Нийслэлийн Агаарын бохирдлын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Газрын алба хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан захирамжийн хэрэгжилт болон иргэдийн зүгээс ирдэг асуултад хариулах зорилгоор хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “2017 оны нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг тодотгоод аймаг, нийслэлийн ИТХ-д чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг бэлтгэх үүрэг өгсөн.
Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагууд долоо хоногоор ажлаа төлөвлөж ажилласан. Манай газрын зүгээс хэд хэдэн арга хэмжээ авч ажиллалаа. Нэгдүгээрт, Утаагүй хот 2030 төсөл болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлыг хийгээд эхэлсэн гэдгийг хэлье. Хоёрдугаарт нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 4 бүсэд мэргэжлийн хяналтын 269 байцаагчид агаарын чанарт хяналт тавих давхар эрх, үүрэг өгсөн байгаа. Ингээд эдгээр байцаагч одоогийн байдлаар 1316 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж, 1034 мэдэгдэх хуудас тараасан байна. Газар дээр нь 3 сая 195 мянган төгрөгийн торгууль тавьж ажиллажээ. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уурын зуухуудад хяналт, шалгалт хийж эхлээд байгаа. Бид цаашид агаарын чанарыг сайжруулах зорилгоор байгаль экологио хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтарч ажиллана. Мөн одоогоор Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт дотоод агаарын чанарыг сайжруулах 200 төхөөрөмж суурилуулаад байна. Энэ төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр үргэлжилнэ. Түүнчлэн “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ стандартыг хангасан гэрийн зуухыг худалдаалах албан шаардлага хүргүүлсэн. Цаашид гэрийн болон, том оврын зуухыг үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллах болно. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 1308 өрх амьдардаг. Эдгээрийн 1230 нь гэр хорооллын бүсэд хамаарагддаг юм. Тиймээс гэр хорооллын иргэдийн эрх ашгийг үндэслэн эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулсан гэдгийг тодотгон хэлье” гэсэн юм.
Ирэх тавдугаар сард ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна
Харин нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Байгаль орчны газраас хяналт тавьж ажиллалаа. Тухайлбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангууллаа.
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран уриалга гаргасан. Монголчууд шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал, номыг хийлгэдэг уламжлалтай. Энэ хугацаанд хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамал гэмтээх үйлдлүүд хамгийн ихээр гардаг. Тиймээс манай байгууллагаас ирэх тавдугаар сард ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Түүнчлэн Ухаалаг хэрэглээ, ногоон худалдан авалт нь эдийн засгийн хэмнэлтийг бий болгодог тул иргэдийг гялгар уутны хэрэглээгээ хязгаарлаж, даавуун тор хэрэглэж хэвшихийг уриалж байна” гэлээ. Нийслэлийн Байгаль орчны газраас ахуйн хэрэглээний үнсийг дахин ашиглах технологийн судалгаа, суурьшлын бүсийн нянгийн бохирдлоор бохирдсон хөрсний бохирдлыг саармагжуулах, харшлын эх үүсвэрийг багасгах, олон наст ургамал, бут сөөгийн давуу талыг тодорхойлох, хөл газрын ургамал шарилж, луулийн ашигт чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргуулан авах зэрэг ажлыг Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач болон их, дээд сургуулийн багш нартай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа талаар мэдээллээ.