БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2022 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэлх агаарын чанарын мэдээлэл болоод сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн мэдээлэл, нөөц, хяналт шалгалт, зөрчилтэй холбоотой мэдээлэл, зорилтот бүлгийн иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах тухай мэдээллийг өглөө.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга Л.Дуламсүрэн “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын “Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах” А/30, А/1274 дүгээр захирамжийн хүрээнд 2020 онд 7840 өрхөд сайжруулсан шахмал түлш олгож байсан. Тэгвэл 2021 онд 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгохоор хамтран ажиллах гэрээг сунгалаа. 6098 өрх нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 240 онооноос 40 болон түүнээс бага оноо авсан өрх, цар тахлын улмаас өрхийн орлогогүй болсон өрх болон байнгын оршин суух хаяггүй өрхүүдэд олгоно. 6098 өрхөд долоо хоногт зургаан шуудай түлшийг зургаан долоо хоногийн турш өгнө. Ингэхдээ долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагуудад тухайн хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын хоёр цэгээр дамжуулан сайжруулсан түлш олгоно” гэв.
Өнгөрсөн долоо хоногийн турш Цагдаагийн Ерөнхий газрын дуудлага, мэдээллийн 102 дугаарт угаартсан гэх 20 дуудлага ирсэн бөгөөд нэг хүний амь эрстэн, 56 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартжээ. Угаартсан иргэдийн 56.1 хувь нь хүүхэд байв. Угаартсан шалтгааныг тодруулахад гар хийцийн буюу энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлсэн, ханан пийшин, яндан, зуухны битүүмж алдагдсан, угаар мэдрэгчгүй, угаар мэдрэгчийн зай дууссан, яндангийн соролтыг хаасан гэх мэт шалтгаан нөхцөлүүд тогтоогдсон байна. Мөн түүхий нүүрс хэрэглэж байна гэх долоон дуудлага, мэдээлэл ирснээс хоёр нь батлагджээ. “Иргэд түүхий нүүрстэй холбоотой дуудлага мэдээллийг маш сайн өгч, хамтран ажиллаж байгаа. Мэдээлсэн дуудлага бүр үнэн бодит байдаггүй бөгөөд дийлэнх нь хардлага, сэрдлэг байдаг ч мэдээлж байгаа нь маш зөв” гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн онцолж байв.