Нэг. Хөтөлбөрийн зорилго
Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Хоёр.Хөтөлбөрийн шаардлага, үндэслэл, бүтэц
2.1. Хөтөлбөрийн шаардлага, үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.2-т “Хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөнийг бодлогоор зохицуулж, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулан, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана” гэсэн зорилтыг дэвшүүлсэн.
“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги” зэрэг бодлогын баримт бичгүүд, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон зах зээлийн тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлогын бусад баримт бичгийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар нь энэхүү хөтөлбөрийн үндэслэл болно.
Газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн бодлого хэрэгжээгүйн улмаас дэд бүтцийн хангамж, нийгмийн үйлчилгээний хүртээмж, хот орчмын экологийн доройтол бий болж, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрч байгаа нь “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийг боловсруулах үндсэн шалтгаан болж байна.
Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт нэмэгдсээр байна. Макро эдийн засгийн бодлого оновчгүй, үйлдвэрлэл хөгжөөгүй, дэд бүтэц хангалтгүйгээс шинээр ажлын байр бий болгох боломж хомс байна.
Дээр дурдсан болон бусад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хот байгуулалт, төлөвлөлтийн шинэлэг бодлого, зохицуулалт, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, улсын чанартай авто замын сүлжээ, орон нутагт чиглэсэн бүтээн байгуулалтын зорилтот хөтөлбөрийг баталж, салбаруудын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг уялдаатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай тулгарч байна.
Ийнхүү бүтээн байгуулалт өрнөснөөр иргэд тогтвортой ажлын байртай, орлоготой болж, үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан зээлийн тогтолцоо бүрдэх, гэр хороолол орон сууцны цогцолбор хороолол болон өөрчлөгдөх, хүрээлэн байгаа орчны чанарыг илтгэх агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах боломж бүрдэнэ.
Дээрхи үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бий болгох, хөдөлмөрийн болон санхүүгийн зах зээлийг орчин цагийн шаардлага хангахуйц түвшинд хүргэж хөгжүүлэх шаардлагатай.
2.2.Хөтөлбөрийн бүтэц
Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хотууд”, “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл”, “Хөдөөгийн хөгжил”, “Орон сууц” бодлогын баримт бичгийн хүрээнд хийгдэх ажил багтана.
Түүнчлэн “100 мянган айлын орон сууц”, “Барилгын материалын үйлдвэр” зэрэг төслүүдийн хүрээнд хийгдэх ажлуудыг нэгтгэсэн болно.
Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
3.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
3.1.1.төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа, түншлэлд тулгуурлах;
3.1.2.үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх;
3.1.3.импортыг орлох чадвартай дотоодын үйлдвэрлэлийг дэмжих;
3.1.4.бүтээн байгуулалтын ажилд иргэдийг мэргэжил эзэмшүүлэх замаар татан оролцуулах;
3.1.5.хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэлийн үр дүнг үнэлж дүгнэх хариуцлагын тогтолцоо бий болгох.
Дөрөв.Хөтөлбөрийн зорилт, хамрах хүрээ, хугацаа, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1.Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
4.1.1.Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр:
4.1.1.1.хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар хот, суурины газар ашиглалтыг сайжруулж, эрчим хүч, авто зам, инженерийн дэд бүтцийг шинэ түвшинд хөгжүүлэх;
4.1.1.2.Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийн 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх болон шинээр төлөвлөх, тэдгээрийг хэрэгжүүлэх;
4.1.1.3.хот байгуулалт, төлөвлөлтийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;
4.1.1.4.хот, суурины газар ашиглалт, түүний олголтыг бодлогоор зохицуулах, гэр хорооллыг оршин суугчдынх нь оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх;
4.1.1.5.уул уурхайг түшиглэсэн хот, сууриныг хөгжүүлэх.
4.1.2.Дэд бүтцийн чиглэлээр:
4.1.2.1.Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт эрчим хүчний төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрийг бий болгох;
4.1.2.2.аймгийн төвүүдийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбох, сэргээгдэх эрчим хүчний шинэ техник, технологийг нэвтрүүлэх;
4.1.2.3.барилга, байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах;
4.1.2.4.Улаанбаатар хот, аймаг, орон нутгийн ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийх, шинээр барьж ашиглалтад оруулах;
4.1.2.5.Улаанбаатар хотын авто замыг шинэчлэн сайжруулах, Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй, аймгийн төвийг ойролцоох хилийн боомттой холбосон улсын болон олон улсын чанартай авто замын сүлжээг бий болгох;
4.1.2.6.гүний болон гадаргын цэвэр усан хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох.
