2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 10 дугаар хурлаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ын шинэчлэх төслийн танилцуулга хэлэлцүүлэгдэж амжилттай дэмжигдлээ.Энэ жил агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаараа онцлог бөгөөд хурлын үеэр тус дүүргийг оруулах дараах хэд хэдэн ерөнхий хэрэгцээ, шаардлагыг тодотгосон юм. Үүнд:
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаарт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол батлагдсанаар Налайх дүүргийн бичил уурхайн олборлолтын үйл ажиллагаа зогссон.
- Жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр Налайх дүүрэгт ашиглалтад орсон нь түлшний хомстол, хүртээмж, тээвэрлэлт зэрэгт хүндрэл учруулахгүй. Тус үйлдвэр одоогоор 256  хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдах юм.
- Агаарын чанарыг сайжруулах бүсэд орох хүсэлтийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас удаа дараа холбогдох шатны удирдлагуудад ирүүлсэн
- Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 11-12 ны өдрүүдэд 24 цагийн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр  22- 23 цагийн үед РМ2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин байсан нь түүхий нүүрсний хэрэглээг бууруулах арга хэмжээг зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.Иймээс шинээр батлагдах журмаар нэмэлтээр сайжруулсан хатуу түлш хэрэглэх 1 дүгээр бүсэд Налайх дүүргийн 8 хорооны 7226 айл өрх хамрагдаж, ирэх 2021 оны өвлийн улиралаас эхлэн сайжруулсан шахмал түлш түлж, хэрэглээндээ нэвтрүүлнэ. Налайх дүүрэг нь нийт 10926 айл өрхтэй ба үүний 70% буюу гэр хорооллын бүсэд хамаарагддаг.
Нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоосоо 80% салах зорилттой билээ.