дулаалбал үр дүнтэй вэ?
-Барилгын гадны фасад, ханыг маш сайн дулаалах хэрэгтэй. Мөн цонхыг солих хэрэгтэй байгаа юм. Манай улсад ашиглагдаж буй цонхыг хэмжилтэд оруулж, дулааны алдагдал хамгийн багатайгаар сольж дулаалах шаардлагатай байна. Мөн дээвэр, зоорийн давхарыг дулаалах ёстой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр давхараар доошоо алдаж байгаа дулааны хэмжээг багасгах хэрэгтэй.
Мөн барилгад байгаа хамгийн том зүйл бол дулааны гүүр юм. Дулааны гүүрийг дамжиж дулаан маш их алдагддаг. Тэгэхээр гүүрүүдийг тодорхойлж, хэмжилт хийгээд, дулааны гүүрүүдийг багасгах хэрэгтэй. Мөн дулаалсны дараа агааржуулалтыг шийдэх ёстой. Агаар сэлгэлтийг зөв, оновчтой хийх юм бол эрчим хүчийг илүү хэмнэх боломжтой. Бид өөрсдөө хэмнэлттэй байж гэмээнэ улсын асуудалд тус нэмэр болно шүү дээ. Энэ бол зөвхөн нэг айлын асуудал биш.
Г.Пүрэвдорж: Эрчим хүчний үйлдвэрлэлийг 3000 МВт болгож нэмэгдүүлэх хэрэгтэй байна
/ШУА-ийн ТТС-ын ЭНБ-ийн дарга, доктор, дэд профессор/
-Гэр хорооллыг цахилгаанаар халаах асуудлыг та хөндөж тавилаа. Гэхдээ одоохондоо бол боломж тун хомс байгаа гэдгийг илтгэлийнхээ үеэр хэлж байсан. Энэ талаар товчхон ярьвал?
-Агаарын бохирдлыг бууруулах арга зам олон байгаа. Бид бол цахилгаан халаагуур нэвтрүүлэх асуудлыг ярьж байгаа юм. Цахилгаан халаагуур нэвтрүүлчих юм бол утаа гарахгүй. Үүн дээр маргах хүн гарахгүй байх. Гэхдээ цахилгаан халаагуур нэвтрүүлэхийн тулд эрчим хүчний эх үүсвэрийн болон шугам сүлжээний чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бол хийж болох зүйл. Гагцхүү хөрөнгө мөнгө л шаардагдана. Улсаас хөрөнгө мөнгө гаргаад, энэ асуудлыг шийдчих хэрэгтэй байна. Тэгвэл бид утаанаасаа бүрэн салж чадна.
-Та судалгаа хийж үзсэн нь тодорхой. Эрчим хүчний эх үүсвэрийг ямар хэмжээгээр нэмэгдүүлж байж энэ ажил үр дүнд хүрэх вэ?
-Өнөөдөр Улаанбаатар болон төвийн эрчим хүчний системын чадал дээд хэмжээндээ хүрчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын цахилгаан халаагуурт нэмэрлэх цахилгаан маш бага байгаа. Тийм болохоор олон жил яригдаж байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдийг барих хэрэгтэй. Тавдугаар цахилгаан станц болон бусад станцуудыг нэн яаралтай баримаар байна.
Гэр хоролллын халаалтыг цахилгаанд шилжүүлэх асуудалтай холбоотой төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахын тулд чадлыг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй байгаа. Манайхан гадагш нь цахилгаан гаргах тухай ярих биш дотооддоо цахилгаанаа боловсруулж, ард иргэдээ дэмжих хэрэгтэй шүү дээ. Үүн дээр ихээхэн чадал шаардана. Нэг айлд 10 КВт-ын чадал шаардана гэвэл 100 айлд яах билээ. Гэх мэтээр өснө.
-Энэ жил ТЭЦ-3 дээр 50 МВт, ТЭЦ-4 дээр 125 МВт-ын өргөтгөл хийж, ашиглалтад өгч байгаа шүү дээ. Энэ өргөтгөлүүд нэмэр болохгүй юу?
-Тун багахан хэмжээгээр нэмэгдэнэ. Эрчим хүчний чадал дээд хэмжээндээ тулчихсан байгаа. Энэ өргөтгөлүүд ашиглалтад орохоор цахилгааны чадал жаахан нэмэгдэнэ. Дулааны чадал нэмэгдэхгүй. Яагаад гэвэл зуух нэмж бариагүй. Одоо Монгол Улсын цахилгаан эрчим хүч 100 МВт байна. Үүнийг 2000 болгох хэрэгтэй. Ойрын үед. Цаашид 3000 болгох шаардлагатай. Тэгж байж Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа хангагдана. Түүнийгээ дагаад улсын эдийн засаг сэргэх, хөгжих боломжтой болно. Монголчууд бид саалиа бэлдэхээр саваа бэлтгэ гэж хэлдэг шүү дээ. Түүнтэй адил Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол эрчим хүчний салбар эдийн засагт уяа болно.