4.1.3.Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр:
4.1.3.1.хөтөлбөрийн 2.2-т заасан “100 мянган айлын орон сууц” төслийг Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймаг, сумын төвүүдэд хэрэгжүүлэх;
4.1.3.2.орон сууцны хорооллыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, спорт цогцолбор, худалдаа, үйлчилгээний төв, ногоон байгууламжийн хамт цогцоор нь барих;
4.1.3.3.газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй орон сууцны барилга байгууламжийг буулган оронд нь орон сууцны шинэ хороолол, цогцолбор барьж байгуулах;
4.1.3.4.бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамруулах замаар орон сууцны эрэлтийг дэмжиж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх.
4.1.4.Ажлын байр нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих чиглэлээр:
4.1.4.1.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшүүлэх замаар ажилгүй иргэдийг ажлын байраар ханган амьжиргааны түвшинг нь дээшлүүлэх;
4.1.4.2.бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох;
4.1.4.3.их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлж хотхон болгон хөгжүүлэх.
4.1.5.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр:
4.1.5.1.хотын тоос, утаа, тортог, хог хаягдлыг багасгах, мод, зүлэг зэрэг ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг 20 м2 хүртэл нэмэгдүүлэх;
4.1.5.2.гэр хорооллын айл өрхийн зуух-яндан-түлшний бүтэц, шаталтын технологийг өөрчлөн сайжруулах, нам даралтын уурын зууханд технологийн шинэчлэл хийх, гэр, орон сууцны дулаалгыг сайжруулах замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, утаа, тортогны ялгаралтыг 50 хүртэл хувиар бууруулах;
4.1.5.3.Улаанбаатар хотод байгаа төвлөрсөн халаалтын болон аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж байгаа нам даралтын уурын зуух, мөн гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлан, улмаар утаагүй түлш, шатдаг хий, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг шинэ технологи нэвтрүүлэх замаар утаа, хорт хийн ялгаралтыг 2013 он хүртэл хугацаанд 60-аас доошгүй хувиар бууруулах;
4.1.5.4.хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг байгалийн шатдаг хий, цахилгаан эх үүсвэрт шилжүүлж, автотээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулах цогц арга хэмжээ авах;
4.1.5.5.хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгальд халгүй аргаар устгах технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлэх;
4.1.5.6.олон улсын стандартад нийцээгүй, байгаль орчныг бохирдуулж байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг Монгол Улсад экспортлохгүй байх талаар холбогдох гэрээ, хэлэлцээрийг тухайн улс орнуудтай байгуулах;
4.1.5.7.стандартын шаардлага хангаагүй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлэх.
4.1.6.Хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр:
4.1.6.1.бүсийн тулгуур төв, аймаг, сумдад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, спорт цогцолбор, худалдаа, үйлчилгээ зэрэг нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг барьж хүн амын соёл, боловсрол, эрүүл мэндийн болон бусад төрлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
4.1.6.2.хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан орон сууц барих үйл ажиллагааг төлөвлөгдсөн суурьшлын бүсэд хурдацтай хөгжүүлэх;
4.1.6.3.төвөөс алслагдсан, хөгжлөөр сул бүс нутаг, аймгийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар нийгэм, эдийн засгийг нь түлхүү хөгжүүлэх;
4.1.6.4.аймаг, орон нутгийн эрэлт, хэрэгцээнд тулгуурласан жижиг, дунд үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар шилжилт хөдөлгөөнийг сааруулах.
4.1.7.Үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр:
4.1.7.1.барилгын ажилд байгаль орчинд хоргүй, дулаанд хэмнэлттэй шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, байгалийн нөөцийн зохистой хэрэглээг хангах;
4.1.7.2.хөтөлбөрийн 2.2-т заасан “Барилгын материалын үйлдвэр” төслийн хүрээнд аймаг, нийслэл, бүсийн тулгуур төвүүдэд барилгын материалын үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн парк, материалын сорилт, шинжилгээний иж бүрэн лаборатори байгуулан, улмаар нэмүү өртөг шингэсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барилгын материалын хэрэглээг дэмжих;
4.1.7.3.газрын тос, байгалийн хий, биоэтанол, биодизель, димэтилэфир, нийлэг дизель түлшний үйлдвэрлэлийг дэмжих.
