Гэх мэт олон үйл ажиллагаанд 200 тэр бум төгрөг зарцулахаар төлөвлөсөн байна. Хөрнгө мөнгө зарцуулж байнаа, уг нь. Өмнө нь ч гэсэн янз бүрийн байдлаар мөнгө төсөвлөж, ажил хийсэн. Хамгийн харамсалтай нь утаанаас салахад зориулсан мөнгийг “Цэвэр агаар сан”- ийн өмнөх удирдлагууд шамшигдуулж, хуулийн хүрээнд хэргийг шалгаж эхэлсэн юм. Нөхдүүд 10 гаруй тэр бум төгрөгийн хохирлыг Улсад учруулсан гэж байсан ч эцэстээ 3,7 болж хувирсан. Зарим нь 5 тэр бум ч гэж яриа байсан. Мөнгөний нь тоо гол биш, Утаа бууруулахаар тэмцэж байгаа хүмүүс нь мөнгө төгрөгөө өөрсдийнхөө халаасруу хийчихээд явж байсанд учир байгаа юм. Тиймээс манай сонин энэ удаагийн “Онцлох хуудас”- аараа “Цэвэр агаар сан”- ийнхан ямар хэрэгт холбогдсон, яаж шийдвэрлэгдсэн, хэн юу гэж хэлж ярьсан талаар хөндөж байна.
“Цэвэр агаар сан”-ийнхныг баривчлав. 2013.06.23. Авилгатай тэмцэх газараас Монгол Улсын тусгай сан “Цэвэр агаар сан”- ийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх нарын хэдэн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм. Учир нь, нэр бүхий зургаан хүн утааг бууруулахад зарцуулах мөнгийг өөр зүйлд зарцуулж байна гэсэн мэдээлэл хуулийн байгууллагад ирсэн байдаг. Энэ дагуу АТГ шалгаж үзээд “Цэвэр агаар сан”- ийн захирал Н.Хүрэлсүхийг ажил дээрээс нь, ерөнхий нягтлан бодогч М.Хуланг Дархан-Уул аймагт байх гэрээс нь зургадугаар сарын 23- нд баривчилж саатуулсан юм. Улмаар М.Хулангийн туслах ня-бо Х.Болдмааг баривчилсан. Саатуулахгүй бол хэргийн бодит үнэн байдлыг тогтооход саад учруулж, ул мөрөө баллаж мэднэ гэж мөрдөн байцаагчид үзсэн учир баривчилсан гэж албаныхан тайлбарласан. Ингээд шалгах явцад тэд бүлэглэн төсвийн хөрөнгөөс таван тэр бум төгрөг халаасалсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. Мөн хэрэгт холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хэлтсийн дарга, мэргэжилтэн хоёрыг саатуулан шалгажээ. Байцаан шийтгэх ажиллагааны явцад дээрх таван хүн бүлэглэн “Цэвэр агаар сан”- д гурван тэр бум 56 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байдаг. Захирал асан Н.Хүрэлсүх нь албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн үүсгэн байгуулсан компани болон нэр бүхий гурван аж ахуйн нэгжид сангийн хөрөнгөнөөс ня-бо, нярав, мэргэжилтэн нартайгаа бүлэглэн шилжүүлсэн. Гэрээний харилцааг ашиглан төсвийн мөнгийг хууль бусаар шилжүүлснийг нь тогтоогоод байна. Энэ үйлдэлд нь дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан, 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 273.2 буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэмээн албаны хүмүүс ярьж байна. Гэхдээ сүүл сүүлдээ мөнгөн дүн өсч, хэрэг явдал ч хэдэн тийшээ болсон.
Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батсайхан: Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. 2013.07.03. Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Одоогийн байдлаар гурван тэрбум 56 сая төгрөгийг хувьдаа ашигласан байх үндэслэл тогтоогдоод байна. Цагдан хоригдсон таван хүнд эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан, 273.3 буюу төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр сэжигтнээр татаад байна. 2011 онд “Цэвэр агаар сан” нь “Шарын гол энерго Болд” компанитай түлш нийлүүлэх гэрээ байгуулж, 2,7 тэр бум төгрөг шилжүүлээд, буцааж авч ашигласан, “Шарын гол дулаан” компанитай шахмал түлш нийлүүлхээр гэрээ байгуулж, 240 сая төгрөг, “Хорчихуй булаг” компанид сургалтын төлбөр нэрээр 116 сая, “Экологи анализ инженеринг” компанитай зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ, мониторингийн үйлчилгээ авахаар 373 сая төгрөг зэргийг шилжүүлсэн ч гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй байдаг. Өөрөөр хэлбэл дээрх мөнгийг өөрсдийн үүсгэн байгуулсан компаниудын дансруу хуурамч гэрээ байгуулан шилжүүлж, эргүүлээд үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг худалдан авдаг байсан нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ бол тэдний үйлдсэн гэх хэрэг ямар учиртай, хааш нь яаж мөнгө шилжүүлсэн, хэн холбогдов гэдгийг прокурорын газраас өгсөн мэдээлэл юм.
