Санамж бичгийн хүрээнд үндсэн 3 чиглэлээр хамтарч ажиллана. Үүнд, Улаанбаатар хотын экологи, ногоон хөгжлийн стратегийн төлөвлөлт болон бодлого боловсруулах чиглэлээр, Ногоон хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын оролцоотой олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн Зүүн хойд Азийн хотуудын Захирагчийн форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвийн хүрээнд 2015 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Форумын зохион байгуулалтад Азийн сан техник, санхүүгийн туслалцааг үзүүлж дэмжиж ажиллана гэдгийг хамтын ажиллагааны санамж бичигт тусгажээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Нийслэлийн ногоон хөгжлийн салбар нь дан ганц ногоон байгууламжийн асуудал биш юм. Энэ нь Улаанбаатар хотын ус, хөрс, хог, тохижилт, орчин зэргийг хамарсан экологийн өргөн хүрээний салбар. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд чухал үүрэгтэй энэ салбарт Азийн сан хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлэхээр болж байгаад таатай байна. Бид ирэх намар Зүүн хойд Азийн хотын Захирагч нарын форумыг ногоон хөгжлийн салбарын хүрээнд зохион байгуулах гэж байна. Энэ нь бүс орнуудтай харилцан туршлага солилцох, олон шинэ санааг авах ажил болно гэдэгт итгэлтэй байгаа” гэдгийг онцлон хэллээ.
Харин АНУ-ын Азийн санг төлөөлж суурин төлөөлөгч Мелони К.Линдберг “Азийн сан Хотын захиргаатай экологи, ногоон байгууламжийн салбарт хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулж байгаад их таатай байна. Бидний хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй олон ажлууд хийгдэх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.