4.1.8.Шилжилт хөдөлгөөнийг сааруулах чиглэлээр:
4.1.8.1.орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах, хотын төвлөрөл, эмх замбараагүй тэлэлтийг бууруулах зорилгоор Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймаг, сумдыг цогцоор хөгжүүлэх;
4.1.8.2.Улаанбаатар хотод сууршихаар ирж байгаа иргэдийн суурьшлыг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.1.8.3.бүсийн тулгуур төвүүдэд оюутны хотхон шинээр байгуулан Улаанбаатар хотод төвлөрсөн их, дээд сургуулиудын тоог цөөрүүлэх замаар нийслэл рүү шилжин суралцах оюутнуудын тоог бууруулах;
4.1.8.4.төвөөс алслагдсан, хөгжлөөр сул бүс нутаг, аймгуудын иргэдэд бүс нутгийн нэмэгдэл олгох, банк, санхүү, татвар, зээлийн бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх.
4.2.Хөтөлбөрийн хамрах хүрээ
4.2.1.хөтөлбөрийг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан хэрэгжүүлнэ.
4.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
4.3.1.Хөтөлбөр нь 2010-2016 оны хооронд дараахь үе шаттайгаар хэрэгжинэ:
4.3.1.1.нэгдүгээр үе шат: 2010-2012 он;
4.3.1.2.хоёрдугаар үе шат: 2013-2016 он.
4.4.Хөтөлбөрийн зорилтуудад хүрэхийн тулд дараахь үйл ажиллагаа явуулна:
4.4.1.Хот байгуулалт, төлөвлөлтийн зорилтын хүрээнд:
4.4.1.1.хотууд болон бүсийн тулгуур төвүүдийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж мөрдүүлэх, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг газар зохион байгуулалт, барилгажилт, газар хөдлөлийн мужлал, нийтийн тээврийн сүлжээний оновчтой шийдлийг харгалзан боловсруулах;
4.4.1.2.улсын, бүсийн, аймгийн, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бусад холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, байгаль орчинд ээлтэй, үргүй зардлыг багасгасан, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн байдлаар боловсруулж мөрдүүлэх;
4.4.1.3.байгаль орчны бохирдол үүсгэгч үйлдвэр, онцгой обьект, их, дээд сургуулийн цогцолборыг нийслэлээс нүүлгэх;
4.4.1.4.Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
4.4.1.5.хот байгуулалт, төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, дүрэм, журам, норм, норматив, стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах;
4.4.1.6.хот байгуулалт, төлөвлөлтийг зохион байгуулахдаа инженерийн барилга байгууламж, нийтийн тээвэр, агаарын тээвэр, нийтийн аж ахуй, орон сууц, гэр хороолол, нийгмийн дэд бүтэц, газар ашиглалт зэргийг харгалзан олон улсын жишигт нийцүүлэн төлөвлөх;
4.4.1.7.уул уурхай, үйлдвэрийг түшиглэн шинээр хот, суурин газруудыг төлөвлөн барьж байгуулах.