“Цэвэр агаар сан”- удирдлагуудын хэргийг прокурорт шилжүүлэв. 2013.11.17.
Ерөнхийдөө хэрэг зургадугаар сард эхэлтж, АТГ- аас шалган улмаар эрүү үүсгэсэн. Түүнээс хойш долоон сарын дараа хэргийг прокурорт шилжүүлсэн юм. Тухайн үед “АТГ- аас ЦАС- ийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий ня-бо М.Хулан, түүний туслах ня- бо А.Болдмаа болон БОНХЯ- ны зарим албан тушаалтантай холбоотой албан тушаалаа ашиглан таван тэрбум орчим төгрөгийг завшсан хэргийг прокурорт шилжүүлсэн” гэсэн мэдээлэл гарч байсан. Эхэндээ гарч байсан 10 тэрбум, албаны хүмүүсийн хэлж байсан 3,7 тэрбут төгрөг ийнхүү хэд хэдэн янзаар хувирсаар байсан. Ямарч байсан 2013 оны11 сарын 17- ны өдөр “Цэвэр агаарын сан”- ийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий ня-бо М.Хулан, туслах ня-бо А.Болдмаа нар 2011 онд “Шарын гол энерго Болд” компанитай түлш нийлүүлэх гэрээ байгуулж 2,7 тэрбум төгрөг шилжүүлээд, буцааж авч ашигласан. “Шарын гол дулаан” компанитай шахмал түлш нийлүүлэхээр мөн гэрээ байгуулж 240 сая төгрөг, “Хорчихуй булаг” компанид сургалтын төлбөр нэрээр 116 сая, “Экологи анализ инженеринг” компанитай зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ, мониторингийн үйлчилгээ авахаар 373 сая төгрөг зэргийг шилжүүлжсэн ч гэрээнд тусгагдсан зориулалтаар ашиглаагүй. Өөрөөр хэлбэл дээрх мөнгийг өөрсдийнхөө үүсгэн байгуулсан компаниудын дансруу хуурамч гэрээ байгуулан шилжүүлж, эргүүлэн үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг худалдан авдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон учир Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн юм.
Хэргийг Шүүхэд шилжүүлэв. 2013.12.04.
Хэргийг прокурорт шилжүүлээд 20 гаруй хоносоны дараа яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Прокуророос “ЦАС”- ийн удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2, 150 дугаар зүйлийн 150.2, 262 дугаар зүйлийн 262.2, 272 дугаар зүйлийн 272.2, 269 дугаар зүйлийн 269.2- заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар 2014 оны нэгдүгээр сарын 20- ны өдөр анхан шатны шүүх хурал болох байсанч зарим шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Мөн хавтаст хэрэгтэй өмгөөлөгчид нь танилцаж амжаагүй байгаа гэсэн шалтаг ч хэлж байсан юм. Улмаар нэгдүгээр сарын 27- ны өдөр шүүх хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, шүүх бүрэлдхүүн, Улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийг оролцуулан нээлттэйгээр хянан хэлэлцэхэд шүүгдэгч М.Хулангийн өмгөөлөгч Б.Энхзаяа нь шүүх бүрэлдхүүнээс татгалзах хүсэлт гаргасан. Ингэснээр шүүх хурал хоёрдахь удаагаа хойшилсон.
Н.Хүрэлсүх даргад найман жилийн хорих ял оноолоо. 2014.02.12:
Удаа дараа хойшлоод байсан “Цэвэр агаар сан”- ийн экс захирал Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Хорих 461 дүгээр ангид гурван өдөр үргэлжилсний эцэст 12- ны өдөр шийдвэрээ гаргасан. Шүүх бүрэлдхүүн 6 цаг гаруй зөвлөдсөний эцэст Н.Хүрэлсүхэд 8 жил, ня- бо М.Хуланд 7 жил, аудит Б.Даваабаатарт 7,1 жил, БОНХЯ- ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд 5,1 жил, Чимид-Эрдэнэд 5,1 жилийн хорих ял тус тус ногдуулсан. Харин шүүдэгч Алтантуяад нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан бол Б.Алтантуяа, М.Алтанбагана, Ж.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм. Дээрх хүмүүс “Цэвэр агаарын сан”- ийн хөрөнгөнөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК- ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК- ийн дансаар, 1.454.079.500 түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК- ийн дансаар, 100.000.000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ”- ийн дансаар, 2011 онд 240.000.000 төгрөгийг түлш нийлүүлэх нэрээр “Шарын гол дулаан” ХХК- ийн дансаар гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 1.931.519.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохиролыг Улсад учруулсан байна. Энэ хэргийн гол гэмтэн гэгдээд буй ня-бо М.Хуланд 7 жилийн хорих ял ногдуулсанаас гадна 4,5 тэрбум төгрөгийн хохиролыг Улсад нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин “Цэвэр агаарын сан”- ийн экс захирал Н.Хүрэлсүхийн хувьд дээрх мөнгөнөөс идсэн гэдгийг шүүх нотлоогүй учир түүнд ямар нэгэн мөнгөн торгууль ногдуулаагүй юм.
