Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хамтарсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнг “Цэвэр технологи- Эрүүл орчин” уриатайгаар 2022 оны 10 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулах гэж байна.

     “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнгийн зорилго нь Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийн дадал, хандлага бий болгох мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрхүүдийн зуухны стандартыг мөрдүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар иргэд олон нийтийг мэдээллээр хангаж, зөвлөмж хүргүүлж ажиллахад тус тус оршино.


     Үзэсгэлэнд "АБУ трейд" ХХК, "Тасума" ХХК, "Дашваанжил газ" ХХК, "Монгол базальт" ХХК, "Алтай эколос" ХХК зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон технологи, инновац нэвтрүүлсэн хувийн хэвшлийн цахилгаан болон хийн халаалт, агаар цэвэршүүлэгч, дулаалга, ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компаниудын төлөөлөл оролцож бараа бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны чиглэлээ танилцуулна.

Мөн Хаан, Хас, Төрийн банк хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээний талаар танилцуулж, иргэд уг банкуудаар үйлчлүүлж хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг олон боломж бүрдэж байгаа юм.