4.4.2.Дэд бүтцийн зорилтын хүрээнд:
4.4.2.1.шинээр болон шинэчлэн баригдах суурин газар, орон сууцны цогцолбор хорооллыг байгаль орчинд ээлтэй, бие даасан дулаан, цэвэр, бохир усны инженерийн дэд бүтцийн хамтаар бүтээн байгуулах;
4.4.2.2.суурин газар болон орон сууцны цогцолбор хорооллуудын эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг тухайн нөхцөлд тохирсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах замаар хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай хэлбэрт шилжүүлэх;
4.4.2.3.эрчим хүчний 5 дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах;
4.4.2.4.Улаанбаатар хотод цахилгааны 110 кВт-н ”Их тойруу” цагираг шугам сүлжээ байгуулах;
4.4.2.5.Улаанбаатар хотын ”Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйлдвэрийн уурын нөөцийг дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглах, Буянт-Ухаа, 7, 14 дүгээр хороолол, Монголын олон нийтийн радио телевизийн орчим, Зүүн Сэлбэ хорооллын шугам сүлжээг барих, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-иас Баянгол амын чиглэлийн дулааны шугам сүлжээг ашиглалтад оруулах;
4.4.2.6.Улаанбаатар хотын гэр хорооллын 2500 айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид хэсэгчилэн холбох;
4.4.2.7.Улаанбаатар хотод “Гацуурт”, “Буянт-Ухаа” гүний усны эх үүсвэр, “Туул усан цогцолбор” далан барьж ашиглалтад оруулах;
4.4.2.8.Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжийг байгаль орчинд хор нөлөөгүй технологиор шинэчлэн сайжруулах;
4.4.2.9.Улаанбаатар хотын хэмжээнд хаягдал (саарал) ус, лагийг дахин ашиглах технологийн шинэчлэл хийх;
4.4.2.10.Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй, аймгийн төвүүдийг ойролцоох хилийн боомтуудтай холбосон 5572 км авто зам барих;
4.4.2.11.Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны замыг барьж ашиглалтад оруулах;
4.4.2.12.Улаанбаатар хотын авто замын 1, 2, 3 дугаар тойрог замыг шинээр бий болгох, тойрог замыг холбосон туслах зам, хотын алслагдсан дүүрэг, шинээр баригдсан орон сууцны цогцолбор хорооллуудыг холбосон авто зам барих, шинэчлэн сайжруулах, Хөшигийн хөндийн нисэх буудалтай холбосон шинээр нийт 212 км авто зам, шинэчилсэн 350 км авто зам, 2 түвшний гүүрэн 7 гарц барих.
4.4.3.Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
4.4.3.1.“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд Улаанбаатар хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд 25 мянга хүртэлх айлын орон сууцны хорооллыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, спорт цогцолбор, бие даасан болон төвлөрсөн эх үүсвэртэй инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн хамтаар барих;
4.4.3.2.шинэ орон сууцны цогцолбор хорооллын нутаг дэвсгэрийн хэмжээнд газар ашиглалтын байдлын зураглал хийх, газар ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн судалгаа гаргах, зохистой төлөвлөлттэй цогцолбор хороолол барих;
4.4.3.3.гэр хороололыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгоход улсын төсөв болон бусад орлогын үүсвэрийг зориулах, түүнчлэн гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох, орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх;
4.4.3.4.Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлэхдээ хот төлөвлөлтийн судалгаанд үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 32100-аас доошгүй орон сууцыг ашиглалтад оруулах;
4.4.3.5.эрсдэлтэй бүсэд суурьшиж байгаа 14400 айлыг суурьшлын шинэ бүсэд нүүлгэн шилжүүлэх;
4.4.3.6.Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу одоо байгаа гэр хорооллын 557,8 га газрыг чөлөөлөх;
4.4.3.7.Улаанбаатар хотын “Шинэ Яармаг”, “Буянт-Ухаа”, “Баянголын ам”, “Ирээдүй хороолол”, “Ургах наран”, “Эрин хотхон” зэрэг хүн амын шинэ суурьшлын бүсэд 20000 орчим айлын орон сууц, Дархан хотын 13 дугаар хороололд 2000 айлын орон сууц барих;
4.4.3.8.газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй, бат бэх чанараа хангахгүй болсон барилга байгууламжийг буулгаж шинээр барьж байгуулах.
4.4.4.Ажлын байр нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих зорилтын хүрээнд:
4.4.4.1.хөтөлбөрийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд ажилгүй иргэдийг мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд богино хугацааны сургалтад хамруулан ажлын байраар хангах;
4.4.4.2.бүтээн байгуулалтын ажилд шаардагдах инженер техникийн ажилтан бэлтгэх;
4.4.4.3.шинээр баригдах орон сууцны хорооллыг жижиг, дунд бизнес эрхлэх ажлын байрны хамт цогцоор нь барих.
4.4.5.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд:
4.4.5.1.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах хорооллуудын нийт талбайн 20 хувиас доошгүй хэсгийг ногоон байгууламжтай болгох;
4.4.5.2.гэр хорооллын 2300 га, нийтийн эзэмшлийн 1200 га талбайг зүлэгжүүлж, ойжуулан нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг хот төлөвлөлтийн стандартад хүргэх;
4.4.5.3.Улаанбаатар хотод байгаа оршуулгын газруудыг тохижуулах төсөл хэрэгжүүлэх;
4.4.5.4.бага, дунд хүчин чадал бүхий нам даралтын уурын зууханд технологийн шинэчлэл хийх;
4.4.5.5.гэрийн зуух-яндан-түлшний зохистой хувилбарыг сонгон шалгаруулж, эхний ээлжинд 10000 айл өрхөд хэрэглүүлэх арга хэмжээ авах;
4.4.5.6.монгол гэрийг иж бүрэн дулаалгаар хангах төсөл хэрэгжүүлж 60000 айл өрхийг хамруулах;
4.4.5.7.хагас коксон түлшний бөөний болон жижиглэнгийн худалдааны сүлжээг хөгжүүлэх;
4.4.5.8.гал ноцоогчийн зохистой хувилбарыг сонгон хэрэглээнд нэвтрүүлэх;
4.4.5.9.жилд 600 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэх хүчин чадавхийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
4.4.5.10.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт утаатай түлшээр гэр халаахыг зөвшөөрөх бүсүүдийг нарийвчлан тогтоож ийнхүү зөвшөөрөгдсөн бүсээс бусад нутаг дэвсгэрт утаатай түлш хэрэглэхийг хориглох арга хэмжээ авах;
4.4.5.11.айл өрхийн зуухыг хийн түлшинд шилжүүлэх;
4.4.5.12.хагас коксон түлш үйлдвэрлэх, энэ түлшээр гэр хорооллын айл өрхийг хангах төслийг хэрэгжүүлэх бөгөөд нүүрснээс утаагүй түлш үйлдвэрлэх төслийн санхүүжилтийг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд төрөөс эдгээр компаниудад татвар, санхүүгийн бодлогоор дэмжлэг үзүүлэх;
4.4.5.13.төрийн байгууллага болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа томоохон төвлөрсөн болон нам даралтын уурын зуухны түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж байгалийн шатдаг хий, цахилгааны эх үүсвэрээр ажилладаг технологид шилжүүлэх;
4.4.5.14.гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлаж, утаагүй түлш, шатдаг хий, цахилгааны эх үүсвэрийг ахуйн зориулалтаар ашиглахад шинэ технологи нэвтрүүлэх, ингэснээр өрхийн зардал өнөөгийн түвшнээс илт нэмэгдсэн тохиолдолд төрөөс хамгийн зохистой дэмжлэгийг үзүүлэх;
4.4.5.15.хатуу хог хаягдлыг дахин боловсруулах диметилэфир, нийлэг түлш, барилгын материалын экологийн цэвэр үйлдвэрийн цогцолбор байгуулах;
4.4.5.16.нүүрс, нүүрсний давхаргын метан хийгээс диметилэфир, нийлэг түлш үйлдвэрлэж хот, суурин газрын нийтийн тээвэрт автомашин цэнэглэх 15-аас доошгүй станц бий болгох;
4.4.5.17.хур хогийг бүрэн цэвэрлэж, зайлуулж дуусгах;
4.4.5.18.барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох;
4.4.5.19.агаарын бохирдлын эх үүсвэрийг нийслэлээс нүүлгэн шилжүүлэх;
4.4.5.20.“Эко-бие засах газар” төсөл хэрэгжүүлэх;
4.4.5.21.гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгох, улмаар үнс тээвэрлэх тусгай зориулалтын автомашины парк, гэр хорооллын үнсийг дахин боловсруулах үйлдвэрийг тус тус байгуулах;
4.4.5.22.Улаанбаатар хотын ”Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үнсний санг цэцэрлэгжүүлж, байнгын усалгаатай болгох;
4.4.5.23.авто замын тоосыг соруулж өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг нь зориулалтын машин техникээр цэвэрлэдэг болгох;
4.4.5.24.нийтийн тээврийн том оврын 800, бага оврын 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх;
4.4.5.25.тусгай замт автобусны үйлчилгээ, их багтаамжийн нийтийн тээврийн бусад төрлийг нэвтрүүлэх боломжийг судлах;
4.4.5.26.эхний ээлжинд 50 дуобус үйлдвэрлэхийн зэрэгцээ дизель хөдөлгүүртэй хуучин 100 автобусыг цахилгаан хөдөлгүүртэй болгох.
