Хоёр. Урамшуулах шалгуур
2.1. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэх үйл ажиллагаанд дараахь үзүүлэлтийг шалгуур болгоно:
2.1.1. агаарын бохирдлыг бууруулах болон барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр нар, салхи, газрын гүний дулаан, бүх төрлийн хийн түлш, шингэн түлш, дулаалгын материал, цахилгаан халаагуур болон дэвшилтэт техник, технологи бүхий бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж импортлох болон үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлж байгаа;
2.1.2. үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашиглах, тухайлбал бүх төрлийн хийн түлш, шингэн түлш, нар, салхи, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүч хэрэглэсэн болон дулаалгын материал, цахилгаан халаагуур, мөн дэвшилтэт техник, технологи бүхий бусад бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа;
2.1.3. энэхүү журмын
2.1.1, 2.1.2-т заасан үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон;
2.2. Энэхүү журмын 2.1.1, 2.1.2-т дурдсан үйлдвэрлэл үйлчилгээ нь агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарах бохирдуулагч бодисын хэмжээ стандартын шаардлагыг бүрэн хангасан эсхүл 50 бболон түүнээс дээш хувиар бууруулсан нь үндэсний болон олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн тооцоог үндэсний чадавхи бүхий байгууллагаар хийлгэж, агаарын бохирдлыг бууруулан, эрчим хүчийг хэмнэж байгааг баталгаажуулсан, байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй болохыг эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотолсон нөхцөлд урамшуулал олгоно. Гурав. Урамшууллын хэлбэр 3.1. Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг журмын 4.4-т заасан хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу дараахь хэлбэрээр урамшуулна:
3.1.1. тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд “НОГООН БҮТЭЭГДЭХҮҮН”, “НОГООН ҮЙЛЧИЛГЭЭ” гэрчилгээ олгож цаашид өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд дээрх бичиг дүрслэл бүхий шошго 2 жилийн хугацаатай хэрэглэх эрхийг олгох;
3.1.2. дээрх гэрчилгээ авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлийн орчинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах;
3.1.3. эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, сэргээгдэх эрчим хүч, бүх төрлийн хийн түлш, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд Цэвэр агаарын сангаас дэмжлэг үзүүлж урамшуулах;
3.1.4. гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргавал гадаад, дотоодоос хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэх.
Дөрөв. Урамшуулах үйл ажиллагаа
4.1. Урамшуулал олгохдоо дараахь байгууллагын саналыг үндэслэнэ
4.1.1. дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан эсэхэд барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
4.1.2. хийн болон шингэн түлш, тэдгээрийн тоног төхөөрөмж, газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүч, тэдгээрийн тоног төхөөрөмжид тавигдах нөхцөл шалгуурыг хангасан эсэхэд түлш, эрчим хүчний хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага.
4.2. Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн агаарын чанарын албаар дамжуулан байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авна.
4.3. Байгаль орчны, түлш, эрчим хүчний, барилгын, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцсон 9 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл нь жилд 2 удаа буюу 5, 11 дүгээр сард хуралдаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн саналд дүн шинжилгээ хийж, энэ журмын 4.1-д заасан саналыг үндэслэн дүгнэлт гаргаж тухайн сарын 20-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн байна.
4.4. Орон тооны бус хяналтын зөвлөлийн гишүүдийг байгаль орчин, эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар 2 жилийн хугацаатайгаар томилно.
4.5. Шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрчилгээ олгох шийдвэрийг жил бүрийн 6 болон 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
4.6. Цэвэр агаарын сангийн тухайн жилийн зардалд энэхүү журамд заасан урамшуулал олгохтой холбогдсон хөрөнгийг тусгаж, Цэвэр агаарын сангийн удирдах зөвлөлөөр батлуулна.
Тав. Хариуцлага
5.1. Урамшуулал олгох асуудалтай холбогдсон маргааныг Нийслэлийн Агаарын чанарын алба хүлээн авч дүгнэлт гаргана.
5.2. Нийслэлийн Агаарын чанарын албаны дүгнэлтийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана.