-Гол түүхий эд нь юу вэ. Хаанаас нийлүүлэх вэ?
-Тоног төхөөрөмж, мөнгө төгрөг, мэргэжлийн хүмүүс нь байлаа ч шийдэх ёстой нэг асуудал тулгарсан. Мэдээж энэ нь түүхий эд. Түүхий эдийг гурван зүйлээс гаргаж авч байгаа. Нэгдүгээрт, хаягдал тосноос, өөрөөр хэлбэл хуушуур, боорцог хайрсан тосыг эргүүлээд ашиглаж байгаа. Хоёрдугаарт шар буурцаг, эрдэнэ шиш, шош, рапс зэрэг тост ургамлуудыг тариад тэндээс шахаж авсан тосоороо бэлдмэл хийж болно. Гурав дахь түүхий эдийг замагнаас гаргаж авч байна. Ногоон замаг чинь дотроо уураг агуулсан, эсвэл тос агуулсан байна. Хаягдал тосны тухайд манайд одоохондоо хүндрэлтэй байгаа юм. Гуанз ресторануудаас хаягдал тос гардаг ч манай өнөөгийн нийгэм, хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ. Ажилчид нь хаягдал тосоо гэртээ аваачиж боов боорцог хайрахаар аваад явчихдаг юм байна. Манайд малын гаралтай өөх тос элбэг ч гэсэн ийм тосноос гаргаж авсан био дизель өвлийн улиралд царцчих гээд байдаг. Ер нь Орос манайх хоёр л био дизель түлшийг хэрэглэхгүй байгаа. Уг нь манайд тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Гэтэл үүнийг ямар түвшинд хийх ёстой юм, төр засаг нь үүн дээр ямар бодлого барьж байгааг бид сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бид үүнийг хийж болдог юм байна гэдгийг харлаа, эхний шатыг амжилттай давлаа. Одоо түүхий эдээ шийдээд өргөн хэрэглээнд удахгүй нийлүүлнэ гэсэн бодолтой байгаа.
-Түүхий эд гаргаж авах дээрх гурван аргын алийг нь сонгож байгаа юм?
-Замагнаас л гаргаж авахаар манай лабораторийн профессор, докторууд ажиллаж байна. Ер нь хүн төрөлхтөн ч энэ чиглэл рүү явж байгаа. Манай доктор Цэвэгсүрэн гуай Азийн замагны дөрөвдүгээр их хуралд оролцоод ирсэн бол дэлхийн тавдугаар хуралд Чүнсрэнмятав доктор өөрийн материалыг явуулчихаад байна. Монгол Улс анх удаа Ази, дэлхийн хуралд энэ чиглэлээр төлөөлөгчид оруулж сонирхож эхэлж байна. Удахгүй Тайландаас мэргэжилтнүүд ирж замгийг ургуулах чиглэлээр заавар зөвлөгөө өгч хамтарч ажиллана. Ногоон замаг буюу био дизелийн түүхий эд манайд элбэг байна. Монголд 700 төрлийн замаг байдаг. Тэдгээрээс алийг нь ч ашиглах бололцоотой. Нөгөөтэйгүүр дизелийн түүхий эдийг хуванцраас, хуучин дугуйг шатаагаад гаргаад авч болдог. Гэсэн хэдий ч энэ нь байгаль экологид сөргөөр нөлөөлдөг учраас үүн дээр болгоомжтой, төр засаг бодлоготой хандах ёстой.
-Хэзээ хүмүүсийн хэрэглээнд очих вэ?
-Ирэх гуравдугаар сараас эхлээд үйлдвэрлээд эхэлчихнэ. Манай сургууль буюу "New agro MGL" компани нь газар тариалан эрхэлдэг компани. Тиймээс бид эхний ээлжинд өөрсийнхөө трактор, комбайнуудыг энэ түлшээрээ явуулж эхэлнэ. Үүнийг дагаад бусад фермерүүд бас авч ашиглах байх. Эхний алхмаа даваад дизелиэ үйлдвэрлээд явчих юм бол цаашдаа зүгээр л талх үйлдвэрлэж байгаа юм шиг явчихна. Нарийн ширийн мэдлэг шаардахгүй.
-Био дизелийн давуу тал нь юу юм?-Хоёр давуу талтай. Нэгдүгээрт, байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй. Байгаль орчин гэхээр зөвхөн агаарт биш ус, хөрсөнд ч хорт нөлөө байхгүй. Нөгөөтэйгүүр дэлбэрэх тэсрэх гэдэг аюул байхгүй. Тиймээс нийтийн тээвэрт хэрэглэдэг жишиг олон улсад байдаг. Манайх бол газар тариаландаа илүү анхаарна. Дээр нь автомашинууд нийтийн тээвэрт ашиглах чиглэлээр судалгаа хийж байгаа. Бас нэг зүйлийг хэлэхэд био дизель хийгээд явж байгаад дуусахад үргэлжлүүлээд энгийн дизель хийгээд явж болдог. Үүнийг шинжлэх ухааны үүднээс судлаад олон жил болсон.
-Үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс хямд уу?
-Бидний тооцоогоор литр нь 1200 төгрөгт гарах гээд байгаа. Хэрвээ бид замгийн тосоор түүхий эдээ шийдэх юм бол бүр ч бага гарна.
-Аж ахуй нэгж болоод иргэд өөрийн гэсэн төхөөрөмж худалдан авчихвал танайхаас түүхий эдээ аваад өөрсдөө шатахуунаа гаргаж аваад байх боломжтой болох нь ээ. Тоног төхөөрөмж нь ямар үнэтэй байдаг юм бол?
-Өдөрт 150 литр шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж 5-6 сая төгрөгт багтаж байгаа. Ийм төхөөрөмж худалдаж аваад ажиллуулж чадах юм бол хүмүүст нэлээд ашигтай л бизнес болох байх. Өдөрт 150 литрийг үйлдвэрлээд 50 литрийг өөрсдөө хэрэглээд 100 литрийг нь зарлаа гэж бодоход орлого нэлээд л нэмэгдэнэ.
-Газар тариалангийн компаниудыг био дизелиэр хангаад эхлэхээр томоохон нефтийн компаниудтай өрсөлдөх хэмжээнд очих нь ээ?
-Үүнийг төр зохицуулах ёстой. Төр өөрөө нөөцтэй болно гээд байгаа шүү дээ. Тэгэхээр төр том компанитайгаа ярих ёстой. "Танайх 10 хувьдаа био дизель ав. Илүү гарсан нөөц түлшээ улсын нөөцөд өг" гэх ч юмуу. Тэгэхээр аль аль талдаа хэрэгцээтэй. Манайд өнөөдөр үйлдвэрлэгч нефтийн компани байхгүй бүгд л худалдан авагч нар. Хаана хямдхан байна тэрнийг худалдаж авдаг жишгээрээ хямд үнэтэй био дизелийг худалдаад аваад арай ахиу ашиг олох боломж гарч байна.
 -Арай болоогүй байгаа. Бид тэр чиг рүү явах нь буруу. Бид түүхий эдээ сайн боловсруулж гаргаад үүнийг нь улсаас бодлогоор дэмжвэл Монгол Улс өөрсдийн нөөцийг бүрдүүлэх боломжтой.
Д.ЦОГЗОЛМАА