4.4.6.Хөдөөгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд:
4.4.6.1.бүсийн 8 тулгуур төв болон сум дундын төвүүдийн төлөвлөлтийг шинэчлэн сайжруулж, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг цогцоор байгуулах;
4.4.6.2.улсын хэмжээнд “Сум дундын төв” загвар төслийг 96 байршилд хэрэгжүүлэх;
4.4.6.3.сум дундын төв, бүсийн тулгуур төвүүдийг түшиглэн орон нутгийн түүхий эдийн нөөцөд тулгуурласан ажлын байр бий болгох;
4.4.6.4.ижил төстэй байгаль, цаг уурын нөхцөлд туршигдсан барилгын технологийг нутагшуулах;
4.4.6.5.төвөөс алслагдсан, хөгжлөөр сул бүс нутаг, аймгуудын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөл боловсруулж, хөрөнгө оруулалтыг түлхүү хуваарилах;
4.4.6.6.төвөөс алслагдсан, хөгжлөөр сул бүс нутаг, аймгуудын иргэдэд бүс нутгийн нэмэгдэл олгох, банк, санхүү, татвар, зээлийн бодлогоор дэмжих;
4.4.6.7.бүсийн тулгуур төвүүдэд уул уурхай, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх иж бүрэн арга хэмжээ авах.
4.4.7.Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд:
4.4.7.1.аймаг, нийслэл, бүсийн тулгуур төвүүдэд барилгын материалын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, барилгын материалын үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн парк, материалын сорилт, шинжилгээний иж бүрэн лаборатори байгуулах;
4.4.7.2.аймаг, орон нутагт, барилгын материалын түүхий эдийн геологи, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх;
4.4.7.3.Нялга-Чойрын хүрэн нүүрсний сав газрын түүхий эдэд тулгуурлан нүүрс-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах;
4.4.7.4.“Агро-ойн хосолмол аж ахуй” болон өндөр технологийн “Шилэн дарлагын аж ахуй” хөгжүүлэх замаар эмийн бодис, хүнсний болон түлш, шатахууны зориулалттай биомасс үйлдвэрлэх цогцолбор байгуулах;
4.4.7.5.бүсийн тулгуур төвүүдэд хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан, эцсийн бүтэгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн парк, жижиг, дунд үйлдвэрүүд байгуулах;
4.4.7.6.“ТЭЦ-2-ыг түшиглэн 200 мянган тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх төсөл гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх.
4.4.8.Шилжилт хөдөлгөөнийг сааруулах зорилтын хүрээнд:
4.4.8.1.аймаг, бүсийн тулгуур төвд оюутны хотхон бий болгох, их, дээд сургуулиудыг хотхон болгон хөгжүүлэх;
4.4.8.2.хүн амын шилжилт, хөдөлгөөнийг хот байгуулалтын бодлоготой уялдуулан орон сууц, нийгмийн үйлчилгээг нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хүргэх;
4.4.8.3.орон нутгаас шилжин ирэгсдийн урсгалыг ажлын байр бүхий суурьшлын бүсүүд рүү хандуулах;
4.4.8.4.газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгүй болгох;
4.4.8.5.Улаанбаатар хотоос орон нутагт суурших асуудлыг оновчтой шийдвэрлэх.
Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл
5.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь арга хэрэгслийг ашиглана:
5.1.1.эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
5.1.2.эдийн засгийн хөшүүргийг хэрэглэх;
5.1.3.нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
5.1.4.мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;
5.1.5.төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
5.1.6.санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох;
5.1.7.өндөр технологи нутагшуулах.
Зургаа.Хөтөлбөрийн санхүүжилт
6.1.Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
6.1.1.концессын гэрээний дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд бий болсон хөрөнгө;
6.1.2.ашигт малтмалын ордоос уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төлбөрийн баталгаа гарган бүрдүүлсэн хөрөнгө;
6.1.3.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
6.1.4.Улаанбаатар хотын үндсэн хөрөнгийг барьцаалах замаар бүрдүүлсэн хөрөнгө;
6.1.4.олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
6.1.5.дараа эргэн төлөгдөх нөхцөлөөр байгуулсан гэрээний үндсэн дээр бизнес, хувийн хэвшлийн байгууллагаас гаргах хөрөнгө;
6.1.6.Засгийн газрын тусгай сан;
6.1.7.шинээр байгуулах Хөгжлийн банкны актив;
6.1.8.хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
6.1.9.ипотекийн хоёрдогч зах зээлээс үнэт цаас гаргасан эх үүсвэр;
6.1.10.бусад эх үүсвэр.
6.2.Хөтөлбөрийн зардлын дүн (2010-2016)
6.2.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2010-2012 онд 8.8 их наяд, 2013-2016 онд 9.4 их наяд, нийт 18.2 их наяд төгрөг шаардагдах болно. Үүнд:
6.2.1.1.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх 1.3 их наяд төгрөг;
6.2.1.2.зээл, тусламжийн санхүүжилт 0.09 их наяд төгрөг;
6.2.1.3.бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх 16.8 их наяд төгрөг.