Цэвэр түлш үйлдвэрлэж, ногоон тээвэр хөгжүүлэхийг сануулав
Эхний сэдвийн хүрээнд эрдэмтэд илтгэл тавьж дууссаны дараа үдийн цайны завсарлага болсон. Ундлахаас өмнө хуралд оролцогчид “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн үзэсгэлэнгийн танхимыг үзэж сонирхсон юм. Ингээд өдөр 13:00 цагаас хоёр дахь шатны илтгэл рүү орсон. Тодруулбал, “Шинэ технологи, дэвшилтэт арга” гэсэн хэсэг рүү. Юуны өмнө “Цэвэр түлшний технологийн асуудлууд” сэдвээр ШУА-ийн ХХТХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Дугаржав гуай илтгэл тавьсан. Ерөөс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, утаанаас салах талаар тооцоо, судалгаатай илтгэлийг тавьж, хэлэлцүүлэв.
Түүний дараа Нийслэлийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ж.Сэрээтэр “Ногоон тээврийг хөгжүүлж, агаарын бохирдлыг багасгах арга зам” гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Тэрбээр нийтийн тээвэр эко түлш хэрэглэх. Нийтийн тээврийн стандартыг сайжруулж, иргэдийн тав тухтай байдлыг хангаснаар хувийн машинаар замын хөдөлгөөнд оролцох байдлыг багасгах талаар түлхүү ярьсан. Өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашинаас ялгарч байгаа утаа эзэлж байгаа аж. Судалгаанаас харахад, 1998 онд Улаанбаатар хотоор зорчих машины дундаж хурд 30-40 км/ц байсан аж.
Харин 2013 онд 15-20 болж буурсан байгаа юм. Ерөнхийдөө бол нийслэлд 260 орчим мянган машин хөдөлгөөнд оролцож байгаа. Дээрээс нь түгжрэл ихтэй учраас агаарын бохирдолд багагүй нөлөөлж байгааг ч дурьдаж байсан юм. Илтгэлийн дараа Нийслэлийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ж.Сэрээтэртэй ярилцсан юм.
Ж.Сэрээтэр: Иргэдийн зорчих хэрэгцээнд нийцсэн тээврийн хэрэгслийг хөгжүүлж чадвал агаарын бохирдол буурна
/Нийслэлийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга/
-Ногоон тээвэр хөгжүүлэх замаар агаарын бохирлыг бууруулах боломж байгааг та ярилаа. Ер нь ногоон тээвэр гэдэг тодотголыг тайлбарлаж өгөөч?
-Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж, агаарын бохирдлыг бууруулах арга зам байна гэж бид үзээд байгаа юм. Одоогийн уламжлалт түлшний хэрэглээнээс татгалзаж, байгалийн хийг ашиглаж, парк шинэчлэлт хийж чадах юм бол нийтийн тээврийн үйлчилгээд явж байгаа тээврийн хэрэгслээс ялгарах утаа багасна. Дээрээс нь үйл ажиллагааны стратегийг боловсронгуй болгосноор агаарын бохирдлыг бууруулж болж байна.
Хүн бүр хувьдаа автомашин хэрэглээд байх биш иргэдийн зорчих хэрэгцээнд нийцсэн нийтийн тээврийн хэрэгслийг хөгжүүлж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нөгөө талаас нийтийн тээврийн буудал, зогсоол тохилог байвал ард иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхол нь нэмэгдэх учиртай. Түүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлэх, замын түгжрэлийг багасгах шаардлагатай. Ингэж чадвал агаарын бохирдол буурах боломжтой гэсэн дүгнэлийг бид судалгаан дээрээ үндэслэж гаргаж ирээд байгаа юм.
-Агаарын бохирдлыг бууруулахад зориулсан түлшийг яаж гаргаж авах юм бэ. Боломж хэр байна?
-Байгалийн хий бол Монголд байхгүй. Импортоор авах уу гэдэг асуудал яригдаж байгаа. Мөн био хийг ашиглах боломж байна. Ер нь байгалийн хий ашиглахаар болбол мэдээж их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана.
-Нийтийн тээврээр хүмүүс зорчих байдлыг нэмэгдүүлэх талаар яриад байна. Тэгвэл замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо буурна. Ингэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээнд багасах учиртай. Энэ ажлыг яаж хэрэгжүүлэх боломж байна вэ?
-Эко буудал гэж бид яриад байгаа юм. Хүн хотын захаас ирээд, тэр буудалд тээврийн хэрэгслээ тавьчихаад нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлнэ. Буцаж ирээд автомашинаа унаад явчихна. Унадаг дугуйгаар эко буудалд ирээд, тэндээсээ нийтийн тээврийн хэрэгсэлдээ суугаад явчихна. Тэр хугацаанд дугуйг нь хадгалагдаж байх юм. Ийм байдлаар зохицуулах хэрэгтэй байгаа юм. Мөн эко буудлууд дээр үйлчилгээний газрыг бий болгох хэрэгтэй. Хүмүүс автобус хүлээж байхдаа төрөл бүрийн үйлчилгээг авч байх ёстой. Ийм олон асуудлыг цогцоор шийдсэн зогсоол, автобусны буудлыг “Эко зогсоол” гэж томъёолоод байгаа юм.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn