ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн албан хаагчийг Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсугай.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З-т заасан нэмэгдэл баталгаа 2000 он дуусталх хугацаанд үл хамаарна.
З дугаар зүйл. 2000 он дуусталх хугацаанд төрийн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсаны улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчид 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, З-т заасан албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар олгоно.
5 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцно.
/Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
6 дугаар зүйл. Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.
/Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
7 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