ХАЛААЛТЫН ЗУУХНЫ ТАЛААР
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа халаалтын зуухны газруудын өнөөгийн байдал ба цаашид баримтлах техникийн бодлого.
Зуухны төхөөрөмжийн техник, технологийн байдалд 2009 оны 3,4 дүгээр саруудад Нийслэлийн Агаарын чанарын албанаас үзлэг хийхдээ тогооны нэгж хүчин чадал нь 250 кВт- аас дээш байгаа Халаалтын зуухны газруудыг хамруулж дараах зорилгыг хэрэгжүүлсэн. Үүнд:
1. Галчын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл
2. Шаталтын процессийн автоматжуулалт
3. Үнс баригч төхөөрөмж суурилуулсан байдал
4. Парк бүрдүүлж байгаа гол нэр төрлийн тогооны хийц
5. Харъяалал , өмчийн хэлбэр
6. Гар ажиллагааг механикжуулсан байдал
7. Яндангийн диаметр, өндрийг хэмжих
8. Зуухны газрын байршлын уртраг, өргөргийг тодорхойлох
9 Техник ашиглалтын дүрмийн биелэлт
Монгол Улсад 70 орчим жилийн хугацаанд “Нам даралтын халаалтын зуух” гэсэн өрөөсгөл нэр томъёог хэрэглэж, үр дүнд нь хоцрогдсон техник, технологитой, хоцрогдсон сэтгэлгээтэй мэргэжилтнүүдтэй , хөрөнгө мөнгийг үргүй хяналтгүй зардаг тогтолцоог бий болгосон юм. Энэ буруу тогтолцоог өөрчилж “Бие даасан дулаан хангамжийн систем” гэдэг ойлголтыг бүх шатандаа хэрэглэж ярьдаг, ажилладаг байхыг цаг үе биднээс шаардаж байна. “Халаалтын зуух” гэдэг нэрийн цаана, дулааны сулжээ, дулааны зангилаа, барилгын дотоод халаалтын систем гэсэн эх үүсвэртэйгээ эн чацуу яригдах ёстой хэсгүүд нь бодлогын гадна олон эзэмшилд тарамдаж орхигдсон байдаг. Төвлөрсөн дулаан хангамжийн систем ч, бие даасан дулаан хангамжийн систем ч яг ижил, дараах 4 хэсгээс бүрддэг.
а) Эх үүсвэр б) Дулааны сүлжээ в) Дулааны зангилаа
г) Барилгын дотоод халаалтын систем
Энэ 4 хэсгүүд харилцан уялдаатай тооцоот горимоор ажиллаж байж, үүргээ биелүүлж, найдвартай, хэвийн ажиллах нөхцөл бүрддэг.
Халаалтын зуухны тогооны тухай байнга ярьж, асуудал болгож байдаг, тогоог сольчихвол бүх асуудал шийдэгддэг мэт ойлгодогоос ихээхэн хөрөнгө үргүй зарагдаж, дулаан хангамжийн систем ийн хэсгүүд харилцан уялдаагүй ажиллаж, хоцрогдсон, төгс бус шийдэлтэй технологоос салж чадахгүй байна. Өнөөгийн байдлаар зөвхөн тогоо биш зуухны газрын коммуникаци, туслах тоноглол, шаталтын процессийг автоматаар удирдах, хүнд хүчир гар хөдөлмөрийг механикжуулах, тогоог нам температурын зэврэлтээс хамгаалах, утааны хийнээс механик хольцийг цэвэрлэдэг үнс баригчтай байх, бага цахилгаан зарцуулдаг насосны агрегат суурилуулах асуудлуудыг нэг мөр шийдсэн технологийг оруулж ирээд нийт паркын 18,8%- ийг шинэчлээд байна.Одоо баримталж байгаа “Халаалтын зуухны техник ашиглалтын дүрэм” хуучнаар ЗХУ-ын 10000-20000 кВт нэгж хүчин чадалтай уурын болон усан халаалтын тогоог хамтатгаж оруулсан дүрэм юм. Энэ дүрмийн хэвлэгдсэн хувь олдохгүй ховор болж, ашиглалтын байгууллагын инженер, техникчдийн гар дээр байхгүй байгааг харгалзан бидний ашигладаг 200- 1500 кВт нэгж хүчин чадалтай усан халаалтын тогоонд зориулан “Халаалтын зуухны техник ашиглалтын дүрэм”- ийг өөрийн орны нөхцөлд тохируулан шинээр боловсруулах. “Халаалтын зуухны газрын инженер, техникийн ажилтнуудын гарын авлага”, “Халаалтын зуухны галчийн гарын авлага” боловсруулах, Халаалтын тогооны бодит байдал дээр гаргаж байгаа хүчин чадал, ашигт үйлийн коэффициентийг тодорхойлж, дүгнэлт гаргадаг болох зорилгоор, “Зуухны төхөөрөмжийн дулааны техникийн туршилтын групп” байгуулах, багаж, хэмжүүрээр хангах, хүмүүсийг сургаж, мэргэшүүлэх , халаалтын зуухтай холбоотой “Монгол Улсын Стандарт”, “Барилгын Норм ба Дүрэм” зэргийг боловсронгуй болгох чиглэлээр Японы “Жайка” байгууллагатай хамтарч ажиллах 3 жилийн гэрээ байгуулаад ажиллаж байна.
Энэ ажлыг хэрэгжүүлснээр дотоодод үйлдвэрлэж байгаа халаалтын тогоонуудаас “Монгол Улсын Стандарт”- ын шаардлага хангасаныг нь шалгаруулсны үндсэн дээр үйлдвэрлэх эрх олгох, гадаадаас “Монгол Улсын Стандарт”- д нийцэхгүй тогоог хил, гаалиар ямарч хяналтгүй оруулж ирдэгийг таслан зогсоох, зөвхөн стандартын шаардлагыг хангасан иж бүрдэл зуухны төхөөрөмжийг импортолдог болох зорилтыг бодитой болгох юм.
Бие даасан дулаан хангамжийн системийг маш энгийн, хэн ч бүрэн ойлгодог гэсэн байдлаар ханддаг. Хүүхдийн эмч гэж тусад нь мэргэшүүлдэг шиг бие даасан дулаан хангамжийн системийн инженер, техникч, галчийг амьдралд хэрэгжиж эхэлсэн автомат удирдлагатай, өндөр үзүүлэлт бүхий технологийн тоног тохөөрөмжийн ашиглалт, үйлчилгээнд мэргэшүүлэх, эх үүсвэрийг хариуцсан байгууллага нь нийт системийн ашиглалт, зүгшрүүлгийг бүрэн хэмжээгээр явуулдаг болгох бодлогыг хэрэгжүүлхэд олон бэрхшээл тулгарч байгааг энэ танилцуулгад багтаав.