6.3.Улаанбаатар хотод хэрэгжүүлэх арга хэмжээний нийт зардлын дүн: 10.8 их наяд төгрөг.
6.4.Аймаг, бүсийн тулгуур төв, улсын чанартай авто замын сүлжээ зэрэг зам, тээвэр, барилга, хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний нийт зардлын дүн: 7.5 их наяд төгрөг.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
7.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
7.1.1.Улаанбаатар хотын агаарын бохирдол 2012 онд 30 хувиар, 2016 онд 50 хувиар тус тус буурах;
7.1.2.Улаанбаатар хотын утаанд эзлэх хорт бодисын агууламж 2012 онд 30 хувиар, 2016 онд 70 хувиар багасах;
7.1.3.хөрсний бохирдол 2012 онд 30 хувиар, 2016 онд 50 хувиар буурах;
7.1.4.Туул голын усны бохирдол 2012 онд 30 хувь, 2016 онд 50 хувь хувиар цэвэрших;
7.1.5.нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 20 м2 талбай болж, байршил, суурьшлын зохистой байдал бүрдэх;
7.1.6.хотын хог, хаягдлын 50 хувийг 2012 онд, 70 хувийг 2016 онд дахин боловсруулах;
7.1.7.үндэсний чадамж бүхий барилга угсралт, авто замын болон барилгын материалын үйлдвэрлэл 2016 онд бий болох;
7.1.8.урт хугацаатай, бага хүүтэй орон сууцны зээлийн тогтолцоо бүрдэх;
7.1.9.Улаанбаатар хотод 2012 онд 21600 орон сууц, 2016 онд 53400 орон сууц баригдаж ашиглалтад оруулснаар орон сууцны хангамж сайжрах;
7.1.10.Улаанбаатар хотод 2012 онд 112 км авто замыг шинээр, 150 км авто замыг шинэчлэн, 3 байршилд гүүрэн гарц, 2016 онд 100 км авто замыг шинээр, 200 км авто замыг шинэчлэн, 4 байршилд гүүрэн гарц тус тус ашиглалтад орж авто замын хөдөлгөөний түгжрэл буурах;
7.1.11.олон улсын болон улсын чанартай 1800 км авто замыг 2012 онд, 3752 км авто замыг 2016 онд тус тус ашиглалтад оруулснаар хөдөө орон нутагт хийгдэж байгаа тээвэрлэлтийн зардал буурч, логистикийн төвүүд хөгжих;
7.1.12.Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны замыг 2014 онд барьж ашиглалтад оруулснаар экспорт, импортын тээвэрлэлтийн нөхцөл сайжрах.
Найм. Хөтөлбөрийн үр дүнг үнэлэх
8.1.Хөтөлбөрийн биелэлтийг үнэлэхэд дор дурдсан үзүүлэлтийг шалгуур болгоно:
8.1.1.хот төлөвлөлтийн бодлогын хэрэгжилт, үр дүн;
8.1.2.инженерийн дэд бүтцийн хангамжийн түвшин, үүнд:
8.1.2.1.эрчим хүчний хангамжийн түвшин, хүчин чадал;
8.1.2.2.дулаан хангамжийн түвшин, хүчин чадал;
8.1.2.3.цэвэр усан хангамжийн түвшин, хүчин чадал;
8.1.2.4.мэдээлэл харилцаа холбооны хангамжийн түвшин;
8.1.2.5.жил бүр ашиглалтад оруулсан авто замын уртын хэмжээ;
8.1.2.6.хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн тоо, хүчин чадал;
8.1.3.Жил бүрийн хүн амын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хангамжийн түвшин;
8.1.4.нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ;
8.1.5.Улаанбаатар хотын тоосжилтын хэмжээ;
8.1.6.хүн амын шилжилт хөдөлгөөний бууралт;
8.1.7.жил бүр шинээр бий болсон ажлын байрны тоо;
8.1.8.цэвэрлэх байгууламжуудын ашиглалтын үзүүлэлт.
8.2.Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлүүдийн хувь хэмжээг жил бүр тодорхойлох замаар хөтөлбөрийн үр дүнд лабораторийн аргаар хяналт тавьж, тус улсын Уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний тайланд тусгана.