Энэхүү уулзалтыг спортоор төлөөлүүлбэл олимпийн эрх авсантай ижил хэмээн ойлгож болно. Тиймдээ ч дэлхий дахинд Монголыг сурталчлах энэхүү том арга хэмжээнд манайхан одооноос бэлтгэж эхлээд байна. Наад зах нь манай улсад уригдан ирсэн төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд албаны хүмүүсийн аюулгүй байдал, тав тухыг хангасан зочид буудал, орон байрны асуудал яригдана. Энэ асуудлыг эхнээс нь шийдэж эхэлжээ.
Тухайлбал, 50 гаруй орны төрийн тэргүүнийг хүлээн авах “АСЕМ виллаж” хотхоны барилгын ажил “Sky resort” цанын баазын баруун талд баригдаж байна. Төрийн тусгай хамгаалалттай энэ газар одоогоор барилгын газар шорооны ажил эхэлсэн бөгөөд машин механизмыг байршуулжээ. Тус хотхонд нарны эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн хоёр давхар “эко хаус” барих бөгөөд “MCS” групп бариулж байгаа гэх мэдээлэл бий.
Харин үлдсэн албаны хүмүүсийг зочид буудлуудад байрлуулна. Урьдчилсан байдлаар III, IV хорооллоос Жуковын хөшөө хүртэл, Хүнсний IV дэлгүүр, Зайсан, Их тэнгэр зэрэг 30 гаруй зочид буудлыг сонгоод байгаа аж. Зарим нь 2016 оноос өмнө шинээр ашиглалтад орох юм байна. Монголын томоохон зочид буудлын тоонд орох “Шангрилла” энэ жилийн зургадугаар сард ашиглалтад орох юм байна. Тус зочид буудалд томоохон хурлын заал мөн хийгдэж байгаа аж. Ингэснээр энд “АСЕМ”-ын хуралдаануудыг зохион байгуулах боломжтой юм байна. Мөн зочид буудлын тогооч болон үйлчилгээний ажилтнуудыг сургалтад хамруулж, ур чадварыг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах аж. Түүнчлэн зочид буудлуудын цагаан хэрэглэл, эд хогшил зэрэг материаллаг баазыг сайжруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм байна.