Сэтгүүлчийн өнцөг
Н.ПУНЦАГБОЛД. Мөнгө идээгүй хүнийг яагаад яллав
“Цэвэр агаарын сан”- ийн удирдлагууд болоод бусад 11 хүнд холбогдох хэрэг бараг л бүтэн жилийн турш үргэлжилсний эцэст сая нэг юм анхан шатны шүүх хурал боллоо. Хэрэг ямар дарааллаар үргэлжилсэн талаар дээр дурдсан. Тиймээс дахин давтаад байх шаардлагагүй. Харин тэдэн өгсөн ял хэр шударга байв гэдгийг л дүгнэж хэлэх гэсэн юм. Ер нь бол нөхдүүдэд өгсөн ял ихэдлээ гэж хэлэхээргүй. Гэхдээ зарим нэг эрх мэдэлтнүүдийн өдүүлсөн хэргийн дэргэд өчүүхэнд тооцогдохоор мөртлөө өндөр ял авлаа гэж ч харж болох юм. Хоёр талаас нь харвал шүү дээ. Гэхдээ Монгол Улсын шүүх, хуулийнхан үнэхээр сайн ажиллалаа. Улсын төсөв буюу ард түмний татварын мөнгийг “идэж”, онц их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг сайн хашрааж, гишгэх газаргүй, харах нүүргүй болгох хэрэгтэй. Дараа дараачийн хүмүүст, тэр дундаа төрийн албанд. Өндөр албан тушаал хашиж байгаа гүйцэтгэх албаны нөхдүүд сайн мэдэрч аваг. Хэрвээ төрийн төсөв, хөрөнгөнөөс хумсалбал ямар ял авдаг юм. Ард түмэн, засан төр яаж шийтгэдэг юм гэдгийг үлгэрлэх цаг болсон. Тэр үүргээ ч сайн биелүүллээ гэж бодож байна. Тиймээс шүүх жинхэнэ утгаараа шударга ажиллаа гээд магтчихъя. Үүнээс хойш, түүнээс цааш хэн нэгэн гүйцэтгэх албаны нөхөр улсын өч төчнөөн хөрөнгө шамшигдуулж, үнэтэй машин авч унаж, байр сав худалдаж авахгүй байх гэж найдаж байна. Хэрвээ тэгвэл бүр ч их ял өгч, хашраах хэрэгтэй. Гэхдээ энэ хэргийн явцад нэг зүйлийг ойлгох гээд болсонгүй. Юу гэвээс “Цэвэр агаарын сан”- ийн захирал асан Н.Хүрэлсүхийн холбогдсон хэрэг. Мань хүнийг эхэндээ хамгийн гол хэрэгтэн нь мэтээр дүгнэж, ярьж хэлж байв. Гэтэл шүүх хурал болсны дараа Н.Хүрэлсүх даргыг мөнгө “идсэн” гэдгийг шүүх нотолж чадсангүй. Тэгсэн мөртлөө найман жилийн ял оноочихлоо. Энэ хуулийн ямар ойлголт вэ. Хэдийгээр мөнгө “идсэн” гэдгийг тогтоож чадаагүй ч гэсэн түүний удирдлага дор байсан ажилчид нь гэмт хэрэг үйлдсэн. Мөнгө төгрөг идсэн нь үнэн. Тиймээс ажилчдаа хянаж чадаагүй гэдэг утгаар нь ял оноосон байж ч болох. Хэрвээ тэгсэн бол найман жил арай л ихэдмээр санагдаад байна. Хариуцлага алдсан гэдэг утгаар нь ганц хоёр жилийн ял өгөөд өнгөрөх байсан юм биш үү. Шүүх мөнгө идсэн гэдгийг баталж чадаагүй байж ийн хатуурхсан нь жаахан сонирхолтой санагдлаа. Гэхдээ тэд анхан шатны шүүх хурлын дүнг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах байх. Тэгвэл нийслэлийн шүүх ч арай өөр шийдвэр гаргаж магадгүй юм. Юу ч гэсэн асуудал хаа хүрэхийг харж байхаас.